Төр түмний нэрээр халхавч хийн төсвийн мөнгө хөрөнгийг идэж уудаг байдал энэ жилээс цаашлаад багасах болов уу гэсэн найдлага байгаа. Учир нь Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн.Ер нь бол хууль зөрчиж, хэдэн тэрбумаар нь завшсан нөхдүүдийн хэрэг илэрдэг ч, хор хохирлыг нь барагдуулах болохоор багахан хувийг нь л өгөөд салдаг жишиг тогтсон гэхэд болно. Тухайлбал, Татварын Ч.Гансүх, "Цэвэр агаар сан"-гийн Н.Хүрэлсүх нарыг дурдаж болно.

Ч.Гансүхийн хэрэг хэрхэн шийдэгдэв
Ч.Гансүхийг ТЕГ-т 21 жил ажиллахдаа сүүлийн 12 жилд нь Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг хашихдаа хуучин пальтоноосоо салдаггүй, явган алхаж ажилдаа ирдэг, өмсөж зүүсэн нь энгийн нэгэн дарга байсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байв.

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар Ч.Гансүхийн гэх хэрэг үүссэн байдаг.
Мөн түүнийг “таван тэрбум төгрөгийн үнэтэй нууц амрагтай” хэмээн хэвлэлээр нэг цоллож байсан билээ. Тэрбээр ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн рүү хүүгийнхээ данснаас 5 тэрбум төгрөг шилжүүлэх гэж байсан хэмээн шар хэвлэлээр шуугисан.
Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний хүү Г.Ганзул, түүний эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг шалгасан. Түүнийг шалгасан найман сарын хугацаанд эхлээд Төв аймгийн мөрдөнд хорьсон. Дараа нь Зүүнхараагийн саатуулах байранд эцэст нь Цагдан хорих 461 дүгээр ангид тус тус хорьсон байдаг.
“Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэгдэж байлаа. Тэрээр өөрийн нууц амраг болох байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 6-7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулсан, Японд сурдаг эхнэрийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн, энэ хэрэгтээ аав, эгчийгээ татан оролцуулсан гэгдэж байв.
Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, худал мэдүүлэг өгөх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахууль авах, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх зэрэг олон үндэслэлээр буруутгаж шүүхээс Ч.Гансүх нарт чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан байдаг.
Ч.Гансүх 17 тэрбум төгрөг ашиглажээ гэсэн сенсаациар эхэлж байсан уг хэрэг дээд шүүхээр шийдэгдэхэд Ч.Гансүхээс хохиролд гаргах мөнгө 1.5 тэрбум болж төгссөн билээ.
Н.Хүрэлсүх нарын хэрэг
"Цэвэр агаар сан" төсөл нь Улаанбаатар хотыг утаагүй болгох Шинэчлэлийн засгийн газрын томоохон ажлуудын нэг байсан. Энэ ажилд тэрбум, тэрбумаар нь яригдах хэмжээний мөнгө зарцуулагдах тухай яригдаж байв.

Энэхүү төсөлд хамгийн их үүрэг оролцоотой байсан хүн нь төслийн дарга Н.Хүрэлсүхийг хэмээн нэрлэж түүнийг хуурамч аж, ахуйн нэгжийн нэр дээр тулгуурлан, материал бүрдүүлсэн төслийг баталж, мөнгө угаах урсгалыг нээсэн хэмээсэн байдаг. "Шар голын дулаан" компанийн нэрээр түлш нийлүүлэх гэрээ хийж 2011 онд 300 орчим сая төгрөгийг авч ашигласан ба Н.Хүрэлсүх дээрх хэмжээний санхүүжилт олгох төлбөрийн хүснэгтэд гарын үсгээ зурсан нь давхар баталгаажсан гэнэ. Энэ тухай түүний удирдлагад ажилладаг ажилчид нь мөнгийг нь машинаар зөөн хүргэж өгсөн талаар өгүүлжээ.
Мөн "Цэвэр агаар сан"-гийн нягтлан бодогч М.Хулан гэгчийн дүү М.Амгалангийн нэр дээр бүртгэлтэй "Хорчихуй булаг" компанийн дансаар дамжуулан 200 орчим сая төгрөгийг 6-7 удаагийн үйлдлээр гаргасан гэж нэгэн хэвлэлд дурдсан байна.
Тэр өөрийнхөө үүсгэн байгуулсан "Экологи Анализ Инженеринг" компанид "Цэвэр агаар сан"-гаас 100 сая орчим төгрөгийг "Агаарын бохирдол буруулах ажилд зарцуулахаар" хэмээн төсөвлөн илгээсэн гэдэг. Энэ мэтчилэн мөнгөний асуудалтай паянгууд уван цувсаар Н.Хүрэлсүх шүүхийн эцсийн шийдвэрээр бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргээр 7 жилийн хорих ял сонссон юм.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна