Тэд ингэж анхаарууллаа, Ч.Сайханбилэгээ!
2014/12/30

Сайн кино хийхэд хамгийн чухалд тавигддаг гурван зүйл бий. Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол гэж. Тэгвэл эмхлэгдээд удаагүй засгийн тэргүүний хувьд нэн тэргүүнд анхаарал хандуулах учиртай “3 зүйл” байгаа нь эдийн засаг, дахиад эдийн засаг, бас дахиад эдийн засаг юм. Ер нь бол өөрөө тэрийгээ ч хэлсэн. Гэхдээ анхаарах болоод хэрэгжүүлэх шийдэл алхмууд юу байх вэ гэдэг нь хамгийн чухал. Танаж хумих бодлогыг тухайлан хаанаа барих вэ гэдэг дээр нэлээд асуудал үүсч буй. Тэгвэл Дэлхийн банкны зүгээс Монгол улс эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар дархлааг нь сайжруулахад эдийн засгийн бодлогоо чиглүүлэхийг зөвлөж байна. Тэд манай эдийн засгийг ийн шинжжээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Бодлого боловсруулагчдын зүгээс Монголын эдийн засгийг тогтворжуулах оновчтой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь амаргүй, цаг хугацаа шаардах хэдий ч цаашдаа тодорхой бус байдлыг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээхэд чухал нөлөөтэй байх болно” гэжээ. Мөн тэрбээр “Дэлхийн банкны зүгээс Засгийн газрын одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үнэн, бодит үнэлгээ болон тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэмтгий, бүтээлч байдлаар шийдэх гэсэн аливаа оролдлогыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Дэлхийн банкны зүгээс бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэсэн байна.

Сүүлийн үеийн гадаад эдийн засгийн орчин Монголын эдийн засагт тулгараад буй бэрхшээлүүдийг улам даамжруулах эрсдэлтэй байгааг мөн анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, Монголын гол экспортын бараа, бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ цаашид бага түвшинд хадгалагдахаар байгаа, Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарахаар байгаа зэрэг нь Монголын эдийн засгийн гадаад эрэлт сул байх урьдач нөхцлийг бүрдүүлж байна. 

Өндөр инфляци иргэдийн худалдан авах чадвар, улмаар эдийн засаг дахь нийт эрэлтэд сөргөөр нөлөөлөх замаар 2014 онд эдийн засгийн идэвхжил огцом саарахад нөлөөлөв. Эдийн засгийн идэвхжил ийнхүү саарч байгаатай уялдан урсгал тэнцлийн алдагдал буурч байна. Нөгөө талаас эдийн засгийн идэвхжил саарснаар нь сүүлийн саруудад эрэлтийн гаралтай инфляцийн дарамт багасах хандлага ажиглагдаж байгаа ч бараа, бүтээгдэхүүний үнэ 2 оронтой тоогоор өссөн хэвээр байна.Өнгөрсөн 3 жилд ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байсан урсгал тэнцлийн алдагдал энэ онд 11 хувь болж буурах урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэхгүй хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн он дамжсан хүндрэл ойрын хугацаанд үргэлжлэх нөхцлийг бий болгож байна.

Ийнхүү хөрөнгийн дотогшлох урсгал төдийлөн сэргэхгүй байгаа орчинд төлбөрийн тэнцлийн өндөр алдагдал ирэх 2015 онд дотоод эдийн засгийн идэвхжил түүн дотроо уул, уурхайн бус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байгаа нь анхаарал татаж байна.

Банкны салбараас өндөр хамааралтай Монголын эдийн засгийн хувьд 2014 он гарсаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан банкуудын зээлийн чанар муудах, улмаар банкны системд эрсдэл хуримтлагдах шинжтэй болсон банкны системийн хяналт, шалгалтыг сайжруулах, учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад чухлыг онцолжээ.

 

 

Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Таехуин Ли “Бодлого боловсруулагчид юуны өмнө төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх замаар он дамжсан төлбөрийн тэнцлийн хүндрэлийг аль болох хурдан шийдвэрлэх тал дээр анхаарах шаардлагатай байна” гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр “Дээрх төсөв, мөнгөний хатуу бодлогууд нь ирээдүйн эдийн засагт учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх үндсэн арга хэрэгсэл байх болно” гэдгийг чухалчилсан.

2011 оноос хойшхи их хэмжээний хөрөнгийн орох урсгалтай, эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд бодлого боловсруулагчид эдийн засгийн хэт тэлсэн бодлого хэрэгжүүлсэн гэдгийг мөн ноён Ли мөн онцолсон юм. Мөн тэрбээр “Мөчлөг дагасан эдийн засгийн бодлогууд нь төлбөрийн тэнцлийн он дамжсан хүндрэлийн гол шалтгаан болсон төдийгүй, дотоодын үнийн өсөлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ банкны системд эрсдэл хуримтлагдахад багагүй нөлөө үзүүлсэн” гэдгийг дурьджээ. Дэлхийн банкны зүгээс сүүлийн үед Төвбанкны хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал  бодлогын хүүгээ өсгөсөн, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт банкаар дамжуулан нийлүүлэгдэж буй мөнгөний нийлүүлэлтэээ алгуур сааруулж байгаа зэрэг бодлогын алхамуудыг бүрэн дэмжиж байгаа юм. Мөн түүнчлэн банкны активын чанарт эрсдэл учирч байгаатай уялдан Төвбанкнаас банкуудад тавих хяналт, шалгалтыг сайжруулсан, зохистой харьцааны зарим үзүүлэлтүүдийг үргэлжлүүлэн чангатгасан зэрэг арга хэмжээг дэмжиж байгаа аж.

Засгийн газар төсвийн орлогыг өмнөх жилүүдээс илүү бодитой төлөвлөж, дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах замаар төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуулийн хязгаарт авчрахыг тэд зөвлөлөө. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газар 1.08 тэрбум ам.долларын гадаад өр, зээлийн төлбөрийг 2017-18 онуудад хийхээр хүлээгдэж байгаа бөгөөд уг төлбөрийг хэрхэн эргэн төлөх, санхүүжүүлэх талаар одооноос онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Хэрэв эдийн засгийн тэлэх бодлого үргэлжлэн хэрэгжих, хөрөнгийн орох урсгал дорвитой сэргэхгүй тохиолдолд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдал нь Монголын эдийн засагт зайлшгүй шаардлагатай тохиргоо хийгдэх нөхцлийг бүрдүүлэх эрсдэл өндөр байгааг тэд анхааруулж байна.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин