Дорнын хүмүүс “Тавантолгой”-д
2015/01/05

“Тавантолгой” төсөл Монгол, Хятад, Япон гурван улсын компанийн хамтарсан түншлэлийн менежмэнтээр урагшлахаар болсон билээ. Тэгвэл өнөөдрөөс албан ёсны хэлэлцээр эхлэх товтой байгаа. Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргаад олон улсын уралдаант шалгаруулалт зарлаж, 6 компанид урилга хүргүүлснээс  хоёр компаниас санал ирүүлж, бусад нь талархлаа илэрхийлсэн захидал ирүүлж,  "Пибоди" болоод “China Shenhua Energy”, “Sumitomo corporation”, “Энержи Ресурс” гэсэн компаниуд нийлж нэгдэн орж ирэхээр болсныг цаашлаад Тавантолгойн хэлэлцээрт харилцан ашигтай стратегийг баримтална  гэдгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн. Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох, хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсэг  мэдээлэл хийснийг хүргэж байна.

                                    Мега төслийг хариуцсан сайд гэдэг нь тохиолдлынх биш гэв

 

Тавантолгой бол мегатөсөл. Мегатөслийн онцлог нь нийгэм, эдийн засгийн маш чухал ач холбогдолтой учрааас олон нийтийн анхаарал татдаг, улс төрчдийн анхаарлыг татдаг. Дээд зэргийн улс төржилт дагуулдаг, хардлага сэрдлэг дагуулдаг. Шийдэх орчин, эрх зүйн орчин нь төгс болчихоогүй. Дэд бүтцийн орчин сайн биш, их олон оролцогчидтой. Олон оролцогчидтой гэдэг утгаараа сонирхолын огтлолцол, зөрчил ихтэй. Ийм олон шинжтэй болохоор мегатөсөл гэж тодорхойлдог юм.   Тийм ч учраас мегатөсөл хийгдэхээсээ эхлээд хэрэгжиж дуусах хүртлээ мэдээллийн ил тод байдлыг зайлшгүй шаарддаг. Түүнчлэн дэлхийн хэмжээний төслүүд яаж явагддаг яг тэр арга зүйг баримтлаад ажиллахыг эрмэлзэж байна. Үүний нэг нь мэдээлэл ил тод байх явдал юм.

УИХ, Засгийн газрын шинэ бүтэц, зохион байуулалтыг хийхдээ мега төслийг хариуцсан Монгол улсын сайд байя гэж шийдсэн. Би үүнийг тохиолдлын биш гэж бодож байна. Учир нь дэлхийд яригдаж байгаа том мегатөслүүдийн 2/3 нь унадаг, 1/3 нь л амжилт олдог. Энэ утгаараа өнөөгийн ертөнц дээр мега төсөл бол баялгийг бүтээхээс илүүтэй, баялгийг  утсгагч болоод байгаа юм. Тийм ч учраас мегатөсөлд болгоомжтой хандах, шинжлэх ухааны үндэстэй хандахын тулд бүхий л орон бүхий л компаниуд эрмэлзэж байна. Энэ эрмэлзлийн нэг хэлбэр болж Монгол Улсын Их Хурал энэ том төслүүдийг анхааралдаа төвлөрүүлж харьцаж байхаар Монгол Улсын Сайд гэсэн орон тоо бий болгосон байх гэж би бодож байна.

 Таван толгойн хөрөнгө оруулагчийг тодруулах энэ уралдаант шалгаруулалт үнэн хэрэг дэрээ таван жил  үргэлжилж байгаа юм. Хугацааны хувьд авч үзвэл 2010 онд энэ уралдаант шалгаруулалт эхэлсэн.  Олон компаниуд оролцсон. Тэр үед нүүрсний үнэ их өндөр байсан. Ер нь мегатөсөл шийдвэр гаргахдаа зах зээлийн суперциклийн үед гаргадаг гэдэг нь бараг жам юм. Үнийн өндөр өсөлттэй, суперцикл дээр их олон компаниуд Тавантолгой төсөлд хөрөнгө оруулъя, мөнгөө хийе гээд гүйлдэж байсан нь үнэн. Гэхдээ тэр суперциклийн моментыг бид нар ашиглаж чадаагүй. Одоо суперцикл нь уначихсан, нүүрсний үнэ унасан ийм нөхцөлд уралдаант шалгаруулалт тав дахь жилийн нүүр үзэж байна.

