Оны тэргүүн наадам өргөмжлөл, тодотголт “Алтан сарнай” ёстой аархаж, эзэрхэж байсан үе бий. Оны хамгийн сүүлийн өдөр болдог энэ наадмын үзэмж, сүр хүчит зочид энэ жил харин сүр алдаж, бүдгэрлээ. Улс төрийн намуудын амьдрал гэдэг нэг өдөр туг намируулж, нөгөө өдөр тугал хариулж явдаг барьцгүй хэмнэлтэйгээс энэ наадам хүртэл, наадмынх нь зочид хүртэл өнгө илтгэх юм гээч. МАН-ын мандан бадарч ахуйд “Алтан сарнай” моодонд орж, “Next stop” сураг ч үгүй байсан цаг саяхан. Харин АН төрийн эрх барьж эхэлснээс хойш буюу өнгөрсөн жилээс дахин амь орсон “Next stop”-ын зочдыг ажваас аргагүй хүчтний өмнө хүчгүй нь буруутай гэгчээр долигнож, дулдуйдсан зочдоор дүүрэн байсныг яана. Гэтэл “Алтан сарнай” яав? Өнөөх нэр хүнд, сүёр хүч ядахдаа л эхнэрийнхээ имиж, хувцаслалт юугаар болтугай нүд хужирладаг асан Сү.Батболд, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар тэргүүтэн ч ядахдаа алга. Ирсэн гайгүй хэд нь ихэнхдээ гон бие, гозон толгой явж байх юм. Энэ бүхэн намын ялагдалтай холбоотой гэж үзэх бүрэн үндэслэл бас байхгүй. Учир нь өнгөрсөн онд тэд сүр хүчтэй, го сайхан, хүндэтгэл дүүрэн байсан. Тэгвэл юутай холбоотой юм бол? Магадгүй намын шинэ удирдлагуудтай холбоотой байж болох. Саяхан их хурлаараа дуулиан шуугиантайгаар намын дарга, генсекээ сонгож, удирдах зөвлөлөө бүрдүүлсэн МАН-д нэлээдгүй гишүүд нь “бойкот” зарлаж, эсэргүүцэл, дургүйцлээ ил далд янз бүрээр илэрхийлээд буй гэх. Үүний улбаа ч байж болох юм. Эсвэл наадмыг зохион байгуулагч НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ эзэнгүй байгаатай холбоотой байж ч болно. Юутай ч нэг тиймхэн “Алтан сарнай”-гаа МАН-ынхан үдлээ.
Үлэмж биетүүд бултаараа улс төржинө
МАН-ын даргаар нахин сонгогдсон М.Энхболд ноёнтных жилийн жилд “Алтан сарнай”-г бултаараа гоёдог. Энэ жил харин хүү нь эхнэрээ дагуулж ирсэнгүй. Ингэхэд М.Энхболд дарга ганц охиноо хүртэл улс төрд сойж буйгаа энэ жил олон нийтэд ил болгосон.

Сүүлийн жилүүдэд ёстой л үлэмж бие, барууны маягийн өөртөө итгэлтэй, комплексгүй зангаараа наадам, цагаан сараас авахуулаад “Алтан сарнай”-г чимэх болсон Э.Хулан СХД-ийн НАМЭХ-ны тэргүүнээр ажилладаг төдийгүй энэ жилийн “Гоо сарнай”-гаар үлгэр жишээ дүүргээр шалгарч амжсан. Хэзээ ч эр нөхрөө олны өмнө ил гаргадаггүй Э.Хулан хатагтай энэ удаад эхнэргүй ирсэн ахаараа гоёсон нь энэ.

Ц.Цогзолмаа энд гарч ирэв
Сүхбаатар дүүргийн засаг даргаас авахуулаад хотын даргын орлогч хүртэл хийж байсан хатагтай Ц.Цогзолмаа өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, цөөхөн саналын зөрүүгээр Р.Амаржаргалд ялагдсан түүнийг МАН-ын чадалтай цөөхөн эмэгтэйчүүдийн нэг гэдэг.

Сонгуулиас хойш таг чиг болсон тэрээр “Алтан сарнай”-гаар гарч ирлээ. Улс төрөөс чөлөө авсных ууц нуруу нь амарсан уу гэлтэй өнгө зүс нэмжээ.
Хөл хүнд ч гэргийгээрээ гоёно
Сайхан эхнэртэй сайхан залуу байна гэдэг сайхаан. Дээр нь үнэнч, хүн чанартай байна гэдэг бүр сайхан. Ялагдал хүлээж хаа хаанаа хүнд хэцүү байхад UFC Ө.Амартүвшин МАН-ын тэргүүн наадамд хөл хүнд гэргийгээ дагуулаад ирж.

Оны өмнө хуримаа хийж, гал голомтоо албан ёсоор бадраасан хосууд жаргалтай харагдана. Тэр бүр улс төржөөд байдаггүй Ө.Амартүвшин ноёнтны бизнесийн хамтрагч, дотны найз Цэрэнбат НАМЗХ-ын идэвхтэй залуусын нэг билээ.
Ч.Ганхуяг л гайхуулна
Өнгөрсөн оны “Алтан сарнай”-н бизнесийн тэргүүн залуу болсон экс сангийн сайд Ч.Ганхуяг гэргийн хамтаар уламжлал ёсоороо ирлээ. Нам нь ялагдсан ч сэтгэлээ хувиргаагүй тэрээр гэргийн хамт сүүлийн жилүүдэд энэ наадмын чимсээр ирсэн. Энэ жил Уянга хатагтай хар өнгө, ретро стилийг эрхэмлэжээ.

