Дебют: Би буруу сонголт хийгээгүй

 “Дебют” булангийн шинэхэн зочныг уншигч таньтай уулзуулж байна. Бид энэхүү булангаараа нийгэмдээ хийж бүтээхийг эрмэлзэж, шинэ шинэ алхмуудыг хийж байгаа залуу хүмүүсийг онцолдог билээ. Тэгвэл урлаг гэдэг зүйлийн нийгэмд нөлөөлөх нөлөөлөл дэндүү их. Тиймээс ч авьяас болоод зүтгэлээрээ тодрон гарч ирж байгаа залуу жүжигчин Д.Оюунзулыг сонгосон юм.

- Бага жаахан охин байхаасаа  телевизэд хөтлөгч хийдэг байсныг чинь мэдэх юм. Тэгсэн одоо хол явах жүжигчин болсон байна.  Сургуулиа хэзээ төгссөн бэ?

- Би 2010 онд СУИС-ийг төгссөн. Сурагч байхдаа “Цоглог” студийн  драмын дугуйланд явж байсан. Тэгээд долдугаар ангиасаа гуравдугаар курс хүртлээ  МҮОНТ-д хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн. Мөн  “Өглөөний одод” хүүхдийн нэвтрүүлгийг оюутан байхдаа хөтөлдөг байлаа.

-Багаасаа урлагт ойр өссөн юм байна. Олон ажлыг зэрэг амжуулах арга ухааныг багаасаа сурсан уу. 

- Хичээлийнхээ хажуугаар өөр юм хийхээр багш нар таатай хүлээж авдаггүй болохоор багш нарыгаа аргалаад ажлаа зэрэг амжуулахыг хичээдэг байлаа. Азаар хамтран ажилладаг хүмүүс намайг оюутан, сурагч гээд тусалж, харж үзнэ. Үзэл бодлыг минь ч гэсэн хүндэтгэдэг сайхан хүмүүстэй хамтран ажилладаг байлаа. Манай СУИС-ийн ангийнхан их хөдөлгөөнтэй охид болохоор багш нартаа их загнуулдаг байж.

Жүжигчний мэргэжил гэдэг харахад амар ч үнэн хэрэг дээрээ хүнд мэргэжил. Зөвхөн жүжиглэх биш дуулах, бүжиглэх гээд олон авьяас шаардддаг.Тийм ч учраас телевизэд ажилласан маань маш их дэмжлэг болсон. Үеийнхнээсээ харьцангуй эрт камертай харьцаж, бие дааж сурсан гэх үү дээ. Биеэ барьж, ичиж зовоод байх асуудалгүй болсон.

- Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
Манайхан дээд удамдаа бүжигчин дээд халх хүмүүс байсан гэдэг юм байна лээ. Зарим нь бурханы хөрөг урладаг, зарим нь бүжигчин хүмүүс байсан гэдэг. Аав, ээжийн хоёр талаас урлагийн авьяастай хүмүүс олон байсан болохоор энэ уламжлалаа үргэлжлүүлж жүжигчнийхээ хажуугаар бүжиглэнэ гэж бодож байгаа.
- Багадаа ямар хүүхэд байсан бэ?
- Нийгмийн идэвхтэй, ангийнхаа онц сурлагатан байлаа.  Монгол хэл, уран зохиол, хэлний хичээлүүд дээрээ онц сурдаг. Багаасаа бие даачихсан хүүхэд гэж ээж маань хэлдэг.
- Урлагийн хүн болоход чамд юу хамгийн их нөлөө үзүүлсэн бэ?
- Би багаасаа урлагтай холбогдсон юм шиг санагддаг. Бүр багадаа л тайзан дээр гоё даашинз өмсөөд дуулж, жүжиглэж байна гэж мөрөөддөг байсан. Орондоо ороод хөнжлөөрөө толгойгоо нөмөрчихөөд л мөрөөдлийнхөө ертөнцөөр аялж мөрөөдөж, зүүдэлнэ. Тэр мөрөөдөл, төсөөлөл миний оюун ухаан, бодол сэтгэлд олон жил хадгалагдан оршиж, түүгээрээ би урлагт өөрийн мэдэлгүй хөтлөгдсөн байх. Хөдөөнөөс хотод ирээд, ээж намайг мэдсэн юм шиг “Цоглог” студид оруулснаар миний хүсэл мөрөөдөл минь биелж эхэлсэн гэх үү дээ.


- Дэлхийн сонгомол жүжгийг найруулан тавьдаг “Black Box” театрт яаж тэнцэж оров. Ямар шалгуур, шаардлагыг давсан бэ?
- Театрт ороход надаас учиргүй олон зүйл шаардаагүй. Гэр бүлийн байдал, мэргэжлийн хүрээний юм асууж лавласан. Гол шалгуур нь  миний бодлоор хувь хүн, хүн чанарыг нь харж жүжигчдээ шалгаж авсан гэж боддог. Шалгагдаад орлоо гэхэд шигшигдээд үлдэнэ гэдэг хамгийн том зүйл. Үнэхээр би театрт тэнцэхээргүй юм бол одоо хүртэл ажиллахгүй л байсан байх. Энэ театрт орсноор би асар их зүйлийг олж авсан. Их сургуульд сураад олж мэдээгүй, чадахгүй зүйлээ энэ театрт жил гаруй ажиллаад сурч мэдлээ. Дахин нэг сургууль төгссөн хэмжээний их зүйлийг ойлгож ухаарсан. Энэ бол тэр бүр хүмүүст олдоод байх завшаан биш гэж би хувьдаа бодож, дотроо талархаж явдаг. Манай театрын удирдлагууд жүжигчиддээ тодорхой хэмжээний судалгаа хийсний дүнд шалгаж авсан байна лээ.
- Үеийнхээ залуу жүжигчид дундаасаа хамгийн даруухан нь чи байх.  Орчин үед залуучууд маш хурдан хугацаанд олны танил болчихоод “оддын өвчин” тусаад байгаа гэдэг. Чиний хувьд “оддын өвчин” тусаж байв уу?
- Би өдөр бүр зурагтаар гарч дандаа анхааралын төвд байдаг хүн угаасаа биш. Жоохондоо телевизээр байнга гарч нэвтрүүлэг хөтөлж гараад хүмүүс таниад байхаар бяцхан тийм зан байсан байх. Одоо бол байхгүй ээ. Театрын хүмүүжлээр өсч байгаа. Одоо бүр тийм зан гаргахгүй.

- Танай театрын удирдлага “Манай жүжигчид наад зах нь хошин урлагт тоглож байгаагүй, чадварлаг, эрч хүчтэй залуучууд” гэж хэлж байсан. Хошин урлагийн тайз, дэлхийн сонгомол жүжгийн тайз хоёрын ялгаа чинийхээр?
- Мэдээж ялгаа байлгүй яахав. Өмнө нь “Шилдэг өнгө” продакшнд ажиллаж байсан. Тийм болохоор зах зухаас нь гадарлана. Хошин урлаг маш хурдан сэтгэх, маш их ритм шаардддаг урлаг. Хэдхэн хормын дотор хэдэн хувцас сольж, хэдэн ч дүрд хувирдаг. Хувь хүнээс сэргэлэн зан их шаарддаг юм шиг санагдсан. Дэлхийн сонгомол жүжиг бол жүжигчин хүнээс маш ихийг шаарддаг урлаг. Жинхэнэ жүжигчний чадвар шаардсан урлаг гэдгийг том том жүжигт тоглож байсан хүмүүс л мэдэх байх. Би олон жүжигт тоглоогүй, туршлага муутай ч гэсэн зах зухаас нь мэдэрч ойлгоод, ялгааг нь анзаараад л явж байна. Энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа. Тоочоод хэлбэл их юм бий. Хошин урлагт олон жил тоглоогүй, тэнд тэгж их уусан ороогүй болохоор намайг энэ сонгомол театрт сонгож авсан байх.


- Гэтэл манайд хошин урлаг илүү хөгжиж ирсэн. Жилээс жилд хошин урлагийн продакшнууд нэмэгдээд энэ салбарт орох гэсэн залуучууд олон байдаг гэсэн. Чи яагаад хошин шогийг орхиж, энэ театрыг сонгов?
- Манай театр руу тэр бүр үзэгчид хошуурахгүй байгаа хэдий ч тун удахгүй манай театрыг зорьсон үзэгчид улам олон болно гэдэгт итгэж байгаа.  Хошин шог руу яагаад залуучууд хошуураад байна гэхээр нэгдүгээрт тэр бүр залуу жүжигчид театрт тэнцээд ажиллах боломжгүй. Мөн мэдээж залуу хүмүүс юм чинь мөнгө хэрэгтэй. Сонгомол урлаг бол шалгуур шүүлт өндөртэй, хатуу шүү дээ. Миний хувьд өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ театрт ажиллаж байгаа. Тэгээд ч хүсэл мөрөөдөлдөө үнэнч, мэргэжилдээ хайртай, өөртөө үнэнч хүмүүс л театрын цалин мөнгийг нь голохгүй ажилладаг болов уу гэж боддог. Түүнээс биш зөвхөн театрынхаа мөнгөөр амьдралаа болгоно гэдэг амаргүй л дээ. Би өөртөө үнэнч, мэргэжилдээ хайртай учраас энэ театраа сонгосон. Энэ бол миний мөрөөдлийн театр. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Манай театр нь бүхий л зүйл дээрээ маш няхуур ханддаг. Наад зах нь ганц үгэн дээр хүртэл сонголт хийж ажилладаг. Зүгээр нэг реалист жүжиг тоглодог театр биш. 
- Тэгэхээр чамд мөнгөнөөс илүү мэргэжил чинь чухал юм байна тийм үү?
- Мөнгөнөөс илүү хүнд урам зориг таашаал өгдөг олон зүйл байдаг. Харин хаанаас таашаал авах уу гэдгээ хүн өөрөө сонгодог. Намайг ирлэж хурцалж, надад таашаал өгөх зүйлээ сонгосон гэж бодож байгаа. Би мөнгөнөөс биш мэргэжлээсээ таашаал авдаг хүн учраас надад мөнгөнөөс илүү мэргэжил минь хамгийн чухал.
- Чи хэрвээ энэ театртаа ороогүй бол өнөөдөр ямар нэг театр ч юмуу продакшнд ажиллах байсан уу?
- Одоо бол би их өөрөөр хариулна. Тухайн үед ямар газраас санал тавина тэр газраа л ажиллаад явж байх байсан байх.


- Чиний өнөөдрийн өрсөлдөгч хэн бэ?
- Би өөрөө өөрийнхөө маш том өрсөлдөгчийг саяхан “Хүний дуу хоолой” гээд ганц хүний жүжигт тоглоод ойлгосон. Өмнө нь хүмүүстэй хамтраад тоглочихдог байсан бол ганцаараа жүжиг тавихад өөртэйгээ ярьж өөр дээрээ илүү ажиллах шаардлага гардаг юм байна лээ. Өөрөө өөрийгөө сонсох, чагнах, мэдрэх гээд. Энэ жүжигт тоглосноор би өөрийгөө өмнөхөөсөө илүү мэддэг болсон. Тэгээд миний өрсөлдөгч би өөрөө юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
- Саяхан “Хүний дуу хоолой” гээд ганц хүний жүжиг тоглосон гэлээ. Сюрреалист жүжигт тоглоод шантрах үе байдаг уу?
- “Хүний дуу хоолой” жүжигт бэлтгэж, тоглохдоо бага зэрэг шантарсан. Яагаад гэхээр би тухайн жүжгээ ойлгоод уйлж, дуулаад жүжиглээд л байдаг гэтэл үзэгчдэд тэр маань яаж хүрч байгаа бол гэдэгт их санаа зовсон. Хичнээн удаан бэлдсэн ч гэлээ би хөндлөнгөөс өөрийгөө харж төсөөлж чадахгүй их хугацаа алдсан. Миний үг, яриа үйлдэл бүхэн яв цав нийлж нэг цогц болж байж энэ жүжиг маань амилна. Хичнээн оюун ухаан, үгээрээ зөв яриад байгаа боловч үйлдэл их чухал. Тийм ч учраас өөр дээрээ хамгийн их ажиллах шаардлагатай. Найруулагч нар ажилладаг ч гэлээ жүжигчний асар их хүч шаардсан жүжиг нь ганц хүний жүжиг. Тэгээд л яг үнэнийг хэлэхэд шантарсан. Бараг жүжиг эхлэхээс хоёр хоногийн өмнө би өөрийгөө хэн гэж бодоо вэ? гэсэн бодол орж ирж байсан. Яах гэж энэ жүжгийг сонгоод авчихваа гэж ч бодож үзсэн. Гэтэл жүжиг маань үзэгчдэд таалагдаж, ойлгогдож үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлж байгаа нь надад маш их урам зориг өгсөн. Үзэгчдийн алга ташилт, харцнаас нь бүхий л зүйл анзаарагдаж байсан.  Миний айдас тэр үед алга болж өөртөө, итгэх сэтгэл төрсөн дөө. Бас нэг удаа “Хатагтайн айлчлал” гээд жүжиг тавигдсан юм. Тэр жүжигт тоглоход би бас шантарч, өөрийгөө голсон тохиолдол бий. Тэр жүжиг дээр гурван дүр дээр ажилласан юм. Найруулагч маань намайг чадна гээд энэ дүрийг өгсөн болохоор би чадах л ёстой гэж өөрийгөө зоригжуулж, нэг л мэдэхэд ард нь гарчихсан байдаг. Дээрээс нь миний хажууд чадварлаг уран бүтээлчид бий. Намайг гуниглаж шантарсан үед урам зориг өгч, зоригжуулдаг их сайхан хамт олонтой.

- Нас залуухан хэрнээ ийм том том жүжгийн гол дүрд тоглож, найруулагч нараас өндөр үнэлгээ авна гэдэг амаргүй. Бас энэ театрт тэнцээд ажиллаж байгаа нь их азтай юм гэж би хувьдаа бодож байна. Чиний үеийн залуу эмэгтэй жүжигчдийг харахад том жүжигт тоглосон нь тун цөөхөн байх шүү?
- Тийм ээ, би үнэхээр азтай. Тэр бүр хүмүүсд олддог боломж биш. Зарим хүмүүс надад “Чи яагаад ийм нууцлаг, сонин газар ажиллаад байдаг юм. Мөнгө олдог хошин урлагт ч юмуу өөр газар ажиллаач” гэдэг. Анх ийм үг сонсоод их эмзэглэдэг байсан бол одоо бол үгүй. Яагаад гэхээр би гайхалтай гэрлийг өөрөөсөө болоод энэ театраасаа олж харсан. Би буруу сонголт хийгээгүй гэдгээ ч бардам хэлмээр санагддаг. Кино, хошин урлагт тоглосон ч би алзахгүй л гэж бодож байгаа. Энэ театрт ороод сууриа зөв тавьсан учраас би алзахгүй гэж боддог юм. Хүн сууриа зөв тавих юм бол цаашдаа амьдрал дээр ч, ажил дээр ч тэр хөл алдаад байх нь ховор болов уу. Асар удаан судалгаа хийдэг театрт ажиллаж, үзэгчдэд ухаарал хайрлаж, юм бодогдуулдаг жүжигт тоглож буй нь би өөрөө өөртөө том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг гэж ойлгодог. Өөр газар манайх шиг дэлхийн сонгомолуудыг тоглодоггүй, реалист жүжгийг голцуу тавьдаг шүү дээ.
- Ийм хүнд жанрын жүжигт тоглож байгаа юм чинь заримдаа дүрээсээ гарч чадахгүй үе тохиолдож байсан уу?
 - “Хүний дуу хоолой” жүжигт тоглоод дүрээ ойлгох гээд хэтэрхий их хичээсэн юмуу, хэсэг хугацаанд дүрээрээ амьдарсан гэж болно. Жүжгийн зохиолоо уншиж бэлдэж эхэлсэнээсээ хойш би найзуудтайгаа сайхан хөгжилдөж чадахгүй байсан. Ямар ч сонирхол төрөхгүй. Бараг сарын хугацаанд энэ байдал маань  үргэлжилсэн. Оюун бодолдоо их хүндээр хүлээж аваад, тархиндаа ачаалал их өгөөд ийм асуудалтай тулгарсан байх. Уг нь бол бараг жилийн өмнө уншиж судалж байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард таван хоног бэлдэж байгаад больсон. Тэгэхэд би болоогүй юм байна гэж өөрийгөө голж, нэг л зориг хүрэхгүй орхисон. Тэгээд гэнэт л аравдугаар сард дахин бэлдэж эхэлсэн. Хүмүүст хүрч үзэгчдэд таалагдсанд баяртай байгаа. Ирэх оноос дахин тайзнаа тавина.
- Хүн бүр л мэргэжлийнхээ оргилд хүрнэ гэж боддог. Чи жүжигчин мэргэжилдээ үнэнч байж, оргилд нь хүрч чадах уу?
- Хүн зурсан зургаараа амьдардаг гэж ярьдаг шүү дээ. Би үүнд итгэдэг. Би энэ мэргэжилдээ үнэнч, эзэмшсэн мэргэжлийнхээ оргилд нь хүрнэ гэж боддог. Түүний төлөө ч өнөөдөр явж байгаа. Гэвч хүний хувь тавилан гэж бас байдаг. Болох гээд хичээгээд байхад болдоггүй, бүтдэггүй зүйл гэж бий. Чадвал сайн жүжигчин гэгдэж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болохыг зорьж явна. Би мэргэжлийнхээ оргилд нь хүрэхгүй юмаа гэхэд ганц ч гэсэн дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшиж үлдэх юмсан гэж боддог. Мэргэжлийнхээ оргилд хүрсэн хүн бол өөрөө өөртөө үнэнч хүний л илрэл гэж би хувьдаа боддог.


- “Хүний дуу хоолой” ямар утга агуулгатай жүжиг бэ?
- Дурласан эмэгтэй, ганцаардсан бүсгүйн түүх. Үзэгчдэд өгөх зүйл маань орчин үед техник технологи хөгжихийн хэрээр хүний ганцаардал хэрхэн нэмэгдэж, хүн хүнээ гэх үнэн сэтгэл алга болж байгааг харуулж байгаа юм. Дурласан эмэгтэй, шархалсан эмэгтэй, шаналсан эмэгтэй гээд маш олон эмэгтэйчүүд бий. Энэ бүхнийг илэрхийлсэн жүжиг. Эмэгтэй хүн маш олон ааштай хэрнээ хайрандаа маш үнэнч хүмүүс байдаг. Гэтэл эрчүүд эхнэрээсээ салж, ээжийгээ гомдоосон хэрнээ түүнийгээ өөрийнхөө  буруу гэж хүлээж авах нь их цөөхөн. Их ч гүнзгий бодож шаналдаггүй. Гэтэл эмэгтэй хүн эр нөхрөө, ээж аавыгаа гомдоосон бол түүндээ бараг насан туршдаа ч өөрийгөө зэмлэж шаналж явж чадна. Энэ жүжгийг эмэгтэйчүүд дийлэнх нь үзсэн, цөөхөн эрчүүд үзсэн. Тэгээд жүжгийг үзсэн эрчүүдээс бодлыг нь асуутал бүх эрчүүдийн дийлэнх нь бид  ээжийгээ, эхнэрийгээ, эмэгтэй дүүгээ, охин үрээ хайрлах хэрэгтэй юм байна шүү гэж бодож ухаарлаа гэж хариулсан.

- Д.Оюунзул хэр зоригтой бүсгүй бэ. Өөрөө ямархуу ааш араншинтай хүн бэ?

- Аз болж би дажгүй хэдэн зүрхний найзуудтай. Хүмүүжилтэй, ухаалаг бүсгүйчүүдтэй найзалдаг. Олон хүмүүстэй харилцаад ирэхэд найзуудыгаа таньж, найз гэдэг утга санаагаа ойлгож мэдэрдэг болдог юм байна. Тийм болохоор найзууд маань миний зан аашийг илүү хэлэх байх. Зөөлхөн аядуухан хэрнээ цаанаа хортой шартай тууштай гэж ярьдаг. Гаднаа зөөлхөн харагдаж байгаа хэдий ч дотоод сэтгэлдээ хүчтэй, зоригтой гэж өөрийгөө хэлмээр байна. Гадаад төрх маань зөөлхөн илэрхийлэгддэг ч дотоод сэтгэл маань ямар ч асуудлыг шийдвэрлэж даваад гарах хэмжээний хүч тэнхээтэй. Мөн би өөрийгөө зоригтой гэж боддог.  Харин тэнэг зоригтой байж магадгүй. Гайхмаар шийдвэр гаргаж байсан үе бий. Хайртай хүнийхээ төлөө, хайрынхаа төлөө би маш том зориг гаргаж байсан. Зарим хүний хувьд энэ том ч биш санагдаж болох ч миний хувьд том зориг байсан. 

- Хайрынхаа төлөө маш том зориг гаргаж байсан гэлээ. Найз залуутай гэсэн үг үү? Хэзээ хамгийн сүүлд болзоонд явсан бэ?
- Одоохондоо найз залуу байхгүй. Болзоонд явахгүй удсан байна. Хамгийн сүүлд аравдугаар сарын сүүлчээр нэг залуутай болзсон.
- Анхны хайрын чинь талаар асуумаар санагдчихлаа. Нууц биш бол хэлээч?
- Анх дөрөвдүгээр курст байхдаа нэг залуутай найзалж, хоёр жил гаруй үерхсэн. Мэргэжил нь өөр, миний үеийн залуу. Дөрөвдүгээр курсынх  хэрнээ бид яг л жаахан хүүхдүүд шиг үерхэж нөхөрлөсөн. Тэр залуу маань надад үнэхээр хайртай байсан. Түүний анхны хайр нь би байсан юм байна лээ, одоо хэр ярьдаг. Тухайн үед үерхэж байгаад салсан хэдий ч одоо бид сайхан найзууд. Миний хувьд анхны хайртайгаа саяхан учирсан гэж бодож байна.
- Яагаад  тэр залуугаас салах болов оо?
- Хамгийн муухай нь би тэрийг хайр гэж бодоогүй, бодохыг ч хүсээгүй учраас хоёр тийш болсон байх. Тухайн үед хайр дурлал гэхээсээ илүү хичээл сургууль гэдгийг илүү бодож санаж явсан юм шиг байна лээ.  Харин одоо бол хүнд жинхэнээсээ хайртай болсон. Хорь гарч байж л хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болдог юм байна. Долдугаар ангидаа нэг залууг маш их шохоорхож байсан. Гар гараасаа ч барьж үзээгүй хэрнээ маш их шохоорхож байсан санагдаж байна. Миний амьдралд гурван залуу байгаагийн нэг. Тэр бол миний анх эрэгтэй хүн гэсэн үүднээс харж догдолж байсан маань. долдугаар ангидаа юм даа. Тэгээд дөрөвдүгээр курстээ үерхсэн. Намайг их хайрладаг хүнээс яагаад салсан  юм бэ гэж найзууд асуудаг. Гэхдээ би үргэлж өөртөө итгэж өөрийнхөө дотор хүнтэй ярилцдаг учраас зөв шийдвэр гаргасан гэж боддог. Магадгүй зөв бурууг цаг хугацаа харуулах байх даа.


- Тэгвэл хайр дурлалдаа шатаад хайр гэдэг мэдрэмжийг мэдэрч яваа юм байна,  тийм үү?
- Хайр гэдэг тэр мэдрэмжийг мэдрээд явах сайхан байна. Хоёр жил үерхсэн найз залуугаасаа сална гэж хэн ч бодохгүй байсан. Би магадгүй мэргэжлээ илүүд бодсон байх. Тэгсэн хэрнээ хүнийг хуурч найзална гэдэг өөрийгөө хуурч байна гэсэн үг. Тийм болохоор салахаар шийдсэн. Энэ театрт ажиллаад миний оюун ухааны хэмжээ бага сага тэлэгдсэн шиг, тэр үед миний бодол санаа ийм байгаагүй. Би тэгэхэд үнэнээ л хэлсэн. Энийг хайр гэж бодохгүй гэдгийг. Сүүлд би яг хүнд хайртай болоод зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа.


- Хэзээ гэр бүлтэй болно гэж бодож байна?
- Санаснаар болдог бол би жилийн дараа сайхан гэр бүлтэй болж, хүүхэдтэй ч болохыг хүсч байгаа. Гэр бүл,  ажил амьдралаа зэрэг зохицуулаад явахыг бодож байна. Жилийн өмнө надад гэрлэх тухай бодол огтхон ч орж ирдэггүй байлаа. Харин энэ жилээс их бодогддог болсон шүү. Хүний насан туршдаа хамт амьдрах хань, үр хүүхэд бол бурханы бэлэг гэж би хувьдаа боддог. Тийм учраас бурхан надад ямар хань үр хүүхэд хэзээ заяахаа мэдэж байгаа байлгүй дээ /инээв/. Дээрээс нь амьдрал зохиоход оройтоогүй бас хөгшрөөгүй байна гэж бодож байгаа. Тийм болохоор зөв сайн хүнээ олоод, энгийн сайхан амьдрах юмсан гэж боддог. Өмнө нь гэр бүлтэйгээ амьдарч байгаад ганцаараа амьдарч эхлэхээр эрэгтэй хүний нөмөр түшиг их үгүйлэгддэг юм байна. Одоо ганцаараа амьдардаг болохоор зах зухаас нь мэдэрч л байна.
- Гэр бүлээ төсөөлж байсан уу. Ямар хүний гэргий болох бол?
- Мэдээж, эмэгтэй хүн юм чинь сайхан амьдрал, сайхан гэр бүл хүсч мөрөөддөг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг чинь юугаар ч үнэлж баршгүй үнэтэй зүйл. Өмнө нь амьдрал гэхээсээ илүү ажил уран бүтээлээ л бодож явлаа. Одоо харин зэрэг бодож амжуулна гэж бодож байгаа. Тэгээд дээр хэлсэн шиг бурхан надад ямар нөхөр хайрлахаа мэдэж байгаа болохоор цаг нь болохоор илгээх байхаа.


- Гэр бүл салалт маш их байгаа. Ялангуяа залуу гэр бүлийн салалт ихэссэн. Хэрвээ гэр бүлтэй болбол юунд хамгийн их анхаарал тавьж, гэр бүлээ яаж хадгалж үлдэнэ гэж боддог бэ?
- Бодолгүй яахав. Миний эргэн тойронд ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Хамгийн гол нь дотоод сэтгэлээсээ бие биенийгээ ойлгох,  сайн мэдрэх. Гадаад гоё ганган зүйлээс, хөрөнгө мөнгөнөөс болж залуу гэр бүлүүд маань битгий салаасай. Мөн залуу хүмүүст найз нөхөд, гэр бүлийнхэн нь, хөндлөнгийн хүмүүс их нөлөөлдөг. Тиймээс бие биедээ итгэж хайраа хадгалж үр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд хоёулаа хичээж зүтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Яг гэр бүл зохиож байгаагүй болохоор тэр бүр хүмүүс шиг сайн мэдэхгүй юм. Хамт амьдрах хөндлөнгөөс харах хоёр өөр шүү дээ.
- Эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?
- Миний бодлоор эмэгтэй хүн ухаалаг л байх хэрэгтэй.  Ухаантай эмэгтэй хүн алдаж онох нь адилхан  байдаг байх. Алдсан ч зөв юм дээр алдаж, эргээд олж авч чаддаг байх. Энхрий ялдам байх нь чухал биш ухаалаг байх юм бол эмэгтэй хүнд тэр бүр юманд ялагдаад байхгүй. Хүн бүх зүйлийг ухаанаараа шийддэг шүү дээ.

-Ер нь охид хэзээ хүнтэй сууж, хэзээ хүүхэдтэй болбол зүгээр юм бол?

Хүүхэд төрөхөд хамгийн их ачаалал үүрдэг хүмүүс ээж. Тийм болохоор хүүхэд төрүүлээд түүнийхээ өмнө ямар ч хариуцлага үүрч, юу ч болсон давж гарах хэмжээний мэдлэг, боловсрол, хүчтэй, өөрөө бие сэтгэл болоод сэтгэл зүйн нөхцөлд бэлэн болсон бол хүүхэдтэй болбол ээж, хүүхэд хэн хэнд нь чухал. Бие болоод сэтгэлзүйн хувьд бэлэн болсон ээжүүдэд ээж болсон ч тийм ч их асуудал гараад байдаггүй байх. Бас өөрийгөө хайрлаж, өрөөлийг хайрлаж халамжилж чаддаг хэмжээний ухаан бодолтой болж төлөвшсөн эцэг эхүүд хүүхэд өнчрүүлж салаад байхгүй. Яагаад гэхээр сэтгэл санаа, бие нь бэлтгэгдчихсэн, хүүхдийнхээ төлөө хоёулаа зохицоод хариуцлагаа үүрээд явчихдаг учраас.
- Орчин үед охид бүсгүйчүүд маань цахим ертөнцөөр хүссэн үедээ нүцгэлж, зарим олны танил хүмүүс мөнгөний төлөө нүцгэлдэг моод шиг юм дэлгэрчихлээ. Хэзээ нэгэн цагт ахиухан мөнгө амлабал нүцгэлэх үү?
- Би лав мөнгөнөөс болж нүцгэлэхгүй. Алдар нэр хүндтэй болохын тулд ч нүцгэлэхгүй. Нүцгэлээгүй ч би өөрийн сурсан мэдсэн, оюун  ухаанаараа амьдраад явж чадна. Харин уран бүтээлийн хувьд тийм шаардлага гарвал их бодож байж шийдвэр гаргах байх.


- Болзоонд хэр их уригдаж байна?
- Би ерөөсөө болзоонд явахгүй байгаа. Би саяхнаас хайртайгаа учирсан. Гэхдээ бид хоёр дотно биш. Болзоонд урьдаг хүмүүс байгаа ч би өөрөө болзоонд явах сонирхол төрөхгүй байна л даа.
- Дотно харилцаатай биш гэхээр та хоёр үерхдэггүй юм байна, тийм үү?
- Тэгж болно. Намайг өөрт нь хайртай гэдгийг ч мэддэггүй байх. Би уг нь нэг удаа хэлсэн. Би хэзээ ч эрэгтэй хүний өмнө түрүүлж алхам хийж үзээгүй. Анх удаагаа л эрэгтэй хүнд хайртай гэж хэлж зүрхэлсэн нь энэ. Харин надад хайртай гэдгийг би дараа нь мэдэрсэн.
- Тун удахгүй он солигдох гэж байна. Шинэ оноо хаана угтах гэж байна?
- Би жил бүр гэртээ л тэмдэглэж өнгөрөөж байсан. Өнгөрсөн жилийг найз охиныдоо үдсэн. Энэ жил харин сонирхолтой л үдмээр байна. Энэ жил чадвал гадагшаа явна. Үгүй бол хөдөө явна гэж бодож байгаа.


- Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
- Олны танил хүн юм чинь олны өмнө биеэ сайхан авч явах үүрэгтэй. Энэ миний үүрэг. Тийм болохоор гадаад дотоод гоо сайхандаа зэрэг анхаарч, хар муу санахгүй муухай үг хэлэхгүй байхыг л хичээж суралцаж явна. Энэ маань эргээд би өөрөө өөртөө үнэнч, өөрийгөө хуураагүй гэдгийг маань баталж харуулж байгаа юм. Сүүлийн үед бассейнд явж эхэлж байгаа. Арьс, биеийн жинг жигд барьдаг учраас бассейныг сонгож идэвхтэй явж эхэлсэн. Энд нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Охид маань туранхай хүн л сайхан харагддаг гэж өрөөсгөл ойлгодог шиг байгаа юм. Хаана ч явсан турах юмсан гэсэн хүмүүс л их болж. Хэт тарган байх эрүүл мэндэд муу л даа. Хэтэрхий туранхай байх бас л эрүүл мэндэд сайн биш л дээ. Ямарваа нэг гажуудал байдаг. Тиймээс туранхай байж болно, хамгийн гол нь галбиртай туранхай байх ёстой. Би үсэндээ их ач холбогдол өгдөг. Цаашдаа биеэ зөв галбиртай эрүүл арьстай байхын тулд бассейнд байнга явна. Гадаад, дотоод гоо сайхан зэрэг оршиж байдаг учир аль алиныг нь эрүүл байлгах гэж хичээнэ. Дотоод сэтгэлдээ хүчтэй, сайхан хүмүүс нүүрээ будахгүй явж байсан ч сайхан харагддаг. Дотоод сэтгэлдээ хар муу санаатай хүмүүс брэндийн хувцас өмсөөд, нүүрээ алттай юмаар будаад ч өнгөлөг харагдахгүй шүү дээ.
- Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
- Өө, тэгээд янз бүр. Би хүүхэд байхдаа ном их уншдаг байсан. Оюутан болоод бага зэрэг завсарласан байх. Одоо харин зав зай гарах юм бол сонгож авсан номнуудаа уншиж байгаа. Номноос хүн маш ихийг ойлгож, ухаарал авдаг. Тэгэхээр оюутан залуучууд маань ном сайн  уншаарай. Зөв номоо сонгож уншаарай гэж уриалмаар байна. Нэг удаа надад нэг хүн ном бэлэглээд ард талд нь их гоё үг бичсэн байсан. Одоо хэр санаанаас гардаггүй.  “Чамайг ганцаардсан, гуньсан, аз жаргалтай аль ч  үед энэ номыг уншвал чамайг орчлон ертөнцөөр аялуулж,  амьдралыг чинь илүү утга учиртай болгох болно” гэж бичсэн байсан... Дараа нь тэр хүнээс эргээд би асуусан. Та ганцаардахаа, аливаа зүйлд шантрахаараа яаж өөрийгөө хэцүү байдлаас авч гардаг вэ” гэж асуухад ном уншдаг гэж хариулсан.  Ном уншдаг хүмүүс үүнийг илүү ойлгодог байх. Их уншдаг хүмүүсийн хажууд би их уншдаг биш. Тийм болохоор зав гарвал ном уншина, найзуудтайгаа уулзана гээд л өнгөрдөг.
- 2015 ондоо ямар ажил төлөвлөж байна вэ?
- Ямартай ч театртаа ажилладгаараа ажиллана. Миний үеийн бүү хэл миний дээд үеийн жүжигчид дотор ийм сонгомол жүжигт тоглоогүй, мэдэх ч үгүй явж байгаа нь бий. Гэхдээ би мундагтаа ч энд орсон биш, миний аз дайрч, өнгөрч байгаа он надад маш олон зүйлийг өгч нээж өгсөн. Жилийн өмнө нэг зүйл бодож байсан. Тэр маань ирэх онд хэрэгжих болов уу гэж төлөвлөж байгаа. Тийм болохоор ирэх оны хувьд бол миний хувьд маш чухал он. Чадвал олон жил төлөвлөсөн ажил маань биеллээ олох байх. Мөн моно жүжгээрээ гадагшаа явах сонирхолтой байгаа. Гадаадын фестивальд явна гэж бодож байгаа.


Ирэх онд төлөвлөсөн ажилд чинь амжилт хүсье. Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж амжилт гаргаарай гэж хүсье.


М.Сонор, П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (18)

  • mal aa...
    байлгүй яаадийн бээ мал аа. Чи юугаа ч мэдэхгүй байж хуцалгүй бай л даа. Нобелийн шагналт дэлхийн сонгодог зохиол гэж уншиж байгаагүй юү тэээ. хахахаххахахаха
    2015 оны 01 сарын 06
  • Зочин
    Аймар айхтар шд,энэ!Хэнд яахаа мэднээ. Санаа гэж сабока
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • demjiv
    yostoo huurhun ohin baina shuudee,haa ochij uhaalag ch yum baina
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Mundag yarilclaga bnshdee! Dotood setgel ni aguu shuu!
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Mundag yarilclaga bnshdee! Dotood setgel ni aguu shuu!
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    amjilt bvkhnii deediig hvsie
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • kkkk
    yu ni tsarai muutai bgan bdg l huuhen bna
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин
    amjilt husie ulam ihiig buteegeerei aja aja amjilt
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • kk
    huurhun cagaahan l yrisan bn.dajgui saihan huuhen yum.az jargal
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • ddddd
    ystoi mundag jujigchin amjilt ania
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • arai ch dee
    Huue ene yarilzlaga awsan hun ni yu asuugaad baigaa yum be. Hezee jujgend Nobeliin shagnal ugdug bolchihson yum be? Nobeliin shagnaltai delhiin songodog jujguud gene uu. arai ch dee
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
    • mal aa...
      байлгүй яаадийн бээ мал аа. Чи юугаа ч мэдэхгүй байж хуцалгүй бай л даа. Нобелийн шагналт дэлхийн сонгодог зохиол гэж уншиж байгаагүй юү тэээ. хахахаххахахаха
      2015 оны 01 сарын 06
  • zochin
    uuchlaarai uneheer tsarai muutai ymaa gehdee yadaj tseverhen nuurnii aristai baildaa yooo
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • Setgel
    iimerhvv gaj yumnuud yum unshaad oilgoh ch vgvi ...
    2015 оны 12 сарын 29
  • Setgel
    Demjij ybdag shvv, vneheer ilen dalangvi saihan yarltslaga boljee engiin bhdaa hvchtei gej .... nzaas n ...
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • Gerelee
    Mundag jvjigchin bolnoo amjilt
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • Хэнийн Батхүү
    Хүүхэд байхаасаа маш их аявъяастай, дайчин,сэргэлэн хүүхэд байсан. Цаашид улам ихийг бүтээгээрэй. Их амжилт ерөөе
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • bi bi
    uran bvteeliin ondor amjilt hvsie. ireh ondoo hairtaigaa verhej az jargaltai amidraliin toloo uraghsaa.
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин
    яшка бацаан
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
    • Setgel
      iimerhvv gaj yumnuud yum unshaad oilgoh ch vgvi ...
      2015 оны 12 сарын 29
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025