Дэд сайдуудын суудлын харьцаа бүрэн тодорхой болоогүй байна. МАН-д 5-7 суудал өгнө гэсэн мэдээлэл байгаа. Гэтэл МАН дотроо бас үймэлдээд байдаг. Ямартай ч МАН-ынхан энэ засгийн дэд сайдуудын суудалд Г.Тэмүүлэн, Х.Алтай, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Х.Булгантуяа, Г.Өнөрбаяр, Н.Цэрэнбат, Г.Тэнгэр нарыг сойж байгаа аж.

Г.Тэмүүлэнгийн тухайд ГОК-ийн Ч.Ганзоригийн хүү. Америкт мастер хамгаалсан. "Оюутолгойн"-н ТУЗ-ийн гишүүн. "Оюутолгой" төсөлд Монголын талын байр суурийг хамгаалж байгаа хүн гэх тодотголтой болсон.

Х.Алтай бол Элчин сайд асан Хангайн хүү.Монголын хөрөнгийн биржийн захирал байсан. Сү.Батболдын удирдаж байсан Засгийн газрын үед тодорч гарч ирсэн.

Б.Саранчимэг нь НИТХ-ын төлөөлөгч, ҮЦХ-гийн захирал, хотын НАМЭХ-ны дарга. “Мон-Уран”-ы гэх тодотгол бас түүнд хамаатай.

Б.Ундармаагийн тухайд БСШУ-ны Дэд сайд асан тэрбээр “Бишрэлт”-группын бизнесээрээ илүүтэй овоглогддог.

Х.Булгантуяагийн тухайд НАМЗХ-ны жендер хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд “Оюутолгой” болон Дэлхийн банкны олон улсын төсөлд тус тус ажиллаж байсан. Өдгөө МАН-ын орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга.

Г.Өнөрбаяр нь МУИС, Японы Kюүшүүгийн Их сургуулийг төгссөн. МУИС, ҮХЯ, БХБЯ, ГХЯ, Засгийн газарт ажиллаж байсан. Социал демократ клубын тэргүүн.
Н.Цэрэнбатын тухайд UFC” группийн дэд ерөнхийлөгч. Харин Г.Тэнгэр Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэгэн.
Ийм хүмүүсээс МАН сонголтоо хийж таарах нь. Энэ дашрамд, намын экс дарга Ө.Энхтүвшингийн зүгээс одоогийн дарга М.Энхболдод илгээсэн ил захидлын агуулгыг хүргэхэд гэмгүй байх. Тэрбээр “Сүүлийн хоногуудад өрнөж буй үйл явдлуудыг хараад өөрийн эрхгүй үзэг, цаас ийнхүү нийлүүлэхэд хүрлээ. Тэгээд ч ойрын үед Таны өрөөнд ороход пиг дүүрэн хүнтэй байдаг болсон учир аминчилж хэлэх боломж олдсонгүй. Гол нь юу хэлэхийг хүсэв гэвэл, Та бүхэн ердөө жилийн өмнө хуралдсан намынхаа XXVII их хурлын үзэл санаа, шийдвэрийг мартсан бололтой. Эсвэл үл ойшоож байгаа ч юм шиг. Ялангуяа Их Хурал дээр боловсон хүчний бодлогын талаар юу юу ярьж тогтлоо? Санаж байна уу? Их хурал дээр:
-Нам боловсон хүчний нөөцийн бүртгэл судалгаа гаргахгүй байгаагаас цус ойртох шахсан 200 орчим хүний хүрээнд л бүх томилгоо эргэлддэг боллоо.
-Боловсон хүчнийг шилж сонгохдоо “мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуун, харьцангуй нэр цэвэр явсан зам мөр зэрэг гол шалгууруудыг гээгдүүлсэн ноцтой гажуудлаа нэн даруй засна.
-Сүүлийн үед манай дарга нар бүлгэрхэх хандлагатай болж хат суугаагүй, үзэл ба үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, томилогдож очсон салбарынхаа талаар мэдлэг муутай, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөгч хүмүүсээр нам, улсын хариуцлагатай албыг бүрдүүлж улмаар тэдний өнцөгөөр нийгмийг хардаг, өгсөн мэдээллийнх нь хүрээн дотор л сэтгэж, шийдвэр гаргадаг болсон зохисгүй байдлыг даруй таслан зогсооно.
-Дээрх ноцтой алдаа, гажуудлын улмаас намын зарим залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн оронд хэн нэгэн нөлөө бүхий лидерийн ивээл дор ямар нэг аргаар багтах гэж зүтгэдэг, өрсөлддөг болсныг яаралтай засна;
-Дарга, даамалд улам бүр наалдахын тулд явцуу сонирхлын үүднээс, худал мэдээллийг дээш шивэгнэн удирдах нөхдийн харах мэлмий, сонсох сүвийг нь таглагч аливаа шимэгчдийн бат бөх хүрээ, хуягийг нэн даруй бяцлан хагална. Тэгж байж удирдлагыг олон түмэнтэй холбоно;
-“Боловсон хүчний томилгоонд бүс бүсийн төлөөллийг харгалздаг байя”;
-“Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, урд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүр мөсөн зогсооно. Үүнд тавих хяналтыг чангатгана”;
-“Аливаа томилгоог хэдхэн хүний хүрээнд хийдгийг халж намын олон түмний санал дээр тулгуурладаг болно”.
-“Сул орон тоо, тавигдах шаардлага, хэнийг хэрхэн томилох гэж байгаа тухай мэдээллийг нээлттэй ил тод болгоно”... гэхчлэн ярьж шийдвэрээ гаргасан.
Таныг МАН-ын даргаар сонгосон XXVII их хурлаас ийм мундаг дүгнэлтүүдийг хийж, зорилтоо тодорхойлон олон түмнийг алга ташуулсаар ажлаа өндөрлөсөн билээ. “За одоо л нэг сайхан цаг ирэх юм байна гээд их хурлын 1134 төлөөлөгч цээж тэнэгэр нутаг буцсан нь саяхан. Ийм шийдвэр гарснаас хойш яг нэг жил, нэг сарын дараа намын удирдлага Засгийн газарт анхныхаа томилгоог хийх гэж байна. Ам ажлын нэгдлийг ард түмэн харж байна. Гэтэл асуудалд хандаж байгаа Таны арга барил өмнөхөөс бүр дордох шинжтэй байна.” хэмээн чанга үгс бичээд байгаа.
Харин намын дарга чанга үгсийг хэрхэн хүлээж авах нь үйлдлээр л харагдана даа.
Б.Билэгт
Сэтгэгдэл (2)