 

               Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд шалгарсан

Шалгарсан консерциумыг харин ч их боломжийн консерциум бий болчихсон юм уу даа гэж М.Энхсайхан өөрөө харж байгаа гэдгээ хэлсэн. Тэрбээр “Яагаад гэвэл маш том үйлдвэрлэлийг хийх гэж байна. Маш том тээвэрлэлт хийх гэж байна. Маш том борлуулалт хийх гэж байна. Яг энэ чиглэлээр аль алийг нь мэддэг дэлхийн хэмжээний том компаниуд нэг консерциум болсон байна гэж хэлмээр байгаа юм. Жишээлбэл “China Shenhua Energy” группын өнөөдрийн зах зээлийн үнэ цэнийг интернетээр хараад үзвэл 60 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй компани байна. “Sumitomo” гээд Японы энэ компанийг харахад зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум ам.долларын үнэтэй үнэтэй компани байна. “Энержи ресурс” мэдээж дээрх хоёртойгоо харьцахгүй ч гэсэн 500 сая долларын үнэ цэнэтэй.

 Энэ компаниуд бүгдээрээ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Хөрөнгийн биржд бүртгэлтэй компаниуд гэж юу вэ гэвэл энэ компаниуд өөр хоорондоо зөвхөн англи, япон, хятад хэлээр ойлголцох тухай биш бүгдээрээ дундаа бизнесийн нэг хэлтэй юм шиг харагдаж байгаа юм. Бизнесийн нэг хэлтэй байна гэдэг маш чухал. Яагаад гэвэл хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьд хэрхэн нягтлан бодохоо хөтлөх үү, хэрхэн яаж олон нийтийн хувьцаа авах уу,  хэрхэн хяналт  тавих уу зэрэг энэ бүх шалгуур өөрөө маш том үзүүлэлт.

 “China Shenhua Energy” компанийн хувьд гэвэл өөрийн төмөр замтай, өөрийн үйлдвэрүүдтэй, өөрийн том борлуулах зах зээлтэй, асар том компани энэ тухай бол ярих юм байхгүй. Японы “Sumitomo” компани бол мөн  Ази, Номхон далайн бүс нутагт нүүрс болоод бусад ашигт малтмалын борлуулагч том тоглогч, мөн том компани. Монголын “Энержи ресурс” Монголдоо хэнтэй ч харьцуулшгүй том туршлагатай, 15 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцыг барьсан, хамгийн гол нь нийгмийн арга хэмжээг маш сайн зохион байгуулсан компани байдаг.” гэсэн юм.

 

Засгийн газраас тавьсан хатуу нөхцөлийг хүлээж авсан

  Уралдаант шалгаруулалтын нөхцөлийг эдгээр компаниуд, ялангуяа гадны компаниуд маш сайн хүлэээж авсан гэж тэр хэллээ. Шалгарсан консерциумын тавьсан саналын талаар дараах мэдээллийг өгсөн юм.  

• Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх,

• Нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийх,  нөөцийг нэмэгдүүлэх үүрэг авах,

• Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах,

• Төмөр замыг барьж, өмчилж, ашиглаж, Монголын төрд буцааж өгөх. 30 жилийн дараа суурь бүтцийг  51 хувийг төрийн өмчит үнэ төлбөргүй шижүүлэх,

• 2,5 жилд Тавантолгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих,

• Чалкогийн өрийг шийдвэрлэх гэсэн санал тавьсан.

 Мөн “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК дээр бас олон асуудал байгаа. Зөвхөн өр зээлийн асуудал биш монголын ажилчид, монголын олон сайхан мэргэжилтнүүд тэнд ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг энэ төсөлд авч ажиллуулъя, нийгмийн асуудалд нь оролцоё гэдэг санал илэрхийлсэн. Энийг би сайхан санал хэлсэн гэж бодож байна. Хэрвээ Монголын Засгийн газар хүсвэл эргэн суутгаж авах нөхцөлтэйгөөр 250-300 тэрбум төгрөгийг урьчилгаа болгож өгч болох юм. Гэхдээ энэ хэлэлцээний асуудал гэж санал оруулж ирсэн байна.Энэ бүгдээс авч үзвэл Засгийн газрын 268-р тогтоолд тавьсан шаардлагуудыг энэ гурван том компанийн  консерциум хангаж байна гэлээ.

Түүнчлэн уралдаант шалгаруулалтын нөхцөлүүд бол нэлээд хатуу нөхцөл гэж тэр хэлсэн. Тодруулбал, “2010 оноос манай Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулъя гэж байсан, саналаа хэлж байсан компаниудад шинэ нөхцөл тавьж урилгаа явуулъя гэж бид тохирсон юм. Энэ дагуу урилга явсан. Урилгыг Хятадын “Shenhua Energy”, ОХУ-ын “РЖД” компани, Америкийн “Peabody energy”, “ArcelorMittal” зэрэг дэлхийн хэмжээний том компаниудад   хүргүүлсэн. 

 Энэ урилгын хариу нь 2014 оны 12-р сарын 1-нд гэхэд ирсэн байсан. Үндсэндээ бол хоёр компаниас  санал ирсэн гэж хэлж болно. Тэр нь “China Shenhua Energy”, “Sumitomo”, “Энержи Ресурс” ХХК гэсэн компаниудын консерциум, “Peabody energy” гэсэн Америкийн компаниас  ирсэн. Бусад компаниуд нь “Бид нарыг энэ уралдаант шалгаруулалтад оруулах гэсэнд талархал илэрхийлж байна” гэсэн ийм захидал ирүүлсэн байна. Ийм учраас уралдаант шалгаруулалт үндсэндээ хоёр компанийн дунд болсон. Манай Ажлын хэсэг доороо Дэд ажлын хэсэгтэй. Дэд ажлын хэсэг голцуу мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг. Энэ Дэд ажлын хэсэг баталж өгсөн аргачлалын дагуу энэ хоёр компаний шалгаруулалтыг дүгнэсэн. Эхлээд техникийн үнэлгээгээр нь үзээд, дараа нь санхүүгийн саналыг нь нээх ажиллагаа явагдсан.

 Бүх ажлын саналуудыг авч, дүгнэсний үндсэн дээр “Энержи Ресурс” ХХК,  “China Shenhua Energy”, “Sumitomo” гэсэн Монгол, Хятад, Японы хамтарсан консерцум Тавантолгойд хөрөнө оруулья, үйл ажиллагааг нь явуулья гэсэн санал шалгарсан.

 “Peabody Energy” асуудалд хандахдаа арай өөрөөр хандсан юм билээ.  Манай Засгийн газрын тавьсан шаардлагыг шууд утгаар нь биелүүлж чадаагүй. Өөрсдийнх нь хандсан хандлагыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Тэр нь юу гэхээр “Энэ Тавантолгойн орд гэдэг нүүрсний орд чинь ямар үнэтэй юм, ямар үнэ цэнэтэй юм, тэр үнэ цэнийг эхлээд гаргая, тэр үнэ цэнээс  нь бодоод бид саналаа хэлмээр байна” гэсэн ийм л санал байсан.  Өөрөөр хэлбэл “Хөрөнгө оруулалт хийе” гэсэн хатуу үүргийг аваагүй. Асуудалд   хэрхэн хандах бодол санаагаа хэлсэн. Хүндэтгэж болох үзэл бодол.

 За харин хэлэлцээрийн тухайд богино хугацаанд хийхийг эрмэлзэж байна гэсэн юм. Шалгарсан консорциум дахь талууд бүгдээрээ Цагаан сар гэдэг баяртай учраас баяраас өмнө  асуудлаа шийдвэрлэсэн байя гэдэг асуудлыг М.Энхсайхан дэвшүүлсэн аж.

Б.Сар

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин