Тавантолгойн хэлэлцээр ил тод явагдана гэж Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан мэдэгдлээ. Олон жил яригдсаны эцэст сая нэг хөдөлгөх хөрөнгө оруулагч шалгарсан нь таатай хэрэг. Тэгэхдээ энэ нь нөхцөл шаардлагад хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг биш ээ. Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх үүрэгтэй Ажлын хэсэг шалгарсан консорциумын нөхдүүдтэй уулзаад байгаа. Тэгээд хэлэлцээрийг 2015 оны 1 дүгээр сарын 5-аас эхлүүлэхээр тохироод байна. Түншлэлийн нэг тал болох China Shenhua Overseas Development & Investment компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие хэлэхдээ “Япон, Монголын компаниудтай хамтран зах зээлийн зарчмаар, Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах болно” гэсэн бол ажлын хэсгийн зүгээс Тавантолгой орд газар монголын төрийн өмчлөлд байх, төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх гэхчлэн шаардлагуудыг тавиад байгаа аж.

Тэгвэл МУНН-ын дарга Б.Батболд “Тавантолгойн тендерт Сумитомо-Чинхуа-Энержи ресурс компаниудын концерциум ялсан бололтой юм. Гэхдээ тендер шалгаруулагчийн өгч байгаа тайлбар нь юуны тулд яах гэж энэ тендер зарласан нь их ойлгомжгүй байх юм. М.Энхсайхан хэлэхдээ лицензийн эзэмшигч нь төр буюу Эрдэнэс МГЛ байх юм, харин уг компанийг түрээслээд байгаа эсвэл оператор компанийг сонгон шалгаруулсан уу гэдгээ тодорхой хэлж мэдэхгүй байгаа нь анхаарал татлаа.” хэмээж байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна