Экс Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнгийн ер нь зөв юм байна. Тэр “Эрдэнэс Тавантолгой”-гоос 4.8 тэрбумыг авах эрхтэй юм байна. Тендерийн луйвар хийсэн байж болох ч, тэр нь энд падлийгүй шахуу аж. Яасан гэхээр нөгөө мөнгөө өгөөд тавиад туучихсан компанийн зүгээс нь тийм тайлбарыг хийж байна л даа. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь повер” компани 17 тэрбумын тендер авч нүүрс гаргахаар болсны ард Н.Алтанхуягийн эгчийн охин Чулуунбаатарын Уянга гэгч байсан. Харин Ч.Уянгын нөхөр нь Г.Дэнзэн байсан. Тэгээд л асуудал үүсч байсан билээ.

Г.Дэнзэн ажлаа хүлээлгэж өгчихөөд өөрийгөө хохирогчийн дүрд хувирган шүүхээр явж 4 тэрбум төгрөг “Эрдэнэс Тавантолгой” –гоос авч чадсан байгаа. Тэрбээр эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь Повер” ХХК "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй, хууль бус гэж үзэж байна гэж Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Үндэслэлээ тендерт шалгаруулчихаад ажил хийлгэлгүй гэрээ цуцалсан учир хохирол учруулсан хэмээн 7 тэрбум 413 сая төгрөгийг нэхэмжилсэн байгаа юм. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүх оны 10 сарын 16-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 4 тэрбум 835 сая төгрөгийг “Говь Повер” ХХК-д олгуулах шийдвэр гаргасан юм байна. Тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой" компаниас 2013.11.28-нд 1 тэрбум 200 сая, 2013.12.13-нд 100,0. сая, 2013.12.27-нд 600.0 сая, 2014.01.03-нд 2 тэрбум, 2014.01.16-нд 788.5 сая төгрөг тус тус шилжүүлүүлэн авчээ.Нэгэн цагт ТУЗ-ийнх дарга явсан хүний эхнэрийн нэр дээрх компани руу 4 тэрбум 688.5 сая төгрөг шилжүүлсэн талаараа "Эрдэнэс Таван толгой" компанийн удирдлагууд ер нь бол чив чимээгүй байх сонирхолтой байсан ч, хэвлэлээр мэдээлэл гарангуут дуугарч байгаа юм.
Ямартаа л “-Уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх нь холбогдох хууль хяналтын байгууллагад байгаа. “Эрдэнэс-Таван Толгой” компани уг асуудлыг өөрийн хүсэлтээр эрх бүхий байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Ингэх нь стратегийн томоохон ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-Таван Толгой” компанийн өнөөгийн үйл ажиллагааг бодитоор дүгнэхэд тустай төдийгүй олон нийтэд компанийг тойрсон асуудлуудаар үнэн зөв мэдээллийг өгөхөд чухал ач холбогдолтой.” гээд “Говь Повер” ХХК танай компаниас хохирлоо шаардах эрхтэй юу? гэдэг асуултад “-Уг компани Монгол Улсын Иргэний хуулийн 229 болон 355 дугаар зүйлийн дагуу хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан. “Говь Повер” ХХК 2014 оны долдугаар сарын дөрөвний өдөр гаргасан нэхэмжлэлдээ манай компаниас нийт 7.4 тэрбум төгрөг нэхэмжилсэн. “Говь Повер” компанийн үнэлгээг бид өндөр гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаарт зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээг хийлгэх хүсэлтээ бид шүүхэд гаргасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 4071 дугаар захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч үнэлгээ хийж, 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот дүгнэлтээр 5.3 тэрбум төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын дээрх үнэлгээг 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлаараа хэлэлцэж баталгаажуулсан.” хэмээн мэдэгдсэн байгаа.
Тэгэхээр Г.Дэнзэнд бараг 5 тэрбум шахуу төгрөгийг төрийн компаниас гаргуулан авах эрхтэй л гэж тэд зүтгээд байна. Үгүй тэгээд эрхгүй гэвэл өөрсдөө унах хорвоо доо.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна