Ерөнхийлөгчийн ”Шилэн данс”
2014/12/24

Шилэн өмнөтгөл...

Шинэхэн засгийн нөхдүүд гараанаас гарсны араас Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхэд яг найман хоног үлдлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ухаалаг төр рүү шилжих” бодлогын хүрээнд Шилэн дансны хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барьснаар,  шинэ оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хэрэгжиж эхлэхээр болоод буй.  Тэгэхээр одоо шилэн данс хэр тунгалаг байхыг харах үлдэх шив. Улаан зангиатай, цагаан захтнууд  хар гараа  ард түмний халаас руу дураа хүрсэн үедээ шургуулаад байж чадахааргүй, тийм үр дүнг энэ хууль дагуулна гэсэн хүлээлт байгаа юм.

Шилэн дансны тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог  бүрдүүлэхэд оршино” хэмээн дурдсан байдаг.

Хууль санаачлагчийн өмнөтгөлд...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн талаар  өнгөрсөн долоо хоногт тавьсан илтгэлдээ “Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсөв, орон нутгийн өмчөөс санхүүждэг байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуй болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Үр ашиггүй зардал, тендерийн маргаан, шахааны бизнес үгүй болох чухал алхам гэж бид үзэж байгаа хэмээн дурьдсан билээ.

Хэн юу хэлэв...

Анх хуулийн төслийг хэлэлцэж эхэлж байхад “Шилэн данс” гэдэг нэрний талаар зарим нэг гишүүд таалагдахгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, “одоо доторх нь харагдахгүй, тас хар, модон чулуун данстай байгаад одоо шилэн болгох гэж байгаа юм уу. Тунгалаг гэсэн үг үү. Төсвийн ил тод байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэж болох байтал илүү зардал болж шинэ хууль гаргах шаардлага байхгүй” гэх мэтээр үзэж байсан. Түүнчлэн хэн юу хэлснийг тодотгоё.

УИХ-ын гишүүн Л.Цог: “Шилэн данс” гэдэг нэрийг юу гэж ойлгох юм бэ? Өөр нэр олж болоогүй юм уу”

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Ийм нэртэй хуультай улс хаана байна. Энд чинь төрийн хэрэг явж байна шүү дээ. Орчуулгыг нь УИХ-ын гишүүдэд гаргаж өг. Төсвийн дансыг ил тод болгох шаардлагыг ойлгож байна. Харин нэр томъёо нь ямар байх юм бэ? “Шилэн данс” гэсэн үгийг ойлгохгүй байна”

Ч.Хүрэлбаатар:  “Энэ хуулийг эртхэн дэмжих байсан юм. Шилэн дансны хууль гарчихсан байсан бол Бразил руу тэр 18 төлөөлөгч явахгүй л байх байсан. Гурван сая төгрөгөөр авдаг зүйлийг 15 саяар авахаа болино. Хаана татвар төлөгчдийн хөрөнгө буруу зүйлд зарцуулагдаж байгааг энэ хуулиар мэдэх боломжтой болно. Бидэнд Ил тод мэдээллийн тухай хууль гэж бий. Тэр нь мэдээлэл хүсвэл 14 хоногийн дараа гаргаж өгөх агуулгатай”.

Ж.Батзандан: “Энэ хуулиар төсвийн байгууллагуудын дотоод, гадаад аудитыг тодорхой болгож өгсөн. Мөн иргэний хяналт, иргэний хүсэлт, өргөдлийн дагуу аудит хийх боломжийг тусгаж өгсөн.Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хувьсгал авчирна”

ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатар: “Энэ тогтолцоо томоохон шинэтгэлийг авчрахаас гадна зөвхөн тендер бараа бүтээгдэхүүн худалдан авах ч биш төрийн, ард түмний мөнгийг тухайн байгууллага хэрхэн юунд зарцуулж байгааг хянаж болно гэсэн үг гэсэн байгаа юм.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль нэр талаасаа гоочлогдон, агуулга талаасаа тоогдон хэлэгдсээр ийн ажил хэрэг болох шатруу дөхлөө. Чухам ямар үр дүн дагуулах нь ирэх жилүүдэд харагдах биз ээ.

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    erunhiilugch er ni hudlaa belen tsetsen yrihaas uur yu hiij bna oo ard tumen ulburch uhlee sh de ymnii une tengert hadaj bna
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
Сонин хачин