Гэнэт л зугтчихдаг шинэ Ерөнхийлөгчид хэлэх үгс
2014/12/09

Төрийн дарамт дор зүдэрч байна гэгддэг хувийн хэвшлийнхний төлөө зүтгэх үндсэн зорилготой МҮХАҮТ-ыг ирэх дөрвөн жил удирдах хүн тодорлоо. “Урбанек”-ийн гэх  тодотголтой  Б.Лхагважав удирдахаар болов. Түүнтэй Самбуугийн Дэмбэрэл, Отгондаваагийн Амартүвшин нар өрсөлдсөн юм. Тэгэхээр нэг хэсэг Сү.Батболдтой шадарлаж байсан Б.Лхагважав танхимыг залах нь.

Тэр анх Иргэний хөдөлгөөний гэдгээр овоглогдож байсан. Бас Үндсэн хуулийн Цэцэд байнга алтан хошуу хүргэдэг учраас  “Иргэн” гэж тодотгогдох болсон. Гэхдээ тэр хэлсэн шигээ байж чаддаг уу гэвэл эргэлзээтэй хариулт дагана. Учир нь тэр О.Магнай, Ж.Батзандан нараас ялгарах юмгүйгээр иргэний хөдөлгөөнөөр гүүр хийн улстөр тийш том алхсан. ЕС-тэй хүртэл шадарлаж явсан.

Харин сүүлдээ МАН-ынхан бишдээд ирэхийн цагт тэр МАН-ын зөвлөхийн ажлаасаа татгалзан зориг гаргасан. Шалбаагтай хутгалдсан намаа бусадтайгаа хүч хавсран өндийлгөөд ирэхийн оронд тэр зугтаан одохыг илүүд үзсэн гэх үү дээ. Тэр намтай шадар явах үедээ эдийн засгийн хүнд хэцүүгийн тухай дуугарахаа больсон байсан. Тэгсэн танхимын дарга болохын төлөө тэр эсэргүү зүйлсээ эргэн ярьж эхэлсэн юм. Тэгэхдээ өөрийгөө магтаж эхэлсэн. Тэр юу өгүүлснийг ишлэн хүргэхэд “Манай улсын гол удирдагчийн нэг эдийн засагч биш хүн учир эдийн засаг унах том шалтгааны нэг болж байна. Манай Монголын “туршлагаас” харахад 1992, 1997, 2009 онд тохиолдсон гурван том хямрал үзсэн. Дэлхийн хямралын үетэй давхцсан ч бий. Эдгээр хямралын үеэр аз болж эдийн засагч Ерөнхий сайдтай байсан. Тэд оношоо хурдан тодорхойлж, хийх эмчилгээ, гарах гарц, үр дүнг нь эдийн засагчийн хувьд тодорхойлж, мэдэж байсан учир эдгээр хямралыг хурдан даван туулж чадсан. Тиймээс “Монголын эдийн засгийг Монголын баялаг бүтээгчид аварна” гэж би хэлдэг. Эдийн засгийг авч яваа, энэ ертөнцөд ажиллаж буй хүмүүс л Монголын эдийн засгийг аварна. Харин эдгээр баялаг бүтээгчдийн ажиллах орчин УИХ-ын 76 гишүүн, мөн Төвбанкнаас хамаардаг. Монголын бизнес эрхлэгчид одоо нэг л зүйлийг хүлээн зөвшөөрч эхэлж байх шиг байна. Капитализмын үндсэн тулгуур капитал, өөрийн баялаг. Тиймээс хэрэв би Ерөнхий сайд байсан бол бизнесмэнүүдээсээ “Өнгөрсөн хоёр жил бид та нарыг хүнд байдалд оруулсан” гэж уучлалт гуйна.” гэсэн юм.  Нэг ёсондоо тэр Н.Алтанхуягийг хийнгээ өөрөө зөвлөхөөр нь ажиллаж байсан Сү-гээ товойлгоод амжсан гэсэн үг.

Орхиод явах болохоороо чаддаг, өөртөө ашигтай болохоор магтаж бас чаддаг ийм хүн МҮХАҮТ-ын цаашдын өнгө төрхийг гардан зурна. Түүнд цаашид юу хийх ёстойг нь тодотгон сануулахад гэмгүй болов уу. Учир нь тэр гэнэтхэн яваад өгдөг хүн.

Тэгвэл эрхэм Б.Лхагважав таны Ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлж байгаа МҮХАҮТ-д стратегийн хэд хэдэн зорилтууд бий. Тухайлбал,

-Монгол улсын өрсөлдөөнт хувийн хэвшлийг зөвхөн тогтвортой хөгжлийн хөдөлгүүр бус мөн эдийн засгийн үйл ажиллагааны гол хангагч байхыг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх

-Бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, төр засгийн бодлого боловсруулах үйл явцад санал дүгнэлтээ тусгуулах замаар олон нийт ба хувийн хэвшлийн харилцаа түншлэлийг хөгжүүлэх чадварлаг, нөлөө бүхий байгууллага болох

-Бизнес эрхлэгчдийн эдийн засаг, бизнесийн бүх талын дэмжлэг, үйлчилгээг үзүүлэгч тэргүүлэх байгууллага болох

-Олон Улсын Худалдааны Танхим, Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрүүдийн Танхимуудын Холбоо болон бусад олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд хамгийн үр өгөөжтэй замаар оролцож идэвхитэй гишүүн байх зэрэг юм.

Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч та эдгээр зорилтууддаа хүрэхийн тулд зугтааж алга болохгүй тогтвортой ажиллах хэрэгтэй юм.

Б.Билэгт

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • иргэн
    Танхим ч өнгөрчээ. Дэмбэрэл баабник ч танхимыг нэр төртэй болгосон шүү.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • unen
    xugiin yum bolj dee, ene baiguullaga ch tarj dee xuurxii
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
Сонин хачин