МИАТ болоод “Нүхт тур” ХХК-ийн хоорон дахь түншлэлийн ард нэр бүхий улстөрчдийн эрх ашиг нуугдаж ирсэн гэх мэдээлэл бий. Эдгээр компаниуд катерингийн үйл ажиллагааны гэрээ байгуулахдаа хууль дүрэм зөрчсөн баримт байдаг. Тэр талаар дуулгахаасаа өмнө өгүүлэхэд НМХГ-аас "Нүхт тур" ХХК-ийн авиа катерингийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд, шаардлага хангахгүй хоол хүнс нийлүүлдэг нь тогтоогдсон байгаа юм. Тухайлбал, бэлэн болсон хоол хүнснээс дээж авч НМХГ-ын тєв лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол зєвшєєрєгдєх хэмжээнээс ихээхэн хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Мөн технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагй, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг нисэх онгоц руу зєєвєрлєхєд зориулалтын хєргүүр, тємператур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мєрийг мєрдєн тогтоох бүртгэл хєтєлдєггүй байсан зэрэг зөрчил илэрсэн учраас НМХГ-аас "Нүхт тур" компанид зєрчил арилгуулах үүрэг даалгавар єгөөд байгаа юм. Харин тэд зөрчлөө залруулах эсэх нь тодорхойгүй байна. Энэ дашрамд МИАТ компанийн Катерингийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэе.

“МИАТ” ХК нь 1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компанийхаа олон улсын нислэгийн зорчигчийн хоолыг өөрөө бэлтгэдэг бэлтгэх цехтэй болсон байдаг. 2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллажээ. Харин 2002 онд “МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтын өөрчлөлт хийж аж ахуйн тооцоон дээр ажиллуулах болж, 13.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Улмаар 2006 он хүртэл бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг охин компани байсныг буцаан өөрчилж “МИАТ” ХК-ийн Катеринг төв гэсэн хэлтсийн зохион байгуулалтад оруулсан байна. 2008 онд Катерингийн төвд “МИАТ” ХК 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл шинэчлэл, агуулах, хөргөх хөлдөөх байгууламжийг шинээр барьсан байдаг.
Харин одоо бол “МИАТ” ХК болон “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан 2 гэрээний дагуу катерингийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэдгээр нь:
-2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн Катеринг төвийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд 2 жилийн хугацаатайгаар байгуулсан байна. Энэ нь “Удирдлагын гэрээ” юм.
-2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09/139А тоот “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”-г “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан байна. Энэ нь “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” юм.
Удирдлагын гэрээг байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй байсан нь 2011 онд хийгдсэн шалгалтаар тогтоогдсон байдаг. “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эдийн засгийн тооцоо, судалгааг хангалтгүй байна гэж үзээд дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлэх үед Удирдлагын гэрээ байгуулагдсан байсан байна. Компанийн ТУЗ-ийн хурлаар энэ асуудал дахин хэлэлцэгдээгүй аж.
Энэ нь Компанийн тухай хуулийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана”, МИАТ ХК-ийн дүрмийн 7.9.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь МИАТ ХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц...-ийг батлах”-аар заасныг тус тус зөрчсөн явдал болжээ.
“Нүхт тур” ХХК-д Катеринг төвийг хүлээлгэн өгөх үеийн байдлыг тухайлан авч үзвэл 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний дагуу “Нүхт тур” ХХК-д Катерингийн төвийн нийт 1.926.791.9 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдаг.
Удирдлагын гэрээгээр Гүйцэтгэгч тал нь Катерингийн төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй байх, сайжруулах, Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах үндсэн үүргийг хүлээсэн аж.
Гэрээний хугацаа 2 жил, гэрээний хавсралт “В”-ийн 11-д “Удирдлагын гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурах өдрийг 2011-8-10 байхаар тусгасан, 2.1.3 дахь заалтад гэрээг 2 жилийн хугацаатайгаар 2 удаа сунгаж болно гэж заасан байна.
Сонирхолтой нь, “МИАТ ХК-ийн катеринг төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх 09/139 тоот удирдлагын гэрээг сунгах тухай” гэрээг 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “МИАТ” ХК-ийг төлөөлж Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Жаргалсайхан, “Нүхт тур” ХХК-ийг төлөөлж Д.Хоржав нарын хооронд байгуулж, гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байдаг аж.
Тэгэхээр МИАТ-ийн өнөөгийн удирдлага Г.Жаргалсайхан эрхмийн тухайн үед гарын үсэг зурж сунгасан гэрээтэй холбоотой асуудал өдгөө яригдаж байна. Гэсэн мөртлөө өөрөөсөө асуудлыг холдуулаад байдаг. Гол нь “Нүхт тур” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол, санал өнгөрсөн хугацаанд МИАТ-д ирж байсан ч, дархлагдчихсан “Нүхт тур” ХХК-д хир халдахгүй явж ирсэн байна. Түүнчлэн энэ компанитай заавал гэрээлэхгүйгээр МИАТ өөрөө Катерингийн үйл ажиллагаагаа явуулж болох байтал анхнаасаа бусдыг угжих зорилгоор ийнхүү давхар давхар гэрээ байгуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
Б.Билэг
Сэтгэгдэл (2)