ШӨХТГ-ын дарга О.Магнай “Банкны нэг хувийн шимтгэл хууль бус, иргэдийГ хохироож байгаа” хэмээн үзэж алдаагаа залруулах шаардлага хүргүүлсэн. Гэвч арилжааны банкууд тэрхүү шийдвэрийг үл зөвшөөрөн ШӨХТГ-ын дарга О.Магнайг шүүхэд өгсөн билээ. Анхан шатны шүүх хурал 10 сарын 20, 10 сарын 29, 12 сарын 9-ний өдөр гэсээр удаа дараалан хойшлогдсоор 12 сарын 24-нд болохоор товлогджээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай “банкууд зохион байгуулалттайгаар шүүгч нартай нэг тал болоод байнга хойшлуулж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Иргэдийг “шулдаг” банкны заль
Арилжааны банкнаас иргэн зээл авахад “үйл ажиллагааны зардал” хэмээх нэрийдлээр иргэдээс нэг хувийн шимтгэл авдаг. ШӨХТГ-аас судалгаа хийж, шударга бус зүйл болохыг олж тогтоосноор банкуудад шаардлага хүргүүлжээ. Энэ нэг хувийн шимтгэл нэрийдлээр авсан мөнгө нь хэдэн их наядаар тоологдох хэмжээний мөнгө бөгөөд иргэдийн халаас руу гараа шургуулсан хулгайчийн явдалтай адил хэрэг гэж үзэж байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай “зээл авсан хувь иргэн, аж ахуй нэгж банкинд нэг хувиа хураалгасан хэрнээ хураалгасан хувийнхаа хүүг 20, 10 жилийн хугацаатай төлдөг. Би хувьдаа нэг тэрбум, хоёр тэрбумын зээл гаргах үйл ажиллагааны зөрүү их байхгүй гэж харсан” хэмээн тайлбарласан юм.
Мөнгө харж үйлчилдэг шүүгч нар
Арилжааны банкуудыг шүүхэд өгөхдөө ШӨХТГ-ын дарга О.Магнай нэр бүхий шүүгч нарыг нийтэд зарлаж байсан билээ. Ингэхдээ “Өнгөрсөн хугацаанд шүүгч нар есөн удаа ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргасан. Нэг биш, хоёр биш, есийн есөн асуудалд шударга бус хандсан шүүгч нарыг нэрлэхээс аргагүй хүрлээ” хэмээсэн.

Тэдгээр шүүгч нарын нэрсийг сануулвал: Анхан шатны шүүхийн шүүгч н.Лхагвасүрэн, н.Эрдэнэчимэг, н.Оюунгэрэл, н.Батзориг,н.Адъяасүрэн, давж заалдах шатны шүүхийн шүүгч н.Тунгалагсайхан, н.Зоригтбаатар, н.Хонинхүү, н.Цогт, н.Энхмаа, н.Батбаатар, н.Халиунбаяр, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүгч н.Зандраа, н.Сумъяа, н.Атарцэцэг,н.Батсүрэн, н.Тунгалаг, н.Мөнхтуяа, н.Цэцгээ гэсэн нэр бүхий шүүгч нар байдаг.
Үүнтэй холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар О.Магнайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулах гомдол гаргасан байна. Учир нь “шүүгч нарын нэр төрд халдсан, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан” гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс байнга дуудаж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа тухай дурджээ.

Шүүхийн шийдвэр хэний талд гарах вэ?
Удаа дараа товлогдсон арилжааны банкууд, ШӨХТГ-ын хоорондох асуудлыг шүүх анхан шатны шүүх хурлын ээлжит тов энэ сарын 24-н. Тэгвэл энэхүү шүүх хурал дахин хойшлохгүй гэх баталгаа байна уу. ШӨХТГ-ын зүгээс 24-ний өдрийн шүүх хурал болох болохгүй нь тодорхойгүй байна хэмээж байгаа юм.
Ямартай ч шүүх хурал боллоо гэхэд мөнгө харж шийдвэр гаргах вий гэсэн иргэдийн хардлага дээрх шүүгчдийн нэрстэй холбоотойгоор төрж буй. Одоогийн нөхцөл байдлаас харахад шүүхийн шийдвэр хүлээлт үүсгээд байгаа гэхэд болно.

Учир нь шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарвал өнгөрсөн хугацаанд шимтгэл нэрийдлээр авдаг байсан мөнгийг арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжид буцаан олгох учиртай аж. Тэрхүү буцаан олгох мөнгө нь хэдэн их наядаар тоологдох хэмжээний мөнгө хэмээх тооцоо гарсан учир шүүх хурал ийнхүү сунжирч байгаа гэж харахад хүрч буй юм.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна