Ч.Сайханбилэгийн залах болсон Засгийн газрын дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал одоо анхаарлын төвд байна. ЕС хэлэхдээ ойрын өдрүүдэд томилгоог хийнэ гэсэн. АН-аас 9, МАН-аас 5, “Шударга ёс” эвслээс 2 дэд сайд томилогдох тухай яригдаж байгаа. Тэгвэл АН-аас дэд сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийг танилцуулъя. ШӨХТГ-ын дарга О.Магнай, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар нар бичигдэж байна. Тэгвэл эдгээр хүмүүсийн хэн нь хэн бэ?

ШӨХТГ-ын дарга О.Магнай: Тэр 2002-2005 онд Санхүү Эдийн засгийн яаманд мэргэжилтэн, 2005-2007 Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, 2007-оноос ИЗН-ын ХЭГ-ын даргаар тус тус ажиллаж байсан. Харин 2008 оноос Иргэний Хөдөлгөөний намын дэд даргын албыг хашиж байв.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон үймээнтэй холбоотойгоор хоригдсон. Хоиргдож байх хугацаандаа хуурай өлсгөлөн зарласнаар биеийн байдал нь муудаж 8 сарын 29-нд батлан даалтаар суллагдаж байв. Дараа нь Ардчилсан намд элсэж, тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болж, 2012 оноос ШӨХТГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр: Татан буугдаад удаагүй байгаа Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү, тиймээс ч Цөмийн энергийн газрын даргын албан тушаалд томилогдсон гэх мэдээлэл байдаг. Харин Н.Тэгшбаяр дарга эрс няцаадаг бөгөөд өөрийгөө өдий дайны түвшинд очих мэдлэгтэй гэдгээ хэлсэн байдаг.

Тэрбээр “Босоо загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ын тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн. Төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сум. Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч зэрэг ажил хийж явсан. Харин 2010 оноос “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, дараа нь Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдон ажилласан байна.
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Тэрбээр инженер мэргэжилтэй. 1997 оноос Мэдээлэл, Олон улсын худалдааны газрын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн.

2001 оноос ASI Robicon Holdings, Monfalcone, Italy судлаачаар, 2002 оноос MCS Holdings, Mongolia худалдааны менежер, 2003 оноос Анод банкны газрын дарга, 2005 оноос Монгол Улсын сангийн сайдын зөвлөх, 2006 оноос Mongolia International Minerals Corporation ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, 2010 оноос Төрийн өмчийн хорооны дэд дарга, 2012 оноос Монгол Улсын Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин:

Өнгөрсөн онд “Пийсбридж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан нэр бүхий 10 хүнийг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилж байсны дотор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин байсан гэгддэг. Тэр УИХ-ын асан Р.Бадамдамдингийн хүү юм.
2001, 2003 онд Голомт банкны Мэргэжилтэн, газрын дарга
2003-2005 онд “Эрдэнэ Булган” ХХК Гүйцэтгэх захирал
2005-2009 онд “Алтай голд” ХХК Гүйцэтгэх захирал
2009 оноос одоог хүртэл “Хөх тэнгэр” ХХК ТУЗ-ийн гишүүн. Энэ оноос жижиг дунд үйлдвэрлэлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа
Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар: Тэр 2012 онд Хэнтий аймгаас сонгуульд нэр дэвшиж байхдаа наадам зохион байгуулж сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт орж байв. Жирийн малчин айлаас гаралтай тэрбээр хар ажил хийж яваад аяллын компанид ажилд орж Японыг зорьсон гэдэг юм билээ.

Түүгээр ч барахгүй Японд метроны буудал дээр морин хуур тоглож дуу дуулан мөнгө олдог байсан тухай хэвлэлээр бичсэн байдаг. Японд эдийн засагч мэргэжлээр суралцаж ирсэн ч гэдэг ээ. Ямартай ч тэрбээр “Хутагт” группийг байгуулж байсан ба түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн бол "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван гэдэг юм билээ. Тэр "Миний амьдралд эрээн бараан олон зүйл байсан. Гэхдээ би хулгай хийж, худлаа ярьж явсангүй.Ямар ч байсан харийн оронд гудамжны тоглолт хийгээд сууж байхдаа амьдралд өвдөг сөгдөөгүй юм.Зүтгэсэн, зарим нэг зүйл дээр зориглосон.Түүний хүчинд өнөөдөр би идэх хоолтой, гэр бүлээ тэжээх чадвартай яваа" хэмээсэн байдаг.
П.Урнаа
Сэтгэгдэл (9)