Ч.Сайханбилэгийн удирдаж эхэлсэн Засгийн газрын Дэд сайдуудын марафон анхаарал татсан асуудлуудын нэг болоод байгаа юм. Хоёр жил гаруй сөрөг хүчин байсан МАН цаашдын асуудлуудыг шийдэхийн төлөө АН-ын урилгыг хүлээн авсан гэж ойлгогдож буй. Гэхдээ намын эрх ашиг, нийтийн эрх ашиг гэдэг тусдаа ойлголтууд бий тул зөрчилдөөнт байр сууриуд хэвлэлийн хуудаснаа дараалан гарч байгаа. Түүнчлэн бодлого боловсруулагч яамдын дэд сайд буюу гүйцэтгэгчийн суудалд тохирсон хүмүүсийг суулгах нь чухал байгаа ийм үед МАН-аас Дэд сайдад нэр дэвшигчдийг анзаарч үзье.

Тус намд Дэд сайдын 7 суудал оногдож байгаа дээр 40 гаруй нэр дэвшигч хэн нь хэн бэ гэдгээ харуулах хэрэгтэй болоод байна. Ямар ч байсан Х.Алтай, Ц.Цогцолмаа, Ж.Сүхбаатар, Ц.Сандуй, Ц.Гарамжав Г.Тэмүүлэн, , Т.Аюурсайхан нарын хүмүүс Дэд сайдад яригдаж байна. Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийг хамгийн боломжтой хүмүүс гэдгээр нь эрэмбэлэхэд Ж.Сүхбаатар, Ц.Сандуй, Ц.Гарамжав гэсэн хүмүүс бичигдэж байна.
Боломжит хувилбар 1 - Ж.Сүхбаатар
МАН-ыг удирдах боломжтой нөхдүүдийн нэг гэгдэж багагүй хугацаанд яригдсан Ж.Сүхбаатар удирдлагын суудалд сууж чадаагүй. Түүнийг суух ёстой хүмүүсийн нэг гэж харагсад нийгэмд цөөнгүй бий. Тэр намынхаа бохир завааны тухай ил тодоор дуугарсан. Тэрбээр “Конторын, заалны улс төрөөс нийгмийн улс төр хүчтэй.

Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж, доромжилж даврах вэ? Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авилгын мафийн эзэд шорон орохгүй байна. Манай улсын авилгыг загалмайлсан эцэг болох Х.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” хэмээн хэлж ярьсан хүн. Түүнийг луйврын улстөрчдөө тод нэрлэсэн гэж тодотгоход болно.
Боломжит хувилбар 2 - Ц.Гарамжав
Тэр улсад ажилласан 11 жил дээрээ нэмээд “Монполимет” группийг 20-оод жил удирдан ажиллаж, нийтдээ уул уурхайн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөж яваа. “Монполимет” групп уул уурхай, барилгын салбарт олон зуун ажлын байрыг бий болгож, улсынхаа эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ жилээс жилд өсгөн оруулж, залуу инженер техникийн ажилчдыг сурган мэргэшүүлж, байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээх ажлаараа улсын хэмжээний 7 удаагийн “Тэргүүлэгч хамт олон”-оор шалгарсан. Олон улсын байгууллагууд ч нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг стандартын хэмжээнд хийж байгааг баталгаажуулсан. Энэ мэтчилэн улсад болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын үр дүн, туршлагын шалгуурыг харгалзан Эрдэс баялгийн яамны дэд сайдаар ажиллах саналыг Засгийн газраас өгсөн гэж бодож байгаагаа тэр хэлсэн байдаг.

Тэр биеэ бас гэрээ зассан эмэгтэй. Төрд ч зүтгэсэн туршлагатай хүн. Тиймээс Дэд сайдын марафонд эхэнд нэр нь цохогдож байгаа биз.
Боломжит хувилбар 3- Ц.Сандуй
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг Дэд сайдаар ажиллах хэмжээний чадавхтай хүн гэдгийг хэлэх хүмүүс байна. Өөрийнх нь хэлсэнчлэн МАН-ын үнэт зүйлсийн нэг болох хотын намын хороог залж ирсэн тэрбээр “Одоо надад ухрах зам байхгүй. Тийм учраас би урагшаа л явна.Би хуйвалдах юмуу, ямар нэгэн байдлаар үгсэх юманд их дургүй л дээ.

Яг чин сэтгэлээсээ хүнтэй ярихыг хүсдэг, хүнтэй ойлголцохыг хүсдэг.Намын ажлыг би ерөөсөө л хүнтэй ажиллах ажил гэж ойлгож ирсэн. Тийм учраас хүнтэй л ажиллах ажил гэж хүлээж авч байгаа. Тэрнээс хэн нэгний эрх ашиг, ямар нэг бүлэглэлийн бодлогыг хамгаалаад яваад байх төсөөлөл надад байхгүй. Би тэгж өөрийнхөө бодож байгаа юмны эсрэг ажиллах юм бол энэ ажил дээр ажиллаад ч хэрэггүй. Сандуй Сандуйгаараа л байх ёстой гэж би ойлгож байгаа. Би өрсөлдөөнд орсон.” гэж нэгэнтээ ярьсан байдаг.
Дэд сайдуудын суудалд яригдаж байгаа хүмүүсээс хамгийн боломжтой гэгдэж буй хүмүүсийн талаар товч өгүүлэхэд ийм байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл (10)