З.Энхболд: Бид зүгээр байж байгаад гэнэт орлоготой болсон улс
2014/12/25

УИХ-ын дарга З.Энхболд Bloomberg телевизд ярилцлага өгчээ. Тэрбээр “Би Монгол Улсыг айлтай зүйрлэж хэлдэг л дээ, гэхдээ өнгөрсөн долоо хоногт чуулган дээр хэлээгүй санагдаж байна. Монгол Улсыг нэг айл гэж бодох юм бол хоёр янзын айл байна л даа. Нэг айл нь гэнэт цалин, орлого нь огцом нэмэгдээд, манай эдийн засаг, төсөв гээд тоон бүх үзүүлэлт арван жилийн өмнөхөөсөө арав дахин өсчихөөд байна. Тэгээд хэрэглэхгүй атлаа хоёр, гурван машин авч тавиад, үнэтэй ресторанд орж хооллох зэргээр маш их үргүй зардал гаргах болсон. Гэтэл нөгөө орлого нэг л өдөр алга болчихсон. Тэр өндөр орлого юуных байв гэхээр түүхий эдийн үнийн өсөлтийнх байсан. Бид бүтээмжээ сайжруулаад, iPhone, Microsoft шиг шинэ бүтээгдэхүүн бодож олоод, түүнийгээ зарж ашиг олоогүй. Ердөө л зэс, төмөр, нүүрс, алт, жоншны үнэ өссөн жилүүдэд эдийн засгийн өсөлт нь 17 хувь хүрч дэлхийд гайхагдаад байсан. Яг үнэндээ бид хөдөлмөрлөөгүй. “windfall” гэдэг шиг, зүгээр байж байхад гэнэт орлоготой болсон улс. Яг ийм. Тэр үедээ төсвийнхөө зарлагыг баахан тэлсэн. Орлогоосоо илүү тэлсэн байгаа юм. Орлого 10 дахин нэмэгдсэн байхад зарлага 12 дахин нэмэгдсэн байгаа юм. 2006-2007 оны үед пропицит төсөв баталж байсан байгаа юм. Пропицит гэдэг нь депицитийн эсрэг үг. Нэмэхтэй төсөв гэсэн ойлголт гэсэн байна. Мөн түүнээс гаднын хөрөнгө оруулалтыг хамгийн богино хугацаанд үр өгөөжтэйгөөр татах аргыг хэрхэн тодорхойлж байгаа талаар тодруулахад:

-Энэ Их Хурал байгуулагдсан цагаасаа эхлээд энэ асуудалд анхаарал хандуулж, зарим хүний хэлдгээр “муу нэртэй” хуулийг хүчингүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Гэхдээ тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулалт дагаад хурдан өсчихгүй байна. Шалтгаан нь итгэлцлийн асуудал.

Нөгөөтэйгүүр, гадаад эдийн засгийн байдал нөлөөлж байна. Монгол руу хөрөнгө оруулалт татаж байсан хамгийн том хөшүүрэг бол уул уурхай. Түүхий эдийн үнэ өндөр байхад уул уурхай хөрөнгө татна. Харин үнэ нь уначихаар хөрөнгө оруулагчдад эрхзүй, бизнесийн ямар ч сайн нөхцөл бүрдүүлж өгсөн хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Учир нь тэндээс ашиг олохгүй. Ашиг олохгүй зүйлд хэн хөрөнгө оруулах вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын огцом өсөлтийг АН засгийн эрхийг бариад эсвэл АН-ыг сонгуульд ялахын өмнөхөн гарсан хоёр хуультай холбож ярьдаг. Урт нэртэй хууль болон стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд. Аль, аль нь миний даргалж байгаа одоогийн УИХ-ын ажил биш. Түрүүчийн УИХ-ын үед гарсан асуудал. Тэр хуулиас болж, мэдээж сөрөг хандлага үүснэ. Гэхдээ асуудлын гол нь энэ биш.

Том нөлөө үзүүлсэн өөр зүйл бий. 4 тэрбум хүрээд байсан гаднын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь зөвхөн Оюутолгой байсан юм. Оюутолгой төслийн хүрээнд, тодорхой хугацаанд үйлдвэр барьсан. Хөрөнгө л оруулахын тулд биш тодорхой зорилготойгоор үйлдвэр байгуулсан. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн цаг хугацаандаа дууссан. Бүтээн байгуулалт дуусахаар хөрөнгө оруулалт зогсох нь дамжиггүй. Жил болгон тэрбум, тэрбумаар орж ирж байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дууссан. Дуусахаар яах уу, нөгөө компани хөрөнгө оруулалтаа зогсооно. Үйлдвэрийн эхний үе шат баригдаж дууссан. Хоёрдугаар үе шат руу хөрөнгө хийх байсан уу гэвэл байсан. Үүн дээр гацаа үүссэн нь үнэн. Оюутолгойг дагаж ирдэг жижиг хөрөнгө оруулалтууд Оюутолгойг харзнан хойш суусан. Энэ бол үнэн.

Хамгийн бодит шалтгаан бол баригдах ёстой үйлдвэр дууссантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Манайх шиг жижиг эдийн засагт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр ямар эмзэг вэ гэдгийг харуулж байгаа юм. Бид 40 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан бол 10 хувийн оролт, гаралт мэдэгдэхгүй. Гэтэл манай нийт эдийн засаг 10 тэрбум ам.доллар. Түүн дотор Оюутолгой гэдэг ганцхан том үйлдвэр орж ирээд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад, тэр нь дуусмагц тэг болчихож байна. Үлдсэн жижиг хөрөнгө оруулалтууд хоорондоо нийлээд ч тэр хэмжээг нөхөж чадахгүй.

Үүн дээр Засгийн газар, УИХ-ын алдаа нь Оюутолгойн араас залгаад явах ёстой тэрбум ам.долларын хэмжээтэй олон хөрөнгө оруулалтыг татах, зохион байгуулах нөхцлийг хангах ажил хийгээгүйд байгаа юм. Оюутолгойг харж баясаад, дагаж давхиад байсан болохоос биш, Оюутолгойн хөрөнгө оруулалт дуусах цэгтэйг тооцоогүй. Товлосон хугацаандаа энэ хөрөнгө оруулалт зогсохоор залгаад Таван толгой, хий, эсвэл төмөр замын ч юм уу төслийг хэрэгжүүлэхээр бэлтгээгүй байсандаа гол алдаа нь байгаа.” хэмээн ярьж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    haachihsan novshnuudaa ta nariin karmand oroo bizde muu urvagchid tegjil baig ta nartai mongoliin tvmen udahgvi tootsoo bodnoo bodoh bodohdoo yaj geech luuvarchidaa
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
Сонин хачин