4 удаа ”унасан” Б.Мэдрээтэй танилц!
2015/01/06

Сайд Р.Бурмаа гишүүн байхаас татгалзаж, дан дээлтэй суухыг илүүд үзсэн гэх мэдээллийн араас спикер З.Энхболд “Р.Бурмаа надад өргөдлөө өгөөгүй байгаа” гэж хэлсэн. Гэхдээ энэ нь Р.Бурмаа дан дээлтэй болохыг хүссэн нь худлаа гэсэн үгүйсгэл биш. Албан ёсны бичиг цаас нь УИХ-ын даргад очоогүй гэсэн утга болов уу. Ер нь бол тэгээд Р.Бурмаа явахаар болвол түүний оронд хэн гишүүнээр суух вэ гэдэг асуудал анхаарал татсан асуудал болж таарч байгаа.  Тэр нэгэнтээ намын  бүлгийн хурал дээрээ хүслээ хэлчихсэн. Тиймээс нэг талаас  АН-ын бүлэг асуудлыг хэлэлцэж хариу өгөх ёстой болоод байгаа. Түүнчлэн парламент дахь цөөн хэдэн эмэгтэй гишүүдийн нэгийг явуулчихаар оронд нь эмэгтэй гишүүн суулгах уу гэдэг асуудал бий. Р.Бурмаа өөрөө бол эмэгтэй гишүүдийн квотын талаар   "-УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог одоогийнхоос илүү нэмэх хэрэгтэй. Ингэхийн тулд эмэгтэйчүүд илүү сонгуульд өрсөлдөх боломжийг хангах хэрэгтэй... Эмэгтэйчүүд улс төрд байх нь хэрэгтэй юу, үгүй юу. Ер нь эрчүүдийн ажил гэх сэтгэл зүй нийгэмд байдаг. Түүнийг эвдэж одоогийн байгаа 11 эмэгтэй гишүүн намын харьяалал үл харгалзан нэгдэж нийгмээс хүлээгээд байгаа хуулиуд дээр бие биеэ дэмжин ажиллаж байна. Эмэгтэйчүүд УИХ-д орсон нь үр дүнтэй гэсэн хүлээлтийг бид бататгаж ажиллахыг зорьдог. Бид 11-ийн хэр зэрэг сайн ажиллаж байгаагаас дараагийн эмэгтэй гишүүд олон болох эсэх нь шалтгаална. Тиймээс том хариуцлага хүлээж байгаа юм. Эмэгтэй гишүүд нэгдэж ажиллаж чаддаг.” гэхчлэн ярьж байсан.

Тэр үүднээсээ бол Р.Бурмаа буулаа гэхэд өөрийнхөө оронд эмэгтэй гишүүн суулгая гэж хэлж ярьвал бас болохоор. Гэхдээ УИХ бол ард түмний сонголтоор бүрдэх учиртай ч, манайд жагсаалт гэж нэг халхавч бас гарч ирсэн нь шүүмж дагуулж ирснийг энд бас хэлье.Түүнчлэн АН Р.Бурмаагаа явууллаа гэхэд оронд нь АН-ын 2012 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад нэр бичигдсэн нөхдүүдээс суулгана гэхээр ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн нэр илүү тод яригдаж буй юм. Энэ дашрамд тэрхүү жагсаалтыг эргэн сануулахад:

1.    Н.Алтанхуяг                                  14.    А.Гансүх                       27. Ц.Оюундарь              

2.    З.Энхболд                                     15.    Г.Байгальмаа             28. Б.Ариунболд нар жагссан                           

3.    Х.Тэмүүжин                                   16.    П.Ганхуяг

4.    Ч.Сайханбилэг                               17.    Х.Батырбек

5.    Д.Эрдэнэбат                                  18.    Р.Эрдэнэбүрэн                                                         

6.    Ш.Түвдэндорж                               19. З.Нарантуяа

7.    Р.Бурмаа                                        20.  Ж.Батболд  

8.    Ц.Баярсайхан                                21.    С.Сувдаа                                                                                               

9.    Р.Гончигдорж                                22.  Л.Пүрэвсүрэн

10.    М.Батчимэг                                  23.   Ц.Энхтуяа

11.    Б.Мэдрээ                                      24.  Б.Баттүвшин  

12.    Л.Гансүх                                       25.  Д.Үүрийнтуяа

13.    Б.Ургамалцэцэг                           26.  Б.Батбилэг

Харин эдгээр нөхдүүдээс Б.Мэдрээг суулгаж таарна гэсэн прогноз илүү давамгайлж байна. Б.Мэдрээгийн тухайд 2000 оны сонгуулиас хойш  УИХ-ын сонгуульд дөрвөнтөө нэр дэвшээд өвдөг шороодсон.  2012 оны сонгуулиар намын жагсаалтад дээгүүрт жагссан биш  Монголбанкийг толгойлох хэмжээнд нэр нь яригдаж байсан нэгэн. Банкирын хувьд бол түүнтэй нэг их юм яриад байх хэрэггүй гэж мэргэжлийн хүрээнийхэн нь дүгнэдэг.

Б.Мэдрээ өөрийгөө Монголбанкийг залж чадах хүн гэж харж ирсэн. Гэхдээ түүнд боломж олдоогүй. Түүнийг Ерөнхийлөгчөөр тавих эсэх асуудал яригдсаны дараахан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг Ерөнхийлөгчөөр суулгасан билээ. Харин Б.Мэдрээ Н.Золжаргалын тухайд  “Монголбанкинд Н.Золжаргал очоод хэн ч биш гэдгийг би ойлгосон.” хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр УИХ-ын сонгуульд дөрвөнтөө өвдөг шороодож явсан, Монголбанкны Ерөнхийлөгчийн суудалд санаархаад бас бүтэлгүйтсэн Б.Мэдрээ гэж нөхөрт хүрд эргүүлэх боломж олдох эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин