
Хуулийн байгууллагын өндөр албан тушаалтнууд томоохон компаниудын эздийг дарамтлан их хэмжээний авлига авдаг болохыг илтгэсэн баримтыг Х.Тэмүүжин дэлгэлээ гэж нэг хэсэг нь харж байхад нөгөө хэсэг нь бас өөрөөр харж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Алтан дорнод Монгол” компаниас хэвлэлийнхэнд хандлаа. Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт дахь 4 сая ам.долларыг “Алтан дорнод Монгол”-оос шилжүүлсэн үү гэдэг асуудал анхаарал татаад байгаа тул тэд ийн дуугарч байгаа аж. Тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл хэлэхдээ “Энэхүү 4 сая ам.долларын төлбөрийн баримтыг дэлгэснээр манай компанитай холбогдох хувьцааг нь худалдан авсан мөнгөний эх үүсвэр, компанийг хэн, хэрхэн худалдан авсан талаарх зөрүүтэй мэдээлэл багагүй гарч байна. 4 сая ам.долларын төлбөрийн баримт нь "NRI" гэдэг компаниас хийгдсэн гүйлгээ юм.

Тус компани нь "Алтан дорнод Монгол" компанитай ямар ч холбоо хамааралгүй. Энэ компани Т.Ганболд гэдэг хүний хамаарал бүхий компани юм. Энэхүү 4 сая ам.долларын төлбөрийг хэзээ, хэнд, ямар зориулалтаар, яагаад шилжүүлсэн болохыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлана” гэлээ. Тэгээд өнөөдрийн байдлаар Т.Ганболд захирал ирж амжсангүй гэсэн тайлбарыг өглөө.

Н.Цогтгэрэлийг бусад хэвлэлээр “NRI” компаны удирдах зөвлөлийн гишүүн гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл тэрбээр өөрийгөө “NRI” компаний удирдах зөвлөлд байдаггүй “Алтан дорнод Монгол” компаны тэргүүн дэд захирлын албаас өөр алба хашдаггүй гэсэн юм.

Тэгэхээр тэр ийнхүү Тэргүүн дэд захирлын хувиар мэдээлэл хийлгэсний араас Т.Ганболд хэзээ тайлбар вэ хийх вэ гэдэг нь хамгийн анхаарал татсан асуудал боллоо. Учир нь "NRI" компани Т.Ганболдтой холбоотой гэдгийг Н.Цогтгэрэл нь албан ёсоор хэлчихээд байна.
Т.Нямтогтох
Сэтгэгдэл байхгүй байна