Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилох үеэр “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан. Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай” хэмээсэн билээ.

Түүний ийн хэлсэн үгэнд МҮОНРТ-ийн нийт ажилчид дургүйцэж, УИХ-ын даргыг уучлалт гуйхыг шаардсан билээ. Тэгвэл З.Энхболд дарга өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд “Архидалтын тухай хэлсэн үг маань МҮОНРТ-ын 700 ажилтанд хамаагүй. М.Наранбаатар тэргүүтэй удирдлагуудад нь хандсан хэрэг” хэмээн залруулга хийсэн байна.

МҮОНРТ-ийн нийт сэтгүүлчдийн нэр хүндийн гутаасан үг хэллээ хэмээн зарим нэг нь шүүмжлэлтэй хандаж байсан ч, МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатарын удаа дараагийн хууль бус, булхайтай үйлдлүүд олон нийтэд ил тод байхад тэр дампуу байгууллагыг тийнхүү хэлэх нь үнэн гэх хэсэг ч байсан юм. Мөн М.Наранбаатарыг сэтгүүлчдээрээ далимдуулан УИХ-ын даргаас уучлал гуйлгуулахыг шаардан өдөөн турхирлаа гэж харах хэсэг ч байна.
П.Зулаа
Сэтгэгдэл (3)