Хэнийг ч дуурайж, хөлөө хөлдөөхгүй!
2015/01/05

Шинэ он, шинэ засаг, Шилэн дансны тухай шив шинэ хууль гээд шинэ юм олон байна. Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн саруудад Шилэн дансны ач холбогдлын тухай багагүй ярьсан. Энэ  хууль амьдралд мөрдөгдөж, хэрэгжсэнээр зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан буруу замаар будаа тээх боломж ч эрс хумигдана, Монголын нийгэмд ужгирч, хуримтлагдсан олон асуудал шийдлээ олно. Шийдвэр гаргагчид хариуцлагажиж, ёстой л долоо хэмжиж, нэг огтолдог болсноор төрд итгэх түмэн олны итгэл сэргэнэ, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн итгэлийг олоход ч тустай болно гэх зүйлийг албаны хүмүүс хэлээд байгаа. Ер нь бол төсвийн сахилга сайжирч, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний өдөр тутмын хараа хяналтад орно гэх ойлголтыг олон нийт аваад байна.

Тэгвэл  “Шилэн данс”-ны тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу  бол нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээгээд буй. Түүнчлэн  Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөгөөнөөр “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны харъяа байгууллагууд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй ил тод явуулах бэлтгэл ажлыг 2 дугаар сарын 1-н  гэхэд дуусгахыг үүрэг болгоод байна. Хэрэв заасан хугацаанд бэлтгэл хангаагүй бол байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Эхэнд хэлсэнчлэн Ерөнхийлөгч Шилэн дансны тухай нэлээд зүйлийг хэлснээс ишлэн хүргэх нь цагаа олсон хэрэг болов уу. Тэр хэлэхдээ“Шилэн данс”-ны тухай хууль гарсан нь ямар учир утгатай юм бэ гэдгийг хэлье. Бид хэн нэгнийг дуурайгаагүй. Гадаадын улс орнууд хийгээд байгаа болохоор, олон улсын байгууллагууд яриад байгаа болохоор Монгол дуурайх гэж хийсэн юм биш ээ. Энэ нь Монголын төрийн уламжлалтай холбоотой. Монголчууд төр улсаа байгуулж явж байхдаа төр түмний хөрөнгө, тэнд төвлөрсөн сангийн зарцуулалтад онцгой анхаардаг байсан. Монголчууд эзэнт гүрнээ байгуулж, Их засаг хуулиа гаргасан. Их засаг хуульд олон түмний хөрөнгө, төрийн хөрөнгө, тэдгээртэй түшмэдүүд яаж харьцах, тэндээс завшихгүй байх тухай, хэрвээ завших юм бол,  тэр хуулийг зөрчих юм бол ямар хариуцлага ногдуулах тухай тодорхой заасан байдаг. Шууд цаазаар авч хүртэл шийтгэдэг байсныг та бүхэн мэднэ. Шууд хааны тушаалаар, хааны эрх өгсөн хүний шийдвэрээр тэр этгээдүүдтэй хариуцлага тооцдог байсан. Зөрчил гаргасан түшмэлийн эрхийг, тухайн алба хаах эрхийг нь шууд хасдаг байсан. Энэ нь Монголын төрийн уламжлал юм. Монголын ард түмний төрөөсөө хүсдэг зүйлийг одоо бид өнөөгийн нөхцөлд хуульчилж хэрэгжүүлэх гэж байна.

Ардын хувьсгалын үеийн кинонуудыг та бүхэн бүгдээрээ мэднэ. Феодалын хөрөнгө хурааж авч байгаа тухай, цэргүүд дотроос нэг нь тэндээс толгой торго аваад гүйж байгаа, түүнийг нөхөд нь буцааж тавиулж байгаа тухай гардаг. Наадах чинь олон түмний өмч, наана чинь хяналт байна, ингэж асуудлыг шийднэ гээд хэлж байдаг шүү дээ. Ерөөсөө Монголын газар нутаг дээр байгуулагдсан цагаасаа аль ч засаг эхлээд энэ хөрөнгийг, энэ юмыг яаж зарцуулах вэ, хэн ямар эрхтэй, хэн ямар үйлдэл гаргавал хуульд буруу гэж тооцох юм гэдэг дүрэм журмыг гаргаж ирж мөрдөж явсан байдаг. Айл гэр дээр ч аваад үзэж болно. Ээж нь хүүхдээ дэлгүүр лүү хэдэн төгрөг өгч гүйлгээд ирэхэд нь заавал хариулт мөнгө  хаана байна гэж асуудаг. Айл гэрт хүртэл ийм маягаар хэвшсэн зүйл. Хариулт мөнгөө авчраагүй, хариулт мөнгөө буруу зүйлд зарцуулсан байвал эцэг эх нь загнаж байдаг. Гэтэл бид мянган төгрөгийн хойноос сүйд болдог мөртлөө тэрбум төгрөгийн зарлагыг харахгүй суусаар удаж байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Хэдэн мянган төгрөг нэгэндээ зээлүүлээд түүнийхээ хойноос гүйдэг мөртлөө та нар хэдэн тэрбум, хэдэн их наяд төгрөгийн тухай ярихад хараагүй, сонсоогүй юм шиг өнгөрөөдөг. Монголд ардчилал байдаг юм бол, үнэхээр энэ ард иргэдийнхээ хүсэл сонирхлоор удирдуулсан ийм төр байгуулж байгаа юм бол ингэж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад энд сууж байгаа бүх хүн, хуулийн этгээдүүд, төсвийн байгууллагын ажилтнууд ард түмний өгсөн мөнгөөр л тэжээгдэж байгаа. Би ард түмний өгсөн мөнгөөр цалин авч, машин унаад явж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Тэр цалин өгч байгаа чинь миний чамд өгөөгүй олон нийтэд зарцуулах мөнгө төгрөгийг зөв зарцуулаарай гэсэн гол утга агуулж байдаг юм. Аливаа төрийн  хамгийн гол үүргийн нэг нь ч энэ шүү дээ. Шийдвэр, хууль гаргадаг, дараа нь түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой. Хоёр дахь гол үүрэг нь төсөв. Төсөв баталдаг. Үндсэн хууль, бусад хуульд ч бүгдийг нь заагаад өгсөн байгаа. Тийм учраас энэ ажлаа бид  хийж байгаа юм гэсэн.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлснээр хэнийг ч дуурайж, хаанаас ч хуулаагүй хуулийн  үр шимийг үзэхээр бид замдаа ийн гарлаа.

Б.Сар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин