Монгол Улсын сайд М.Энхсайхан түүхэнд нэрээ сүрхий тодоор үлдээх янзтай байгаа. Юу гэхээр он удаан жил хүлээлт үүсгэсэн Тавантолгой зэрэг томоохон төслүүд түүнийг сайдаар ажиллаж байгаа энэ үест шийдлээ олох гээд байгаа дүр зурагтай. Гэхдээ асуудлууд бас бий. М.Энхсайхан “Цаг хугацааны хувьд тулгамдаад байгаа Таван толгойн ордод хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгалтыг зохион байгуулах, шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайд намайг тавьсан.” хэмээн ярьж байгаад дараачийн нүүдлийг хийсэн. Тэгээд Монгол, Хятад, Япон гурав орж ирэхээр болоод байгаа. Хэрэг дээрээ бол Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээл буюу Япон руу аваачих гэдэг хэцүү асуудал гэдгийг шинжээчид прогнозлон хараад байна. Шулуухандаа бол манай улс ашигт малтмалын баялгаа үндсэн ганц зах зээл болох өмнөд рүү урсгах түүхэн шийдлүүд дээр тогтоод байна л даа.

Бараг саяхан шахуу, М.Энхсайхан Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирлаар ажиллахдаа нарийн царигтай замыг сонгох нь зөв хэмээн шийдвэрлээд халагдаж байсан. Харин одоо түүний хүсэл биелсэн. Түүнийг “Монголын төмөр зам” төслийг хөдөлгөх эрхийг аваад удаагүй байхдаа эдийн засгийн хамгийн алдагдалгүй хувилбар гэх тодотгол дор нарийн царигтай төмөр замыг шууд өмнөд хөрш рүү оруулж, барихаар шийдвэрлэсэн нь гар өргөөд дэмжээд босоод ирэх асуудал мөн үү гэдэг дээр эрхмүүдийн байр суурь зөрүүтэй байсан юм л даа. Уг нь манайд нарийн царигийг сонгохдоо зайлшгүй анхаарах ёстой шалтгаанууд байгаа талаар эрдэмтэд хэлдэг. Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хятад судлалын нэртэй эрдэмтэн Д.Шүрхүүгийн хувьд нарийн царигт найр тавьж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай зогсдог. Тэрбээр нарийн царигийн төмөр замыг яаравчлан барьж, Монголын стратегийн том ордуудыг Хятадын төмөр замын сүлжээтэй хамгийн хямд зардлаар найдвартай холбохыг эрмэлзсэн улстөр, бизнесийн олигархижсан томоохон бүлэглэл суртал ухуулгын дайнаа дахин эхлүүллээ хэмээн бичсэн байдаг. Тэгвэл чухам ямар үндэслэлээр тэр ийн өгүүлдэг болохыг тодорхой болгох үүднээс түүний өгүүлснээс иш татъя. Тэрбээр “…алс хэтээ бодвол нарийн төмөр замыг Монголд оруулж болохгүй. Нэг л зөвшөөрвөл гинжин урвал шиг нэг мэдэхэд манай өмнөд хэсэг найм байтугай газраар нарийн төмөр замаар Хятадтай уягдах л болно. Үүнийг би урд хөршийн хараат болно гэх геополитикийн хардлагын үүднээс биш нөгөө бизнесменүүдийн ярьдаг үр ашиг талаас яримаар байна. Миний төсөөлж байгаагаар нарийн төмөр зам өнөө маргаашдаа зарим нэртэй улс төрчид, бизнесменүүдийн хэлээд байгаа шиг хил дээр удаан зогсох, зардал бууруулах гэх мэт давуу талтай байж болох юм. Хятадууд, үндэсний хөрөнгөтнүүд нүүрсээс олох ашгаа нэмэгдүүлэх үүднээс царигийн зөрүүнээс үүдэлтэй зардлыг Монголын татвар төлөгчдөд үүрүүлэх далд сонирхол байна. Тун удахгүй бид томоохон ордуудаа түшиглэсэн төмөр замын сүлжээ бий болгоно. Тэр үед өргөн нарийн хоёр төмөр зам зэрэгцэн оршиж байвал тэдгээрийг хэрхэн холбох, хэн зардлыг даах гэх мэт асуудлууд гарч ирнэ. Өмнөд хэсгийн нарийн төмөр замыг умард хэсгийн өргөн замтай холбохын тулд Монголын засгийн газар нутгийнхаа гүнд шилжүүлэн ачих эсвэл дугуй солих байгууламж нэжгээдийг татвар төлөгчдийн чамгүй их мөнгөөр байгуулахад хүрнэ. Тэгээд зогсохгүй дотоодын ачаа тээвэр, зорчигч тээвэр нэлээд хугацаагаар саатах, өөрийн өртөг өсөхөд хүрнэ. Алс хэтдээ тэр дугуй солих, ачих буулгах байгууламж нь хилийн боомт болчих ч аюул бий. Энэ бол Монголын хувьд геополитикийн хамгийн муу сценари гэдгийг хэн хэнгүй сайн мэдэж байгаа. Зүй нь дугуй солих, ачиж буулгах цөөн байгууламжаа хилийн боомтууд дээр барьж, өртөг зардлыг экспортод гаргаж буй бараа бүтээгдэхүүндээ шингээж, нутаг дэвсгэр, дэд бүтцийн нэгдмэл байдлаа хамтад нь хадгалах нь Монголын үндэсний эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг эрдэмтэд хэлж ирсэн. Гэхдээ ингээд М.Энхсайхан нарын ижил үзэлтэй хүмүүс шийдвэрийг гаргаж, шийдэл хэмээн тунхаглаж байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна