Тавантолгой улстөрчдийнх боллоо
2014/12/23

Хэдэн ч он дамнан яригдав даа, энэ Тавантолгой. Гээд яахав, ямартай ч хөрөнгө оруулагч нь тодорхой боллоо. Удаан гацсан асуудал ингэж нэг зам гарц нь тодорхой болж таарч байна. Засаг эмхлэгдсэний араас гарсан ийм шийдвэр ер нь бол монголын улстөр, эдийн засгийн хүрээнд чамгүй хугацаанд халууны хэмээ хадгалсан хэвээр байж ирсэн асуудлын шийдэл болж байна. Яг өнөөдрийн тухайд хамгийн зөв шийдвэр гарсан гэж хэлэхэд бол эртдэнэ. М.Энхсайхан Монгол Улсын сайд болсныхоо дараахан ярилцлага өгөхдөө “Монгол Улсын Ерөнхийлөгч Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам гээд томоохон төслүүд дээр задлан шинжилгээ хийх үүрэг өгсөн. Энэ үүргийг биелүүлэхээс ажлаа эхлээд явж байна.  Цаг хугацааны хувьд тулгамдаад байгаа Таван толгойн ордод хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгалтыг зохион байгуулах, шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайд намайг тавьсан.” хэмээн ярьсан.  Тэгвэл ажлын хэсгийн дарга шуурхай ажилласан харагдана.

Түүний хэлсэнчлэн өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргаад олон улсын уралдаант шалгаруулалт зарлаж, 6 компанид урилга хүргүүлснээс  хоёр компаниас санал ирүүлж, бусад нь талархлаа илэрхийлсэн захидал ирүүлсэн. Тэгээд "Пибоди" болоод “China Shenhua Energy”, “Sumitomo corporation”, “Энержи Ресурс” гэсэн Монгол, Хятад, Японы гурван улсын компанийн хамтарсан түншлэлээс сонголт хийх боломж манайд  үлдсэн гэнэ. Улмаар хамтарсан түншлэлийг сонгоод байгаа аж. Засгийн газраас шалгарсан компанид зүүн болон баруун цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх шаардлага тавьж буйгаас гадна  "Чалко"-гийн өрийн үлдэгдэл болох 100 гаруй сая ам.долларыг төлөх,  шаардлагатай дэд бүтцийг байгуулах гэхчлэн хэд хэдэн нөхцлийг тавьж байгаа гэх мэдээлэл байна.

Тэгэхээр Энержи ресурсын тухайд өмнө нь Чакогийн өрийг засгаас худалдаж авах санал тавьж байсныг сануулахад илүүдэхгүй биз. Ерөөсөө Тавантолгойд орж ирэх сонирхлоо дэндүү тодоор илэрхийлж байгаад ийн ажил хэрэг болгож байна. Тодотгоход, “Энержи ресурс” нь Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат,  М.Энхсайхан, Г.Батхүү  гэхчлэн монголын нэр бүхий улстөрчдийн хувь нийлсэн компани гэгдэж ирсэн. Тавантолгой ордын 20 хувьд эзэн сууж ирсэн тэд   арван  онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон эзэд юм. Тэгвэл одоо нэг талаас М.Энхсайханы хэлсэнчлэн нүүрсний үнэ тэнгэрт байхаа болиод Тавантолгойг сонирхогчид цөөрсөн үед тэд орж ирж байна.

Одоо бол дараа дараачийн асуудал чухалд тавигдана. Бид бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-н жижигхэн хувьцаа эзэмшигчид. Өнгөрсөн хугацаанд  “Эрдэнэс Тавантолгой”–н  IPO-г гацааж байгаа олон шалтгаанууд байсан нь мэдээж хөрөнгө оруулагч тодроогүй байсантай шууд холбоотой. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Батболд сүүлд Тавантолгойн талаар ярихдаа  “-Тавантолгойн талаар би одоо буцаж, түүх яримааргүй байна. Нарийн яривал Тавантолгойн ордын лицензийг авч хадгалахад  ч,  төрд, ард түмэндээ буцааж өгөхөд ч манлайлсан хүн нь би юм шүү дээ. Хэрвээ тухайн үед лиценз нь гадаадынхны гарт орчихсон, худалдагдчихсан байсан бол төрд буцааж авч чадахгүйн дээр Тавантолгойн баялаг Монгол Улс, монголчуудын тоглоомын дүрмээр явахгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл, энэ ордын байрлал нь Монгол Улсын нутагт ч баялаг нь тухайн лиценз эзэмшигчийнх байх байв. Өнөөдөр бид Оюутолгойн гэрээг яагаад өөрийн хүсэлд 100 хувь нийцүүлж хийж чадаагүй вэ гэвэл хөрөнгө оруулалт, технологи байхгүй, туршлага дутна гэдгээс гадна энэ ордын лиценз нь гадаадын компанийн нэр дээр байсан учраас бид хэдийгээр баялгийн эзэн ч гэсэн өөрийн дураар нүүдэл хийж болоогүй. Харин азаар Тавантолгойн ордын лиценз монголчуудад байсан учраас төрд буцааж өгсөн  юм. Тэгэхээр улстөрчид маань тэдгээр хүмүүст талархдаггүй юмаа гэхэд үнэнийг гуйвуулж гүтгээд байх нь зүйд нийцэхгүй л дээ Үнэнийг гуйвуулж, эдийн засаг байх ёстой Тавантолгойг үргэлж улстөрийн зорилгоор ашиглаад байгаад харамсдаг. Энхбаяр даргын ярьсан тухайд тэр хүний л бодол байх. Гэхдээ гүтгэлэгт хязгаар байх ёстой. Тийм учраас би энэ талаар, ер нь Тавантолгойн ордын түүх, энэ ордын лиценз ямар хүмүүсийн нэр дээр байж байгаад төрийн мэдэлд яаж ирсэн, одоо хэн эзэмшдэг гээд бүх асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж бүх үнэнийг ард түмэндээ мэдээлээч гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад тавина гэж бодож байгаа. Тэр ажлын хэсэгт нь энэ хардаад, зориуд мушгиад байгаа улстөрчид, парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бас Тавантолгойн талаар бодит  байдлыг өгүүлсэн, үнэнийг тунгаах бололцоо олгосон нэвтрүүлэг хийж  ард түмэнд хүргэх ёстой гэж бодож байгаа.  Тавантолгойд  надад одоо манай Засгийн газраас нийт ард түмэндээ олгосон 1072 хувьцаанаас өөр хувь, оролцоо байхгүй хэмээн ярьсан байгаа. 

За улстөрчдийн байр суурь бол энэ маягаар хөвөрнө. Одоо Монгол, Хятад, Японы гэх тодотголтой компаниудын хамтын шийдлээр, жинхэнэ эдийн засгийн утгаараа, тээг саад багатай замаар Тавантолгой урагшлах уу гэдэг асуулт мэдээж тавигдана. Ер нь бол удаан жил яригдсан энэ тендерт хоёр хөршийн оролцоогоо хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг асуудал байж ирсэн. Тэгвэл шийдэл гарахад Оросууд байсангүй. Энэ нь биднийг зөвхөн өмнөд хөрш гэдэг нэг зах зээлээс улам бүр хараат болгож байгаа эрсдлийг дагуулж буйг  бас дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. 

Э.Болор 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    яасан их шунал вэ, санасандаа хурчдэг юм байж,санаагуйг чинь мэдруулэх одор бас ирнэ гэдгийг битгий мартаарай!
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • пппр
    муу хувалзнуудийг ард тумэн няц гишгих одор ирж л таараа,тэгж л бай муу балиарууд
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
Сонин хачин