Үнэн худлыг “бурхан” гуай ч дэнсэлж дийлэхгүй. Чухамдаа бол хамгийн үнэн “үнэн”, хамгийн худал “худал” гэж хаа ч үгүй биз. Ерөөс Та өөрөө л зааг ялгааг мэдэхийн дээдээр мэдэж байдаг. Тэрийгээ өөр дотроо бүр гүндээ нуучихдаг. Сэрээх эсэх нь мөн л таны дурын асуудал...

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай хэдэн үг хэлхэхийн өмнө ийм зүйл бодогдож байх юм. Тэр өөрийгөө “Хамгийн азтай хүн. Өөр хүн хүсээд ч над шиг байж чадахгүй. Би Ерөнхийлөгч ч байж үзлээ, шоронд ч орж үзлээ” хэмээн хэлсэн. Мэдээж хэн ер нь түүн шиг байж чадах вэ дээ. Ерөнхийлөгч болсон нэг нь түүн шиг шоронд орохыг үл хүснэ. Үргэлж өгсөхийг л хүсч таарна.
Өгсөх гэснээс... Нэгэн нийтлэлч Н.Энхбаярын талаар бараг 7 жилийн өмнө “Түүний өгсөх зам дууссан. Санаандгүйгээр сайн үр дүнд хүрээд түүхнээ үлдэх гавъяат үйлүүд дууссан. Өөрөөр хэлбэл Монголд хүлээгдэж байсан асуудлууд МАХН-ыг тарааснаар үндсэндээ дуусна. Газар хувьчилсан, өрийн дарамтнаас салсан, Дээр нь шинэчлэлийн тээг болсон улс төрийн хуучин хүчин задарна. Энэ хүчнийг задлах ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Монголд бас шударга хууль цааз хэрэгжихтэй давхцана. Энэ явцад ногооны хашааны өлгөгдөх олон олон хулгайч шувууд эх захаа алдсан хулгай луйвраа зогсоох дохиог нийгэмд өгнө.” хэмээн бичсэн байдаг юм. Нээрээ л МАХН хуучин нэрээ эргүүлэн авч МАН болж, ууган хүчинд задрал явагдаж шинэ МАХН мэндэлсэн. Н.Энхбаяр тэрийг босгосон. За харин нөгөөх эх захаа алдсан хулгай луйвар өргөжин цэцэглэсэн үү гэхээс биш саарсан уу гэж асуух аргагүй байгаа шүү дээ. Энэ нь Н.Энхбаярын явах болсон жинхэнэ учиг шалтгааныг зөвхөн нэг талаас харж боломгүй, тэр магад сэрэхийг хүссэн байж болно, тэр алдаа оноогоо дэнслэн өөрөөр өндийхийг хүссэн байж болно гэсэн ойлголтыг дагуулна.
Ер нь тэгээд хараад байхад тэр улс төрд ч, шоронд ч эр хүн шиг загнаж чадсан хүн юм. Тэр хуучин МАХН-аас шинэ МАХН-ыг босгохоор явахдаа итгэл үнэмшлээрээ намайг дагах нь дага гэсэн. Нөгөөдүүл нь дагасан. Тэр Монгол төрийн толгой албан тушаалуудад суухдаа удирдагч шиг байж чадсан уу, чадсан. Тэр хор найруулсан уу, найруулсан. Тэр хүчээ харуулсан уу, харуулсан. Тэр буух дургүй байсан. Мэдээж тэр нь хамгийн тодорхой харагдаж байсан. Дээшээ гарсан, өндрөө авсан хүн эргэн буухдаа гуниг тээнэ. Дотроо юм санана. Огт тийм сэдэлгүй ариун дагшинаараа буун явдаг хүн цөөхөн. Н.Энхбаярын тухайд тэр цөөхнүүдийн тоонд үл багтах ч, өнөөдрийн тухайд тэр сэрсэн мэт харагдана. Тэр дотроо гомдол тээж яваагаа нуугаагүй. Гэхдээ тэр гомдлоо үзэн ядалтын хөшүүрэг болгон бусдыг шүрших биш, хэн нэгнийг өөрийнхөө туулсныг туулуулж хариу авах биш, харин Монгол Улсаа хөгжүүлж л өшөөгөө авна гэсэн.
Магад, уран сайхан үгсэд дөжирсөн монголчуудын хувьд түүний эл үгс агаар салхи үнэртүүлэх мэт санагдаж болох ч, аливаад нэг хэмжээ хязгаар байдаг даа. Хангалттай эрх мэдлийг эдэлж явсан, тэгээд унасан, өөрийн хүчээрээ өндийн боссон хүний “нүд” одоог өөрөөр харж байгаа гэсэн итгэл надад төрж байх юм. Бид бие биедээ итгэж яагаад болохгүй гэж!
Түүнийг эр хүн шиг загнаж иржээ гэж би түрүүн хэлсэн. Мэдэхгүй, халхын шоронд түүн шиг тэгж олон хоног хуурай өлсгөлөн зарлаж, амиараа дэнчин тавьж байсан эр байдаг юм уу, би лав дуулаагүй. Өлсгөлөн зарлалаа гэхэд хоёр гурван өдрөөс хэтрэхгүй халширч бууж өгч байсан тухай бол дуулж л явлаа. Тэр хууль зөрчсөн асуудалтай байлаа гээд амьд явах, агаар амьсгалах эрхээ итгэл үнэмшил, эрх чөлөөнийхөө төлөө гаргуунд нь гарган тэмцэж чадсан. Тэр буу бариад босоогүй, бусдын өмнөөс нулимаагүй. Тэр 20 кг туртлаа өлсөж тэмцсэн. Энэ бол хэн дуртайгийнх нь давж гарах даваа биш ээ. Хоногтоо хоол идэхгүй бол гуриатаж уначихаа шахдаг хүн гэдэг амьтны хувьд тэмцлээ “өлсөж” илэрхийлнэ, тэснэ гэдэг бол жижиг асуудал биш. Ерөөс тэр хүний дотоодод байгаа хүчийг, зорьсныхоо төлөө замаасаа хазайдаггүй чанарыг олж харж болно. Нэг талаас ийм хүчтэй хүмүүс зөв замаар л замнах учиртай. Эс бөгөөс аюултай нь бас үнэн!

Тэр өлсөж байх үедээ салаавч гаргасан. Тэрийгээ тайлбарласан. Хуурай өлсгөлөн зарлаад амь насаараа дэнчин тавин тэмцэж байхад нь шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан хүчээр хоол идүүлэх гэж их оролдсон. Эхэндээ бууз тавиад үнэртүүлж байсан бол сүүлдээ дарж хэвтүүлж байгаад шулуун гэдсээр нь /бөгсөөр нь/ тэжээл шахахыг оролдсон болохоор тэвчээр барагдаж тэмцэж, эсэргүүцсэн гэдгээ хэлсэн. Олон хоног өлсгөлөн зарласан болохоор оюун санаанд нөлөөлж, тархи нь хордож эхэлсэн болохоор “уурлуулж болохгүй шүү” гэж эмч нар зөвлөсөн байтал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хүчээр бууз үнэртүүлж, тэжээл шахахаар оролдсон нь харгислал гэх ойлголтод харъяалагдаж таарна. Тэр бол тамлал. Асуудал Н.Энхбаяртаа биш. Хэн ч байсан олон хоног өлсгөлөн зарласан, эцэж туйлдсан байхад нь, идэхгүй амсахгүй гэж шүд зууж байхад нь бууз үнэртүүлж, шулуун гэдэс рүү нь резин бариад дайраад байна гэдэг юу гэсэн үг байх вэ. “Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг” байтал бүхэл бүтэн хүн...

Гэтэл түүнийг огт өлсөөгүй, худлаа жүжиглэсэн гэх мэдээлэл гарсан. Харин тийм мэдээллийн хариултыг түүний байдал төрхөөс шулуухан харж болно. Хоёр хөлийг нь гозолзуулаад авч явсан үеийн бичлэг болоод 20 кг тураад гарч ирсэн үеийн бичлэг, түүнчлэн саяхан телевизийн нэвтрүүлэгт орсон үеийн бичлэгүүдийг нь харахад эрхбиш анзаарагдана. Тэр тийм нэг оёнготой болсон нь харагдаж байгаа. Хэт удаан хугацаанд хоол тэжээл идээгүйн улмаас эд эсээ идэх процесс биед нь явагдаж, амнаас нь ацетон үнэртэх хэмжээнд хүрсэн тэрбээр Солонгост эмчилгээ хийлгэсэн ч, эрүүл мэндэд нь асуудал байгаа гэдгийг ойр хүрээнийх нь хүмүүс цаагуураа ярьдаг юм билээ. Гээд яахав. Тэр нөгөөг бодож яваа биз.
Сонин юм шүү, 2008 онд Олимпийн алтан медаль хүртэж эв эвдэрсэн Монголчуудыг талбай дээр уйлуулж байсан Найдангийн Түвшинбаяр 2012 оны Лондонгийн олимпод хөл нь гэмтсэн байсан ч, мөнгөн медаль хүртдэг яг тэр өдөр Намбарын Энхбаярыг шүүх хурал Улаанбаатарт болж байлаа. 4 жилийн өмнө Сүхийн талбай дээр Ц.Элбэгдорж, С.Баяр нартай хамтдаа баяр тэмдэглэж зогссон Н.Энхбаяр 4 жилийн дараа албан ёсоор хорих руу ачигдаж байлаа. Одоо харин тэр наранд байгаа. Түүн шиг алдаж, онож амьдрахын тулд чамгүй хатуужилтай байх хэрэгтэй биз.
Н.Энхбаярын талаар бараан мэдээлэл зөндөө л гардаг. Ямартаа л тэр уруудаж чадахгүй, жирийн хүн байж чадахгүй. Тэр жирийн хүн байхыг тэвчихгүй. Учир нь тэр личность биш. Удирдагчаар үлдэхийн тулд тэр чадах бүхнээ хийнэ. Хэрэгцээ дууссан удирдагчийн хийсэн бүхэн харин үндэстэнд аюул занал учруулна хэмээн нэгэн эрхэм хэлсэн байсан. Өмнө хүлээж байгаа олон өдрүүд тэрийг харуулах биз.
Төгсгөлд нь, өгүүлэхэд “Сэтгэлдээ хадгалж зүг чигээ болгох нэг чухал зүйл байдаг. Таныг хүмүүс хэн гэж дуудах нь, та хэн гэдэг нь чухал биш. Энэ үнэнийг баримталж яв. Та өөрөөсөө хэрхэн амьдрахыг хүсч байгаагаа асуу. Бид бүхэн амьдарч байгаад үхдэг нь бидэнд тохиолдох ганц үнэн юм. Хэн ч үүнийг өөрчлөхгүй, бурхан багш ч чадахгүй. Чухам юу таны амьдрах зам мөрөөс хазайлгах вэ гэдгийг сайтар эрэгцүүлэн бодоорой.” хэмээн Бурхан багш сургасан байдаг юм билээ...

Б.Болор
Сэтгэгдэл (10)