Өнөөдөр УИХ дахь Ардчилсан нам бүлгийн хурлаа хийсэн. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр дан дээлтэй байж зөвхөн сайдын ажлаа хийхээр шийдсэн аж. Харин түүний шийдвэрийг АН-ын бүлэг хэлэлцэж хариу өгөх гэнэ.
Тэгэхээр улстөрд өөрийнхөөрөө байна гэж дөргүй бух шиг зүтгэж чадахаа харуулаад авсан Р.Бурмаа гишүүн биш болвол парламент дахь цөөн хэдэн эмэгтэй гишүүдийн хүч улам саарах уу гэдэг асуудал гарна. Тэрбээр эмэгтэй гишүүдийн квотын талаар "-УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог одоогийнхоос илүү нэмэх хэрэгтэй. Ингэхийн тулд эмэгтэйчүүд илүү сонгуульд өрсөлдөх боломжийг хангах хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн зардал асар их байдаг. Сонгуульд мөнгөтэй хүмүүс ордог. Энэ нь нэг талаараа эмэгтэйчүүдийг улс төрд орохоос айлгаж байна. 2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарцуулсан гэж тайлагнаж байсан бол 2012 онд 200 сая төгрөг зарцууллаа гэсэн дүн гарсан. Тэгэхээр арав дахин нэмэгдсэн байна. Ийм хэмжээний мөнгөөр сонгуульд оролцоно гэдэг эмэгтэйчүүдэд маш том бэрхшээл болж байгаа юм. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд улс төрд байх нь хэрэгтэй юу, үгүй юу. Ер нь эрчүүдийн ажил гэх сэтгэл зүй нийгэмд байдаг. Түүнийг эвдэж одоогийн байгаа 11 эмэгтэй гишүүн намын харьяалал үл харгалзан нэгдэж нийгмээс хүлээгээд байгаа хуулиуд дээр бие биеэ дэмжин ажиллаж байна. Эмэгтэйчүүд УИХ-д орсон нь үр дүнтэй гэсэн хүлээлтийг бид бататгаж ажиллахыг зорьдог. Бид 11-ийн хэр зэрэг сайн ажиллаж байгаагаас дараагийн эмэгтэй гишүүд олон болох эсэх нь шалтгаална. Тиймээс том хариуцлага хүлээж байгаа юм. Эмэгтэй гишүүд нэгдэж ажиллаж чаддаг. Хэрэв та бүхэн анзаарч байгаа бол эрчүүд намчирхаад хоорондоо үзээд байхад эмэгтэйчүүдийн бүлэг ялангуяа нийгмийн талын асуудалд дуу хоолойгоо нэгтгэж, хамтарч ажилладаг. Энэ нь сайн ёс зүй, эрх ашгийн эрэмбийг яаж тавьж байна вэ гэдгийг харуулж байгаагийн илрэл. Бидний хувьд намын эрх ашиг гэдэг нь нийтийн, ард түмний, улсын эрх ашгийн дараа ордог гэж үздэг учраас нийгмийн нийтийн чанартай асуудалд эмэгтэй гишүүд нам үл харгалзан нэгдэж чаддаг." хэмээн ярьж байсан юм.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна