Монголын улс төрчдийн нэгдсэн Гала концерт
2014/12/30

Нураана шүү З.Баянсэлэнгэ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы хуралдаанд Candy Crush-аар наадаж, төр барилцан тоглосон нь олон түмэнд түгсэн үзүүлбэр юм. Ухаалгаар бүтээх биш гараар нураах мэдрэмжийг дээшлүүлэх наадгай нь хэрэгтэй хүнд нь улс төрийн амь нэмж шилжүүлэх давхар зорилготой. Санаандгүй явж байгаад гишүүн болсон бүсгүй заяа.

Гал тахилгын сүр хүч Н.Батбаяр, Д.Ганхуяг, Р.Гончигдорж

Хуягт хүлж бослого дэгдээж байсан Архангайн энэ үеийнхэн Монголын улс төрд тэнгэрээс гал авч тургидаг танкууд, төрийн ордон, гадаад улсад ч тахилга үйлддэг увидастай. Sky chart нь сүүлийн үед доголдож илгээсэн мессеж нь send error  болоод байгаа ч  газар дээрх гал тахилгын цуврал үзэгдэл явагдсаар байна.

Уран нугаралтын уян хатангууд

УИХ-ын эмэгтэй гишүүдийн дийлэнх нь Засгийн газар огцрох гэх мэт хүндхэн санал хураалтын үеэр уян хатан гэгч нь байр сууриа өөрчлөх, усанд хаясан чулуу мэт алга болох зэргээр уран нугаар үзүүлсээр байна.

Хөгжөөн баясгагчид

Босоогоороо ярих, огцом содон мэдэгдэл хийх, эх орноо нулимс дусалтал хайрлах, нударганы салхинд хийсэн унах, оймсонд хавчуулагдан үсэрсэн гэгдэх мэтээр олон нийтийг анхаарлыг татаж, заримдаа ч хөгжөөн баясгана.

Хүч тамирын хэмжээ

Монголын улс төр аварга бөхчүүд, хүчний спортоор хичээллэгсдээр баян. Дэлхийн улс төрчдийн аварга болох аваас баталгаатай түрүүлнэ.

Агаарын гимнастикч Р.Амаржаргал

Р.Амаржаргал гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдөл өгсөн ч хоёр жил албадан хөдөлмөр эрхлэх болсон, бүлгээсээ 100 хувийн дэмжлэг авсан ч нам дээрээ унасан гэх мэтээр олсон дээгүүр явагчийн эрсдэлтэй үзүүлбэрийн эзэн.

Амьтан сургагч З.Энхболд

УИХ-ын танхим, улсын циркийн манеж хоёулаа дугуй хэлбэртэй, сургуультай амьтан, алиалагч, илбэчин, иогчин, хүчтэн бүгд бий. З.Энхболд бээр олонхигүй, олон янзын ууртай арслангуудын учрыг олж, ирцийг нь бүрдүүлэх хүнд хөдөлмөр эрхэлж байна.

Бензтэй Уран гулгалт Л.Эрдэнэчимэг

Л.Эрдэнэчимэг алдарт “Бенз”-тэйгээ мөсөн дээр тэшнэ. Өөрөө гараашдаа гулгаад орчихдог тансаг машин голын мөсөн дээгүүр хэрхэн яаж эргэлдэх вэ?

Хөзрийн илбэ Н.Энхбаяр

Хоёр намын хооронд 24 он хүртэл байгуулсан гэрээ ч, МАХН-ыг Сөүлээс залах ажиллагаа ч, тугал хариулж, туг барих үзүүлбэрийг илбийн гайхамшиг гэнэ.

Шаар хагалах пантомимо М.Энхболд

Олонхигүй парламентын байгуулсан Засгийн газар хагарах дуртай бөмбөлөг мэт. Дүрлэгэр харц, дүмбэгэр пантомимо Засгийг унагаж дуусна, Засагтай хамтарч төгсөнө.

Таван төрөлтийн спорт Ч.Сайханбилэг

45 настай энэ эр Монголын үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн өндөр нь \187 см\, бас хамгийн бяртай хэвтээгээс 160 кг шахдаг бөгөөд эдийн засгийн хүнд үед хурдан шийдэх, хүндийг өргөх хувь заяа ноогдов.

Улс төрчдийн нэгдсэн найрал дуу Удирдаач Ц.Элбэгдорж  

Эв нэгдлийг сахиулан хангах үүрэгтэй Ц.Элбэгдорж тал тал тийшээ хараад суусан намууд, улс төрчдийг дан дээл, шилэн данс, ухаалаг төр дээр нэг дуу дуулуулах удирдаачаар ажиллана.

                                                                                                                                     Зөгий 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Hahaha. Yostoi neg sain ineeg avlaa
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
Сонин хачин