Засаглах эрх мэдлийг эргэн атгалцаж эхэлсэн МАН-ын эмэгтэйчүүд саяхан чуулсан. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 20 жилийн ойгоо тохиолдуулан үндэсний чуулган зохион байгуулахад МАН-ын хүүхнүүд бүгдээрээ л ирсэн. Зөвийг сэдэж, дуугардаг хүмүүс ч байсан, бас эрх мэдлийн төлөө хэт улайрдаг нь ч байсан, сайдын суудлын төлөө ид тэмцэл өрнүүлж байгаа нь ч бас ирсэн харагдсан. Тэгвэл бид энэ удаад сайдын суудал горилоод хоцорсон эмэгтэйчүүдийн талаар цухас өгүүлж байна.

Зугтаад ирсэн хүн
Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Л.Амгаланг Америк руу зугатсан гэх мэдээлэл нэг хэсэг шуугиан дэгдээсэн дээ. Тэгвэл тэр эргээд ирсэн. Ирээд зогсохгүй эмэгтэйчүүдээ оройлон үйл ажиллагаа зохион байгуулаад явж байна. Түүний нэр бас сайдад яригдсан. Гэхдээ болоогүй ээ.
Сануулахад, Баянгол дүүргийн ИТХ-ын хуралдаанаар Л.Амгалангийн төрийн мөнгийг хувьдаа завшиж байсан бусармаг үйлдэл ил болсон гэдэг. Тэрбээр Баянгол дүүрэгт сургууль болон цэцэрлэгийн 100 орчим га газрыг зарсан бөгөөд дүүргийн тамгын газрын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөх нэрийдлээр 5 сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс олгож, түүнээс саяыг нь намдаа хандив болгон авч байгаа хэмээн тайлбарлан хувьдаа завшсан гэдэг. Мөн тэрбээр Засаг даргаар ажиллаж байхдаа жилд 8-10 удаа төсвийн мөнгөөр гадаад руу явж байсан нь ч мөн илэрсэн гэдэг. Түүнтэй холбоотой эл асуудлыг хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэж шалгуулахаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бэлтгэж байгааг мэдчихээд Л.Амгалан АНУ-руу зугатсан гэх мэдээлэл гарч байсан билээ.

АН-ын бас МАН-ын ч хүн
Дэд сайдын суудал горилсон хүмүүсийн нэг бол М.Оюунчимэг. Сү.Батболдын хүн гэх тодотголтой түүнийг нэгэн цагт АН-ын гишүүн явсан, хоёр нүүртэй хүн гэх мэдээлэл гарч байлаа. Юу гэхээр МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос намын удирдлагадаа шаардлага хүргүүлсэн байдаг. Тодруулбал, МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг болох н. Оюун-эрдэнэ нэгэн ярилцлагандаа "Тус намын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нь өмнө нь Ардчилсан намын гишүүн байж, албан тушаалд томилогдож байсан. Хүн дагаж намд орж ирээд мөнгө, эрх мэдэл хөөснөөс биш намын төлөө ажиллаагүй" хэмээн мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдээллийн мөрөөр НАМЗХ-ныхон удирдлагууддаа хандан нягталж, шалгаж өгөхийг хүссэн байдаг юм. Мөн тус шаардлагадаа боловсон хүчний шалгуур, стандарт, намын хар хайрцагны бодлого байхгүйгээс болоод гишүүд албан тушаал, хувийн эрх ашгаа урдаа тавих, авлига, хээл хахуульд холбогдох зэрэг явдал гарч, залуучууд намаас нүүр буруулах болсон гэж өгүүлээд М.Оюунчимэгийг АН-ын гишүүнээс татгалзсан эсэх нь үнэн бодитойг тогтоож, намын гишүүддээ мэдээлнэ үү” гэсэн байдаг.
Харин намын удирдлага нь хэрхэн нягталсан нь одоог хүртэл тодорхой болоогүй. М.Оюунчимэгийн тухайд Засгийн газрын хэвлэлийн албанаас гараад УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн төлөөлөгч, зөвлөх хийж байгаад тус намын хэвлэл мэдээлэл хариуцсан Нарийн бичгийн дарга гэхчлэн МАН-ын ажлуудыг хашсаар өнөөдрийг хүрч байгаа. АН-тай холбоотой явсан эсэх асуудал нь бүдгэрч байгаа юм. Тэр хоёр нүүртэй юу гэдэг нь анхаарал татах л асуудал.

Гишүүний эгч
НИТХ-ын төлөөлөгч, ҮЦХ-гийн захирал, хотын НАМЭХ-ны дарга Б.Саранчимэгийн нэр дэд сайдын суудалд яригдаж байлаа. УИХ-ын гишүүн дүүгийнхээ араас эгч нь сайд болох нь гэгдэж байлаа. “Мон-Уран” гэх компаниар дүүгийнхээ хамт овоглодог тэрбээр сайд болоход арай эртэдсэн үү, яасан. Ямартай ч өчигдрийн томилгоо албан ёсны хариуг өглөө. Уг нь түүний хувьд харьцангуй хийж бүтээх эрмэлзэлтэй нэгэн гэдэг нь анзаарагддаг. Хамгийн сүүлийн байдлаар экологийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Бид эдийн засгаа хөгжүүлэхдээ тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг түлхүү анхаарах шаардлагатай юм. Энэ ажилд хүн бүр л үлгэрлэн оролцож, үйл хэргээрээ манлайлах хэрэгтэй. Тийм ч учраас би Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хариуцан ажиллаж байгаа. Улмаар бүтээн байгуулалтын ажлыг байгальд ээлтэй байлгаж чадаж байгаа. Тухайлбал, 110 мянга гаруй мод, сөөг тарьж, 10 га газрыг зүлэгжүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бий болгож чадсан байна. Ер нь экологийн асуудал өөрөө их өргөн хүрээтэй... Бидний зүгээс ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг санал болгож байгаа хэдий ч өнөөдөр дорвитой ажил хэрэг болоогүй л байна. Гэхдээ Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулж чадсан амжилт бий.” хэмээжээ.

Мэрийн хүн
Г.Мөнхбаярыг хотын мэр байх үед нь орлогч хийж байсан Ц.Цогзолмаа өдгөө НАМЭХ-ны Ерөнхийлөгч. Түүний нэр мөн сайдын суудалд яригдаж байлаа. Тэр НАМЭХ-ны тэргүүн болсныхоо дараа “Эмэгтэйчүүд өөрсдийгөө дээдэлж, эв найртай байж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж байж нийгмийн өөрчлөлтийг хийнэ. Өрх гэр дотор эмэгтэй хүний үүрэг маш онцгой байдаг. Тэгсэн атлаа нийгмийн хүрээнд авч үзэхээр эмэгтэйчүүдийн оролцоо бага. Тэгвэл би эрчүүд давамгайлж байгаа улстөрийн орчинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд сонгуулийн бус цагт эмэгтэйчүүдтэйгээ уулзъя, санаа бодлыг нь сонсъё гэсэн зорилт дэвшүүлсэн. Гол нь эмэгтэйчүүд шууд дарга болох, карьер хийхдээ гол нь биш орчиндоо манлайлдаг, орчин тойрноо өөрчилдөг, орчиндоо үлгэр дууриал үзүүлдэг зөв хандлагыг бий болгох ёстой гэж бодож байна.” гэж байсан. Ярьсан шигээ хийж чаддаг бол тэр уг нь хий багатай хүн.
Б.Билэгт
Сэтгэгдэл (4)