Цаг үеийн салхи чиглэлээ өөрчилсөн, эрх чөлөө ханхлуулсан шинэ өдрүүдтэй учирсан монголчууд эхэндээ барьц алдсан нь үнээн. Хоёр хөршийн харилцаа дулаарч эхэлсний эхлэл чимээ манайханд чангахан тусаж, юм юмаар хомсдож эхэлсэн ч, хаашаа ч явж юугаа ч хийж болох эрх чөлөө манайханд байлаа. Тиймээс ч нэг хэсэг нь хилийн дээс алхан ганзагын наймаагаар бизнесээ эхлүүлж байхад, зарим нь гадаад ертөнцөд хөл тавьж, ирээдүйн түншүүдээ олж, эргэн монголдоо суурин бизнес эрхэлж байлаа. Тэгж өсч өндийсөн томоохон группууд өнөөдрийн монголд хэд хэд бий. Цагийн саалтанд зарим нь дотроо эе эвдрэлцэж байгаагийн жишээ ч байгаа. MSM-ийнхэн гэхэд гадаад дотоод хүргэд болоод хувь нийлүүлэгчидтэйгээ муудалцан, мөнхийн нөхөрлөл бус мөнхийн эрх ашиг гэж байдгийг бататгасан бол тэрнээс өмнө “Бодь”-ийнхон тар тур хийцгээсэн билээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ихээр өсч өндийсөн энэ том групп монголын бизнесийн талбар дахь орон зайгаа бүдгэрүүлэн нүд аних гэж буй тухай мэдээлэл тийм ч таатай дуулдаагүй гэдгийг тодотгоё. Үүсгэн байгуулагчдынх нь нэг нь улстөрд хөл тавьсны үр шимийг энэ групп үзсэн нь дамжиггүй ээ. Гэхдээ үүд хаалгаа барих дээрээ тултал тэд эв эвдрэлцсэн нь тиймхэн хэрэг. Гар гараасаа барилцан гараанаас хамтдаа гарч, төдийгөөс өдийг хүртэл хийж босгосон үүсгэн байгуулагчдын түнжин муудсан дотоод асуудалтай давамгай холбогдож таарах ч биз.
Тэгвэл сүүлийн мэдээллээр УИХ-ын гишүүн Л.Болд “Бодь”-д баяртай гэж хэлээд “Бод” нэртэй компани байгуулахаар болсон гэх юм. Угшил санааг нь харвал тэр аавынхаа санаачлагаар дүү Л.Болдхуяг болоод найз Д.Баясгалан, М.Зоригт нарын хамтаар Бодь группыг үүсгэн байгуулж байсан юм билээ. Үүслийг нь ярьвал Л.Болд, Л.Болдхуяг нарын аав буюу Соёлын яамны сайдаар ажиллаж байсан нэрт эрдэмтэн С.Лувсанвандан агсан зах зээлийн шинэ нийгэм монголд бүрэлдэн эхэлсэн 1990 онд “Бодь” хоршоог байгуулж байж. Харин тэгж тавигдсан суурийг эхэнд нэр нь дурдагдсан дөрвөн эрхэм өргөжүүлэн “Бодь интернэшнл” компани болгохдоо Германаас санхүүгийн дэмжлэг авсан байдаг юм билээ. “Бодь интернэшнл” групп өнгөрсөн жилүүдэд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 шахам охин компанийн эцэг болж, чамгүй өндөр насыг элээсээн.
Гэвч тэгээд, нийлж нэгдэж байгуулсан эзэд нь салаа замыг сонгож байхад групп яах билээ. Тус группын уналт доройтолтой холбоотой эхний мессеж нь өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлчээр “Голомт” банкинд үүссэн хямаргаант нөхцөл байдалтай холбоотойгоор гадагшилж байсныг эргэн сануулъя.
“Голомт” банкны ТУЗ-ийн гишүүд түнжин хагараад байна гэх мэдээллийг бататгах нэгэн баримт хэвлэлийн хуудаснаа гарсан нь, “Голомт” банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Л.Болдын өмгөөлөгч З.Сүхбаатар гэгчийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хандан илгээсэн захидал байсан билээ.

Тэрхүү захидалд “Голомт” банкинд үүсээд байгаа нөхцөл байдлыг тодорхой дурьдсан байдаг. Тухайлбал, “Банкны хувьцаа эзэмшигчдийн 2013 оны ээлжит хурлаа хийж чадсангүй. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ёстой бөгөөд хэрэв энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болно” гэсэн хууль зүйн нэн хортой үр дагаварт хүрч байна” гэдгийг өгүүлсэн байдаг. Түүнчлэн банкны одоогийн удирдлагууд үүрэгт ажлаа муу гүйцэтгэж, ажлаа орхин зугтааж байгааг онцлоод Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн зааснаар “Банкны гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх” зэрэг холбогдох албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүссэн байдаг. Мөн, “Голомт банк нь хэдийгээр хадгаламж, харилцагчдынхаа төлбөр, тооцоог хийх бүрэн чадвартай гэдэгт эргэлзэхгүй байгаа боловч түүний гүйцэтгэх удирдлагын зүгээс хийж байгаа иймэрхүү хууль бус үйл ажиллагааг цаг алдалгүй таслан зогсоохгүй бол цаашид байдал өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй юм” гэсэн нь ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалантай шууд холбогдсон асуудал гэдгийг хэвлэлийнхэн тодотгож байв. Д.Баясгаланг Японы Иточу корпорацитай хамтарч гэрээ байгуулж зарим компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байсан нь олон улсын “FCICapital” аудитын байгууллагын шалгалтаар тогтоосон байгаа гэсэн байдаг юм.
Ерөөс энэ мэт мэдээллүүд нь Л.Болд, Д.Болдхуяг, М.Зоригт, Д.Баясгалан нарыг нэгэн дээвэр дор багтаж шингэхгүй болсон гэдгийг бататгасан. Тэгэхдээ “Бодь” группыг үүсгэн байгуулагчид группынхаа үүдийг юу юугүй шууд хаачихалгүй “Бодь сан” гэгчийг байгуулсан гэх мэдээлэл бас байсан. Энэ нь төдийгөөс өдийг хүртэл замнаж ирсэн том группын зангарагийг завагтай хутгачихалгүй нийтэд харагдуулж буй өнгөлөн далдлалт байж болох талаар ч бичиж л байв. Түүнчлэн өмч хөрөнгийн хуваарилалтаа ч хэдийнэ хийсэн бөгөөд “Бодь цамхаг” Л.Болдын мэдэлд бүрэн шилжсэн гэгдэж байсан юм.
За харин Л.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-Ардчилсан нам гудамжинд байхад их эв нэгдэлтэй. Яг төрийн эрх авах үед тэр нь тэрэндээ муу гэнэ гээд л ярьдаг биз дээ. Түүнтэй адилхан “Бодь” гэдэг жижигхэн нэг өрөөнд багтдаг компани байсан. Тэгэхэд хэн ч ан цавтай байна гэж ярьдаггүй байсан. Өнөөдөр бол бас л том байгууллага болчихсон байгаа байхгүй юу. Тиймээс том байгууллагад байдаг бүх юм байгаа. Үзэл бодлын ч зөрчил байгаа, үйл ажиллагааны санал зөрөлдөөн ч байгаа. Бүх юм байгаа. Энэ бол аливаа байгууллага амьд организмтай явж байгаагийн л шинж шүү дээ. Бүгд ах дүү нар байгаа биш. Хамт төрөөд, өсчихсөн, нэг гэрт байдаг улсууд биш. Хүн болгон бие даасан ертөнц, өөрөө өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг хариуцна. Тэгээд дээрээс нь зөрөлдөөнүүд байгаа бол тэрнийгээ ойлголцоод зөв болгоод л явах ёстой. Зарчмын л дагуу явах ёстой...” гэсэн байдаг юм. Тэгэхээр нэгэнтээ ойлголцол нь энэ хэмжээнд хүрсэн хүмүүсээс шинэ шинэ үр дүнг л хүлээх үлдэж байх шив.
Э.Болор
Сэтгэгдэл байхгүй байна