“Буржгар үст” Шерли Темпл

Холливудын түүхэнд хамгийн алдартай  жүжигчин Шерли Темплийг    дэлхийн дахинаа “Буржгар үст” бяцхан охин гэдгээр нь бүгд таних билээ. Хөмсөг зангидан, хацраа бомбойлгочихоод хэзээний том хүн шиг ташаа тулан хэвлүүхэн ярих дэггүй хэрнээ хэрсүү, ухаалаг, буржгар үстэй бяцхан энэ охиныг мэдэхгүй, хайрлаж өхөөрддөггүй хүн ховорхон. Тэр том хүмүүстэй ярихаасаа хэзээ ч эмээдэггүй, өөрийгөө бяцхан гэж огтхон ч голдоггүй, сандал дээр, эсвэл өмнөх ширээн дээр нь гарч сууж байгаад л хошуугаа цорвойлгон, хөмсгөө зангидаад нухацтай нь аргагүй ярьж гарна. Бусад бүх хүүхдийн адил хурдхан том болох гэж яарна.

Түүнийг хүмүүс “Буржгар үст” гэж нэрлэдэг. Харин аав ээжээс хайрласан нэр нь Шерли Жейн Темпл. Бяцхан биедээ баймгүй их авьяас, хэвлүүхэн зан, өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө хүн бүхний хайрыг тэр эрхгүй татаж чадсан. Гоёмсог даашинз өмсөхөөрөө ихэмсэг язгууртан хатагтай, ялдам зантай бүсгүй, энхрий бяцхан гүнжийн аль нь ч болоод хувирчихна. Түүгээр зогсохгүй цэрэг бас дарга ч болчихно. Шаггүй сайн фермер, бас халамжлан хүмүүжүүлэгч. Тэр бас гайхалтай авьяаслаг товшуур бүжигчин, бас дуучин. За тэгээд цааш нь та бүхэн түүнийг хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Хүн бүхний сэтгэл зүрхэнд буржгар шаргал үстэй бяцхан охин хэвээрээ үлдсэн тэрээр бодит амьдрал дээр хэдийнэ 85 насыг зооглож яваа настай эмэгтэй болсон.

Тэрбээр 1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд Калифорнийн Санта Моникад бизнесмэн банкир Жорж Темпл, бүжигчин Гертруда Амилиа нарын бага охин болж мэндэлжээ. Бүжигт үнэхээр дуртай, бүжиглэх авьяастай байсан ээж нь түүнийг ийн од болоход хамгийн их нөлөөлж тусалж дэмжсэн хүн. Түүний буржгар үсийг нь үргэлж ээж нь ороож, янз бүрийн хэлбэрт оруулдаг байсан гэдэг. Гадаад үзэмж, гоо сайхан гээд дээрээс нь хувцаслалтыг нь бүрэн хариуцаж байсан ээжийгээ Жейн Темпл өөрөө шүтдэг байсан гэдэг.

Ширли анх гурван настайгаасаа Лос Анжелос дахь хатагтай Меглиний бүжгийн студийн бүжигчин болсон бөгөөд “Educational films” корпорацийн хоёр продюссерийн анхааралд өртсөн байна. Ингээд “Буржгар үст” маань гуравхан насандаа кино ертөнцөд хөл тавьж, дан хүүхдүүд тоглосон “Baby Burlesks” богино хэмжээний цуврал кинонд тоглосон аж.

Тэрээр уг кинонд тоглосон хүүхдүүдийн дундаас авьяасаараа ялгарч, хамгийн өндөр буюу, өдрийн 10 ам.доллараар цалинжиж байжээ. Үүнээс хойш тэрээр олон богино хэмжээний кинонд тоглосон ч хамгийн анхны томоохон кино нь “Stand up and Cheer” юм байна. Энэ кино үзэгчдэд хүрснээр хүмүүс Ширлигийн бүжиглэх, жүжиглэх авьяасыг алмайран биширч эхэлжээ. Энэ үед хүмүүс түүнийг удахгүй дэлхийн хамгийн алдартай жүжигчин болно гэж үнэлж байсан юм. Харин тэдний бодсоноор болсонгүй.

Том болох тусам “Буржгар үст” кинонд тоглох нь улам ховордсоор 1961 оноос жүжигчний кариераа орхин улс төрд хөл тавьсан юм. Тэрээр энэ үеийг хүртэл хүн бүрийн сайн мэдэх “Сэргэлэн нүдэн”, “Буржгар үст”, “Хөх шувуу”, “Бяцхан Гүнж”, “Бяцхан Хурандаа” зэрэг нийт 14 богино хэмжээний, 43 бүрэн хэмжээний, 25 үлгэрийн кинонд тоглосон байна. Түүний насны бусад хүүхэд хөхнөөсөө гараагүй байхад Ширли Темпл зургаахан насандаа Оскарын шагнал хүртсэн бөгөөд түүнээс хойш ч олон хүндтэй шагналын эзэн болсон юм. Хамгийн сүүлд 2006 онд дэлхийн 200 гаруй мянган телевиз, киноны жүжигчид болон болон бусад урлагийнхныг төлөөлөн ажилладаг нийгэмлэг болох “Screen Actor Guild”-ын хамгийн хүндтэй шагналыг гардаж авсан юм. 

Жейн Темпл бага насандаа байсан шигээ насанд хүрсэнийхээ дараа тийм ч алдар хүндийн эзэн болж чадаагүй гэж болно. Тэр “Буржгар үст” Жейн Темплээрээ л түүхэнд бичигдэж үлдсэн. Насанд хүрч олон арван кинонд тоголсон ч балчир байхдаа тоглож байсан кинонуудыг гүйцсэн амжилт гараагүй билээ.

Ийнхүү Ширли 17 насандаа анх Жек Агар хэмээх царайлаг офицер залуутай гэрлэж, удалгүй Линда Сюзан хэмээх хөөрхөн охинтой болжээ. Гэсэн ч Агарын зан авирын доголдлоос болж тэдний хамтын амьдрал дөрвөн жилийн дараа дуусгавар болсон юм. Тэрээр 1950 онд бизнесмэн Чарльз Блэктэй гэрлэж, арваад жилийн өмнө түүнийг өөд болох хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарсан билээ. Тэд Чарли, Лори хэмээх хоёр хүүтэй болсон байна. Шерли анхнаасаа л улс төрд нэлээд сонирхолтой байсан бөгөөд кинонд тоглохоо больсноосоо хойш 1967 онд төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөөд ялагдсан байна. Хожим нь түүнээс дахин төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөх эсэхийг нь асуухад тэрээр “Үгүй ээ. Хүмүүс намайг сонгохгүй байх. Яагаад гэвэл тэд намайг үргэлж зургаан настай хэвээр нь төсөөлдөг юм байна лээ” гэж хариулжээ.  

Улс төрөөр амжилт олоогүй учир тэрээр шоу бизнес хийж эхэлсэн бөгөөд “Ширли Темплийн театр” телевизийн нэврүүлэг хийж, “Ширли Темпл” цуврал номууд, болон кино цомгууд гаргаж эхэлсэн байна. Тэрээр шоу бизнес эрхлэхийнхээ зэрэгцээ 1968 оноос улс төрд эргэн орж Чехославяк, Гана улсуудад АНУ-ын Элчийн сайдаар олон жил ажиллажээ. Мөн АНУ-ын НҮБ дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан байсан юм. Одоо тэрээр тэтгэвэртээ гарсан бөгөөд 85 нас хүрсэн ч шоу бизнэсээ үргэлжлүүлэн, Умард Калифорнид энх тунх амьдарч байгаа ажээ. Тэрээр саяхан нэг ярилцлага өгчээ. Сурвалжлагч түүнээс  “Та хүүхэд байхдаа кино од болоогүй бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол” гэж асуухад тэрээр “Би Холбооны мөрдөх товчооны ажилтан болох байсан байх.

Эсвэл шарвингийн мухлаг ажиллуулдаг хүн. Багаасаа л тэгж мөрөөддөг байсан юм” гэжээ. “Жүжигчний мэргэжлээс гадна амьдралын тань хамгийн том амжилт, бахархал юу байв” гэхэд “Миний 55 жилийн гэрлэлт. Нөхөр бид хоёр 55 жил биедээ үнэнч аз жаргалтай амьдарсан” гэж хариулжээ. Харин ид зураг авалтын үеэр сүүн шүд нь унаж, амнаас нь үсэрсэн нь хамгийн мартагдашгүй мөч байсан гэж “Буржгар үст” дурсан ярьжээ. Тэрээр хэдийгээр өндөр настай болсон ч хүн бүрийн сэтгэлд сэргэлэн бяцхан “буржгар үст” хэвээрээ үлдсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Калифорнийн Вудсайд дахь гэртээ нас барсан юм. Дэлгэцийн урлагтай балчир наснаасаа амьдралаа холбосон тэрээр гуравхан настайдаа анх камерын өмнө гарч байсан гэдэг.  10 нас хүрэх үед нь түүний тоглосон дөрвөн кино дараалан box office-ийг тэргүүлж, тухайн үедээ нэг киноноос 50 мянган ам.долларын ашиг олж байсан нь толгой эргэм их ашигт тооцогдсон байдаг. Ийнхүү “Буржгар үст” Жейн Темпл 85 насандаа таалал төгссөн юм.

grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025