МИАТ-ийг үнэ цэнэтэй болгож байж хувьчлах талаар саарал ордонд суугаа эрхмүүд ярилцаж өдийг хүрсэн. Тэгвэл төдийгөөс өдийг хүрэхдээ үнэ цэнээ улам бүр алдаж, увайгүй нөхдүүдийн “идүүр” болон хувирсан МИАТ-аа үнэ цэнэтэй болгохын тулд замбараагүй үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлагатай гэдгийг сануулахад илүүц болохгүй биз ээ. Тэгэхгүй бол эл компанийн үйл ажиллагаануудад болж бүтээд байсан нь тун цөөхөн байгаа юм. Тэрчлэн эргэн харж засч залруулах ёстой зүйлсийн нэг бол агаарын хөлгийн шатахууныг импортлох, хадгалах, түгээх худалдах, агаарын хөлгийн далавчинд сумлах ажиллагааг А-Жет, Сод Монгол гэх мэт цөөхөн хэдхэн компани монополь байдлаар хангаж ирсэн байдлыг халах ёстой юм.

Уг нь агаарын хөлгийн шатахууны үнийг буулгах талаар тодорхой арга хэмжээг авах шаардлага тулгараад байгаа талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч буй. Манай хойд хөрш агаарын хөлгийн шатахууны үнийг буулгах талаар дотооддоо Иргэний нисэхийн байгууллага ФАС болон бусад байгууллагууд нь шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ирсэн байхад манай ИНЕГ, ТӨХ төдийлөн санаа зовохгүй байсаар өнөөдөртэй золгосон байдалтай байна.
1990-2003 он хүртэл шатахууны нийлүүлэлтийн байдлыг авч үзвэл экспортын борлуулалтыг ОХУ-ын Сибнефть, Юкос компаниуд, импортын нийлүүлэлт, Улаанбаатарт буулгах, хадгалах, Буянт-Ухаад тээвэрлэх ажиллагааг манай улсын НИК, Петровис, Шунхлай, Магнай трэйд компаниуд, Буянт-Ухаад шатахуун хадгалалт, агаарын хөлөгт сумлах ажиллагааг МИАТ, ИНЕГ -ын газрын үйлчилгээ, шатахууны байгууллагууд гүйцэтгэж байжээ. Чухамдаа энэ үеэс төрөөс шатахууны бодлого зохицуулалт хийх ажиллагаа алдагдаж иржээ.
2003 онд Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын шатахуун хангалтын үйл ажиллагааг онцгой эрхийн гэрээгээр хувийн хэвшлийн А-Жет компанид шилжүүлснээр хөрөнгө оруулалт, Буянт-Ухаа дахь шатахуун хадгалах байгууламжийн хүчин чадлын давуу эрхийг эзэмшиж байгааг ашиглан монополь байдал тогтоон шатахууны үнийг хэт хөөрөгдөн өсгөсөн байна.
Мөн энэ байдлаар дотооддоо үр ашиггүй хөрөнгийн өрсөлдөөн үүсч нефтийг импортолж байгаа давуу эрхээ ашиглан Ц.Анандбазарын Сод Монгол компани Буянт-Ухаад өөрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийг буй болгосон нь шатахууны үнийг бууруулах бус монополийн өрсөлдөөн үүссэн нь агаарын тээвэрлэгчид болон гол шатахуун хэрэглэгч МИАТ ХК-ийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж иржээ. Агаарын тээврийн МИАТ ХК шатахууны өртгийг буруулах боломжуудыг ашиглаагүй түүгээр ч барахгүй шатахуун импортлогч компаниудтай үгсэн тохиролцох байдал ч зарим тохиолдолд гарч байсан байна.
1990 оноос хойш өнөөг хүртэл агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны нийт зардлын 23-38 хувийг шатахууны зардал эзэлж байсан ба энэ хугацаанд шатахууны үнэ тонн тутамд 422 - 1800 ам. доллар болж өсжээ. Арваннэгэн онд Чингис хаан нисэх буудалд агаарын хөлгийн далавчинд сумлах шатахууны үнэ тонн нь 1530 ам.доллар байсан. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их юм.

Олон улсын байгууллага ИКАО-ын мэдээллээр өмнөх арван жилд тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааны нийт зардлын 12-14 хувийг шатахууны зардал эзэлж байхад МИАТ-ийн үйл ажиллагааны нийт зардлын 23 хувийг эзэлж байсан бол одоо МИАТ компани болон дотоодын агаарын тээврийн компаниудын нийт зардлын 30-35 хувийг шатахууны зардал эзэлж байна. Тэрчлэн МИАТ-ийн шатахуун нийлүүлэлтийн асуудлыг төрийн зүгээс зөвөөр залах шаардлага байгаа нь харагдаж буй юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна