
Барууныхны саад тээг болсон хориг улсынх нь эдийн засагт үүсээд байгаа шүдний өвчний нэлээд хэсгийн шалтгаан болж байгааг хойд хөршийн төрийн тэргүүн хэвлэлийнхэнтэй уламжлалт уулзалтаа хийх үеэрээ хэллээ. Тэрбээр Орос гүрний өмнө тулгараад байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэгвэл нэгэн цагт дэлхийн хамгийн баян 20 хүний нэгд тооцогдож, Оросын газрын тосны зах зээлийн хамгийн том тоглогч, “ЮКОС”-ын тэргүүн байсан Михаил Ходорковский Оросын улстөр, нийгмийн тогтолцооны талаар дуугарч байна. Тэр хөрөнгө чинээний хувьд тээр хол шидэгдсэн ч итгэл үнэмшил, үзэл баримтлалын хувьд харин бууж өгөөгүй ээ. Сибирийн алслагдсан шоронгоос гарч, эрх чөлөөгөөр амьсгалж яваа тэрбээр Путинизмын эсрэг тэмцлээ үргэлжлүүлсэн хэвээр байгаагаа хэлж ярьж л явна. Путины тогтоосон ноёрхлыг нийгмээрээ эсэргүүцэн, үлдэн хөөхөд 10-аас доошгүй жил шаардлагатай байж болох талаар, мөн тогтолцооны өөрчлөлттэй Орос гүрэн нүүр тулах тэр үест өөрөө төр засгийг хэсэг хугацаанд тэргүүлчихээд ардчилсан сонгууль явагдаж, цэвэр хүмүүс гарч ирсний дараа улстөрийг сэтгэл амар орхиход бэлэн гэдгээ шулуухан хэлж байна. Уг нь түүнийг В.Путинтай тохироо хийн гарч ирсэн гэж харагсад байсан. Бас засгийн эрх тийш санаашран харахгүй гэх мэдээлэл ч байсан. Тэр BBC-д ярилцлага өгөхдөө Орос орныг өөрчлөхийн төлөө хичээл зүтгэл гаргах хүмүүсийн нэг нь өөрөө гэдэгт эргэлздэггүй гэдгээ хэлсэн. Тэгэхдээ өнөөгийн дэглэмийн байр сууринаас тэс эсрэг байгаагаа, Орос оронд өөр нэг Путин хэрэггүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Мөн тэрбээр “Миний хувийн амьдралыг тооцохгүй бол өнгөрсөн арван жил оюун санааг минь огтхон ч эвдээгүй. Харин ч миний боломж нэмэгдсэн. Эрх баригчид тавьсан зорилгодоо хүрээгүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Тэд өрсөлдөгчийг нь нийгэм ор тас мартахыг хүсч байсан. Гэвч намайг мартаагүй. Би эрх баригчдын хувьд урьдын адил ноцтой асуудал хэвээр байгаа бололтой. Нөгөө талаар өнөөгийн нөхцөлд “Би ялсан, тэр ялагдсан”, эсвэл “Чи ялсан, би ялагдсан” гэж ярих нь утгагүй. Намайг чөлөөлсөн нь Путин болон сөрөг хүчнийхний харилцан буулт хийсний үр дүн... Засгийн эрх болон хуучин компанийнхаа хувьцааны төлөө тэмцэхгүй гэдгээ би олон жилийн турш ярьж байгаа. Улс төрийн тэмцэл бол төрийн өндөр албан тушаал авах гэсэн хүний эрх мэдлийн төлөөх тэмцэл. Ийм зүйл миний сонирхлыг татахгүй байна...” хэмээн ярьсан юм.

Тэгэхээр засгийн эрх мэдлийн төлөө тэр тэмцээгүй, харин Путины хэт хувьчилсан ноёрхлыг бүрэн халахын төлөө бол тэр засгийг хэсэг хугацаанд тэргүүлж болох юм гэж ярьж байна. Ер нь бол өнгөрсөн хугацаанд үзэгдэх байдал дээрээ Путин түүнийг өршөөсөн ч, Ходорковский нуруугаа авахуулсан морь шиг тэрчигтээ төгсөхгүй, тэр эргэн ирнэ гэж үзэх ажиглагчид цөөнгүй байсан. Барууныхан ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд Ходорковскийг урдаа барьж ирсэн гэх асуудал ч бий. Ямартай ч М.Ходорковский, В.Путин хоёрын ил тод зөрчилдөөн өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтийн анхааралд байсан. Ходорковскийн өнгөрсөн жилүүдийн бараан амьдралын учиг ч гарцаагүй В.Путинтай холбогдож таардаг. Эргэн санахад В.Путины бамбарууш гэгддэг Дмитрий Медведев Ерөнхийлөгчийн суудалд сууж байх үедээ Михаил Ходорковский өөрөө өршөөл хүсээгүй цагт түүнийг өршөөнө гэж байхгүй гэдгээ мэдэгдэж байсан юм.

Тэр нарснаас наранд гарч эрх чөлөөт амьдралдаа эргэн орохын тулд Кремлийн эрх баригчдын өмнө хамаг гэм буруугаа наминчлаагүй ээ. Харин одоо тэр ийн эргэн эсэргүү зүйлсийг хэлж ярьж байгаад дахин өргөст торны цаана суух вий гэх шинжээчид ч байна. Оросын улстөрд хамгийн нөлөөтэй ялтан гэгдэж байсан түүнийг В.Путин тэгж амар тавихгүй гэдгээ харуулж хэдэн жилийг өнгөрүүлсэн. В.Путин телевизийн ярилцлагад орохдоо ОХУ-ын шүүхийн тогтоолын дагуу хоригдож байгаа Михаил Ходорковскийн шууд зааврын дагуу үйлдэгдсэн байх магадлалтай хүн амины таван хэрэг бий хэмээн ярьж, түүнийг эдийн засгийн бас эрүүгийн хэрэгт буруутгаж байгаагаа илэрхийлж л байсан. Магадгүй, түүнийг буруутгах дараагийн шинэ үндэслэлүүд нь хүн амины хэрэгтэй холбоотой байж болохыг барууны ажиглагчид үгүйсгэхгүй байсан билээ. Гэхдээ Ходорковский өнөөдрийн тухайд наранд байна.

Харин Кремлийн шазууртай эзний зэвүү дургүй хүрвэл хэцүү гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Ходорковский гараад ирсэн ч “МФО Менатеп”-ийн тэргүүн Платон Лебедев, “ЮКОС”-ын аюулгүй байдлын албаны дарга асан Алексей Пичугин нарын хүмүүс эрх чөлөөгүй хэвээрээ байгаа. ЗХУ задран унасны дараах Кремлийн төрийн сангаа хувийнхандаа шилжүүлэх бодлогын улбаагаар “мэндэлсэн”, улмаар хувьчлалаар авсан хөрөнгөө захиран зарцуулахдаа Кремлийн дараагийн шинэ удирдагч В.Путины таалалд үл нийцсэн тул шийтгүүлсэн олигархиудын дотроос хамгийн их занагдсан М.Ходорковский анд нөхдөө эрх чөлөөтэй байгаасай гэж хүсч буй нь дамжиггүй.
Тэр хэрхэн өсч өндийсөн үүх түүхийг сануулъя. Хуучин Орос нуран унаж, социалист эдийн засгийн тогтолцоог бүрэн халж, шинэчлэгчид шинэ бодлогыг хөрсөнд буулгахаар хүчээ дайчилж байсан тэр үед Англи, Франц, Герман зэрэг баруунтнуудын зүгээс хувьчлалыг эхлүүлэх шаардлагатай тулж асан Борис Ельцин өмч хувьчлалыг эхлүүлсэн. Гэхдээ Ельцин өмч хувьчлалын үр дүнг барууныхан бус Оросууд өөрсдөө хүртэх ёстой, тэгж ч хийх ёстой гэдгийг баттай ухамсарлаж байсан. Тиймээс ч М.Ходорковский ЮКОС-ыг 350 сая доллараар авсан байдаг. Тэрчлэн ЮКОС түүний мэдэлд очсоноос хэдхэн сарын дараа компанийнх нь зах зээлийн бодит үнэлгээ 6 тэрбум доллараар хэмжигдэж, Ходорковскийг хувьчлалын буянаар 5 тэрбумыг зүгээр л халаасалсан хэмээн бусад нь ярих болсон байдаг. Гэхдээ тэр ийм хэмжээний хөрөнгийг өөрийн болгосон нь үнэн байлаа ч, луйвардаж авсан гэж харах нь өрөөсгөл. Учир нь Борис Ельцин компаниудыг дэлхийн жишгээр үнэ хүргэн хувьчилсан бол хэзээ ч М.Ходорковский болон бусад нь авч чадахгүй байх байсан гэдэг. Тиймээс ч Борис Ельцин Орос орны өмчийг барууныханд тавиад туучихгүйн тулд хэтэвч нимгэн, дөнгөж хөл дээрээ зогсон ядаж байсан, ирээдүйн олигархиудтайгаа тохиролцоо хийн төрийн өмчийг хувьчлах замыг сонгосон байдаг. Нэг ёсондоо найр тавьсан ч гэж харж болохоор. Гэхдээ тэдний захиран зарцуулалтад хяналт тавих ёстойгоо Борис Ельцин сайн мэдэж байж. Тэрбээр Кремльд жилд нэг удаа Оросын хамгийн баян бизнесмэнүүдтэй уулзаж, тулдаг уламжлалыг тогтоосон нь ч тэрхүү хандлагынх нь илэрхийлэл юм. Тэгэхдээ Борис Ельциний зүгээс бизнесмэнүүдийг улстөрд ороход аймшигтай хатуу хоригийг тавьж байсан уу гэвэл үгүй.

Гэтэл түүний халааг авч Кремльд заларсан В.Путин мөн л түүний уламжлалыг даган хамгийн баян бизнесмэнүүдтэй уулзалт хийхдээ, хамаагүй хатуу харьцах арга замыг сонгосон. Тэр бизнесмэнүүдэд “та нар улстөрд орж болохгүй” гэсэн хатуу сануулгыг шууд л өгсөн. Харин М.Ходорковскийн тухайд улстөрд орох эртний хүсэл, зорилго байсан. Тэгээд ч улстөр дэх нөлөөллөө амжилттай ахиулж байсныг нь илтгэх баримт ВР корпорацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан John Browne-ын “Бизнесээс ч илүү” номд бий. John Browne М.Ходорковскийг дэндүү өндөрт гарчихсан байсан хэмээн тодорхойлсон байгаа юм. Тэрээр М.Ходорковскийтой уулзсан тухайгаа, Оросын газрын тосны хүчирхэг эзэн түүнд Оросын улстөр дэхь өөрийнх нь хяналтад байдаг нөлөө бүхий хүмүүсийн талаар ярьж байсныг дурсаад дэндүү хүчтэй болсон байсныг нь нэхэн тодотгосон байгаа.

Мөн Интерполийн ОХУ дахь Төлөөлөгчийн газрын дарга асан Владимир Овчинский В.Путин, М.Ходорковский нарын зөрчилдөөний бодит шалтгаан нь “ЮКОС”-ын тэргүүн татвараас зайлсхийж, ихээхэн хэмжээний мөнгийг завшсанд бус шууд улстөрийн агуулгатай болохыг мэдэгдсэнийг НТВ.Ru сайт дамжуулсан юм. Владимир Овчинский үүрэгт ажлаа өгсөнийхөө дараа “...Ходорковский АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейнитэй дотно харьцаатай байсан нь В.Путиний хувьд болгоомжлолыг дагуулж байсан. Тэрбээр Ходорковскийг өөрийнх нь эрхэм дээд сэнтийг булаалцалдана гэж хардаж байсан. Тэрдундаа Дик Чейни гэхчлэн Америкийн нөлөө бүхий улстөрчдийн дэмжлэгийг ашиглан өөрийг нь зайлуулж болзошгүй гэж үзсэн тул Ходорковскийгоос сэргийлсэн хэрэг” хэмээн мэдэгдсэн юм.Ийм маягаар хөвөрдөн аваад үзэхэд ч М.Ходорковскийн тухайд В.Путинд таалагдахгүй зүйл цөөнгүй байсан байх магадлалтай. Ил харагдаж байгаачлан бол М.Ходорковский В.Путины бодлогыг эсэргүүцэгч, сөрөг хүчний Б.Немцовыг санхүүжүүлсэн нь түүнийг бүх зүйлээ, бүр эрх чөлөөт амьдралаа алдах зам руу хөтлөсөн бас нэг шалтгаан болсон. Нэгэн цагт В.Путинтай найз нөхөр шиг энгийн найрсаг харилцаатай байж, Ерөнхийлөгчийн захиргааг сая, сая доллараар угжиж явсан гэгдэх М.Ходорковский олон жилийг өргөст торны цаана өнгөрүүлсний дараа гэртээ эргэн ирээд байгаа нь юутай ч таатай л хэрэг юм даа.
Уг нь арван жилийн өмнө В.Путин түүнтэй хувьчлан уулзаад сөрөг хүчнийг дэмжихгүй байхыг хичээнгүйлэн хүссэн гэдэг. Харин дээр хэлсэнчлэн улстөрөөс хол байх хүсэлгүй М.Ходорковский түүний үгнээс зөрсөн. Зөрөөд зогсохгүй эрхэм Ерөнхийлөгчийнхөө Оросын хамгийн баян бизнесмэнүүдтэй хийдэг ээлжилт уулзалт дээр Кремльд бугшсан авлигын асуудлыг ил тод гаргаж тавьсан. Бүр өөрийнх нь болон бусдынх нь оролцоотойгоор тогтолцоо болон даамжирч, нийгмийг идэж байгаа авлигыг нухчин дарах цаг ирчихээд байгаа тухай тод ярьсан нь, түүнийг өргөст торны цаана удаан жилийг элээх амаргүй тавилан тийш түлхсэн харагддаг. Харин одоо тэр наранд яваа.
Э.Болор
Сэтгэгдэл (2)