П.Цогтбаатарын гэргийн сонирхолтой гоёл
БОАЖ-ын экс сайд П.Цогтбаатарын гэргийг уг нь боловсролтой, даруухан аятайхан бүсгүй гэдэг. Энэ удаад гоёл нь нэг л эвээ олсонгүй. Уг нь бээлий сэлт зүүж, хэрэндээ өвөрөмц байхыг хичээсэн бололтой, харамсалтай нь хөшигний тюль санагдуулам цагаан топ нь нэвсийж, навсайгаад нэг л биш ээ.

Бид үнэнч!
Мөн ч олон жил Д.Оюунхорол гишүүн нөхрийн хамт, С.Бямбацогт гишүүн гэргийн хамт энэ наадмыг чимсэн дээ. Энэ жил ч сэтгэл нь ч, гоёл нь ч хэвээрээ байна шүү. С.Бямбацогтын гэргийн холливуд смайл шүд, Д.Оюунхорол гишүүний имиж, нэрийн хуудас болтлоо ээнэгшсэн хүзүүний том оврын зүүлт, яг л мөн дөө.

Жартай жентельмэн
Жартай жентельмэн гэдэг шиг л ноён Ц.Сандуй үйл хэргээрээ ч, үзэл бодол, бүр биеэ авч явах соёлоороо ч МАН-ын үлгэр жишээ, шижигнэсэн залуусын нэг. Түүнийг дөч гараад талийсан гэхэд хэн ч итгэхгүй дээ. Ноён жентельмэнд улс төрийн талбарт уртаас урт амжилттай карьер бий гэж үздэг.

Г.Адъяагийн ажил хэрэгч гэргий
Экс гишүүн Г.Адъяа нэгэн үе экс гишүүн, алдарт Шогийн гэргий Д.Туяа гишүүнтэй өтөл насны романс зарлаж, гэрлэж бараалах дээрээ тулж байсан цаг эртнийх. Улс төрд ганхашгүй орон зайгаа дархалсан ноёнтон насны наранд насныхаа ханийг олсон нь Ч.Оюунгэрэл хэмээх энэ бүсгүй. ХБНГУ-ын “Фредрих Эбертийн сан”-гийн тэргүүн энэ хатагтай Ц.Оюунгэрэл сайдтай нэг анги гэж байгаа.
Германд хэлэнд ёстой ус цас төдийгүй Германы Бундестагийн гишүүдтэй ойр шадар найз гээд бодохоор ямархуу боловсрол, мэдлэгтэй, ямар зиндааны бүсгүй гэдэг нь тодорхой. Хоёр жилийн өмнө тэрээр сангийн ажлаараа Алтан сарнай-Эв нэгдлийн цомын эзэн болж байсан юм.
Алим жимс жирийдгээрээ жирийнэ
Малийтал инээдгээрээ инээчихээд гэмгүй, эгдүүтэй царайтай гэдэг нь, энэ “алимаа” дарга. Ядаж байхад гэргий нь бас эгдүүтэй. Улаан өнгийн уруул, улаан өнгийн даашинзанд нугасгүй бололтой юм гээч.

Улс төрөөс мөн л чөлөө авчихаад буй Ц.Батбаяр ноёнтон В телевизээ дахин цацах гээд завгүй гүйж байгаа гэнэ лээ.
2013 оны мегастар
Хийж бүтээснээр мегастар болно гэдэг энэ. Өмнө нь хэн ч таньдаггүй байсан ноён Нацагням 2013 оны ард түмний баатар, мегастар байлаа. Засгийн газраас 100 сая төгрөг, Төрийн шагнал юутай хээтэй нь хуу хамсан Нацагнямгүй юм энэ шинэ жилээр байсангүй ээ гэж...

Г.Тэнгэрийн ганцаардсан гэргий
Гадаад хэргийн экс дэд сайд Г.Тэнгэр мисс гэргийгээ тэгтлээ олноос нуудаг нь юуныхав бүү мэд. “Алтан сарнай” дээр хүртэл улаан цайм хөтлөлцөж ирчихээд камераас зугтаж, бултаж, гэргийгээ ганцаардуулав.

Уг нь гэргий Шижирмаа нь мисс Ч.Мичидмааг тэргүүн титэм гарддаг жил 9 эрдэнийн нэг болж байсан гоо бүсгүй.
Э.Гүр-Аранзын хүү аавыгаа орлоно
“Анод”-ын Э.Гүр-Аранзыг явж явж томхон намын түшигт ороогүйдээ дээлээ нөмөрсөн гэх нь бий. Тэгвэл энэ алдаа хүү нь давтахыг хүсэхгүй байгаа бололтой.

Энэ жилийн оны тэргүүн наадамд мисс гэргийгээ хөтөлсөөр ирлээ. Хувийн орон зай, хувийн мэдээлэл гэхээсээ илүүтэй мисс гэргийгээрээ олонд танигдсан Г.Төгөлдөрийн гэргий Ч.Анун цагтаа олон улсын миссийн тэмцээнд орж, титэм зүүж явсан ч мисс Ч.Мичидмаагийн дүү гэдгээрээ илүүтэй танил билээ.



М.Саян
Сэтгэгдэл (2)