Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн баримт явж явж Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой гэгдэх боллоо. Б.Алтантуяа гэх хүний нэртэй, “NRI LLC” компанийн нэр, тамгатай дөрвөн сая ам долларын баримтын цаана хууль хүчнийхний авлигын сүлжээ байгаа гэх таамаг дэвшүүлэгдээд буй талаар хэвлэлийнхэн бичиж байгаа. Тэгвэл энэ асуудалд Хууль зүйн сайдаар суухаар болсон Д.Дорлигжавыг холбоотой талаар яригдаж байх юм. Нэг ёсондоо Хууль зүйн сайдын суудал дээр нь ирж байгаа хүнтэй холбоотой баримтыг тэр гаргаж ирсэн үү гэдэг асуулт тавигдаж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Д.Дорлигжавтай холбоотой анхаарал татсан ямар мэдээллүүд байсныг эргэн харъя.

Лав л хууль хүчнийхнийг худалдаж авна гэж даналздагаараа алдартай Амалхааны Эрдэнэбат нарын нөхдүүд холбоотой байж болзошгүй байдаг. Учир нь А.Эрдэнэбат “Дамо” гэх хятадын компаниас 3 сая ам.доллар салгаж, хуулийн байгууллагын удирдлагуудыг худалдаж авна гэсэн мэдээлэл байсан юм. Ер нь бол “Лайв Энержи Групп”-ыг луйврын аргаар өөрийн болгож, Ерөнхий захирлаар нь суусан Амалхааны Эрдэнэбат гэх нөхөртэй холбоотой мэдээлэл олон. “Лайв Энержи Групп”-ын охин компани тодотголтой “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газар Хятадуудын мэдлийнх болж, тэд цементийн үйлдвэр босгох гэж байгаа талаар дуулдаж байсан. Цемент нь стратегийн бараа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байсаар атал энэ чухал салбар дахь төрийн бодлого тодорхойгүй байгаа нь, Амалхааны Эрдэнэбат нарын нөхдүүдэд ашигтай тусаад байгаа нь үүнээс харагдаж байсан юм. Тэгвэл “Лайв Энержи Групп”-ийг урдаа барьсан Амалхааны Эрдэнэбат гэх нөхөр анхнаасаа Айраг сумын нутаг дахь шохой чулууны ордыг Хятадуудад олж өгсөн нэгэн байдаг. “Мизу” компани гэдэг нь үнэн хэрэгтээ “Лайв Энержи Групп”-ын охин компани биш. Харин жинхэнэ эзэн нь “Damo” resources Limited гэх БНХАУ-ын компани аж. Тэгэхээр Хятад улсын энэ компани Монголын нутаг дахь шохой чулууны ордод эзэн суучихаад, тэрийгээ “Мизу” гэдэг нэрээр халхавчлан, Портланд цементийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ энэ тэр гэж баахан үлгэр ярьж байсан гэсэн үг.

Гол нь Амалхааны Эрдэнэбат нь “Damo” resources Limited гэх хятадын компанийн Монголд эзэмшдэг олон орд газруудыг цээжээрээ хамгаалж ирсэн нэгэн юм. Уран, нүүрс, зэс, шохойн чулуу, газрын ховор элементийн ордууд гэхчлэн Монголын газар нутагт агуулагдаж байгаа бараг бүхий л төрлийн ашигт малтмалын ордуудад эзэн суусан Damo компани “Лайв энержи групп”-ээр халхавч хийхдээ охин компанийн нэрээр орж ирдэг нь “Мизу”-гийн жишээнээс харагдаж байгаа юм. Тэгэхдээ сүүлийн үед Амалхааны Эрдэнэбат “Damo” resources Limited компанийн Хятадуудад үнэн нүүр царайгаа харуулан, ээлжит луйвраа олон жил хамтарсан тэдний эсрэг хийж эхэлжээ. Тодруулбал, өмнөд хөршөөс ирсэн 5-6 хүнтэй бизнесийн багийнхантай Амалхааны Эрдэнэбат нар уулзалт хийсэн нь, өнөөх “Damo”-гийн мэдлийнх болох Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газрыг өөр хятадуудад зарах зорилготой хийсэн уулзалт байсан гэдэг. Харин үүнийг нь мэдсэн “Damo”-гийн хятадууд Амалхааны Эрдэнэбаттай яаран сандран уулзаж, юу болоод байгааг нь тодруулсан аж. “Damo” компани нь Амалхааны Эрдэнэбатад 13 сая ам.доллараа өнгөрсөн хугацаанд өгчихсөн учраас, өөрсдийг нь ийн араар нь тавиад эхлэнгүүт айж сандарсан нь тодорхой. Тиймээс “Лайв Энержи Групп”-ын хулхи эзэнд хандахаас яахав. Тэгсэн нөгөө А.Эрдэнэбат нь өөрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөмөр нөөлөгт багтсан гэдгийг албан ёсоор дуулгасны сацуу “Damo”-гийн эзэн хятадуудаас дахин 3 сая ам.доллар нэхсэн байна. Тэрбээр бусдыг хууран мэхэлж бас шантаажилж сурсан зангаа энэ удаа ч ингэж гаргаж яваа аж. Тэгэхээр Айраг суман дахь шохойн чулууны орд газрыг түшиглэн барих цементийн үйлдвэртэй холбоотойгоор үүдэн гарсан энэ асуудлыг хууль хяналтынхан шалгах хэрэгтэйг хэлмээр байна. “Мизу” компанийн эзэмшилд байдаг гэх ашиглалтын лицензийнх нь жинхэнэ эзэн Хятадууд байдаг.
Эхэнд өгүүлсэнчлэн Амалхааны Эрдэнэбатын луйвар бүхий үйлдлүүдийг илтгэх баримтууд үүгээр дундрахгүй нь. Монголын ордуудыг хятадуудад дамлагч тэрбээр УЕП-ын газрыг 500 мянган ам.доллараар худалдаж авсан гэх зүйлийг ойр тойрныхондоо ярин, даналзаж явсан байдаг. Худалдаж авах болсон шалтгаан нь өөрийнхөө томоохон луйврын үйлдлийг хуулийн гадуур үлдээх үндсэн зорилготой аж. Тэр талаар нь тодотгон хүргэх нь ч зөв биз.
Тагнуул, шүүх, прокурорын удирдлагуудыг нэг, нэг сая ам.доллараар худалдаж авна гэжээ
Амалхааны Эрдэнэбат нь 120 сая долларын санхүүжилтийг бэлнээр, 850 сая долларын санхүүжилтийг зээлээр, нийтдээ тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад ирэх таван жилд оруулахаар зэхээд байсан "Энвидити” компанийн төслийг бүрэн гацаасан гэдгийг мэдэх хэсэг нь мэдэх биз ээ. Тэгсэн ч тэр хэзээд гэмгүй нэгэн шиг дэвж явдаг. Тэрбээр “Лайв Энержи Групп”-ыг залилан хийж гартаа оруулсан байдаг. Тодруулбал, Монгол орны төв хэсгийн Баяр, Сул, Даагын гол хэмээх нутгуудад нийт 43396 гектар газар нутгийн лизензийг эзэмшиж, эрэл хайгуул хийж ирсэн, Цөмийн энергийн газраас Чулуутын ураны бүсэд хайгуул судалгаа шинжилгээ хийх эрхийг авч чадсан “Нуклер энержи монголиа" ХХК-ийг өөрөө байгуулаагүй хэрнээ, хамтрагчаа залилан өөрийн болгосон байдаг. НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан тэрбээр “Нуклер энержи монголиа" ХХК –ийг иргэн Ц.Соёмботой хамтарч байгуулсан байдаг. Компанийн дийлэнх буюу 60 хувь нь Ц.Соёмбынх байсан аж. Гэтэл А.Эрдэнэбат “Хөрөнгө оруулагчид надад итгэж өгөхгүй байна, Миний хувийг 50 болгочихвол том хөрөнгө оруулалт хийнэ” гэж байгаад "Нуклер энержи монголиа” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримтыг 2010 оны есдүгээр сард бүрдүүлэн таван сая доллар хувийн дансандаа шилжүүлж авсан баримт бий. Тэгээд болоогүй. Их аварга асашёорюү Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас 800 мянган доллар хулхидсан тэрбээр "Нуклер энержи монголиа”ХХК-ийг байгуулахад хөрөнгийн баталгаа гаргаж өгсөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг залилан, компанийн хамтран эзэмшигч болох Ц.Соёмбыг мэхэлж, арав гаруй саяар хэмжигдэх долларыг завшжээ. Мөн ураны хоёр ордын хайгуулын лицензийг ашиглан Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчдаас 13 сая ам.доллар хууран мэхлэсэн хэрэгт холбогдож Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх тасагт удаа дараа шалгуулж байсан ч, түүнтэй холбоотой хэргүүд Прокурорын шатанд ирэхээрээ л буцчихдаг жишиг өнгөрсөн жилүүдэд тогтоод байгаа юм. А.Эрдэнэбат нь Ц.Соёмбоос компани, лиценз гэхчлэн байдаг бүхнийг нь хууль бусаар булаан авч, улмаар барьцаа хийн, цааш хэд хэдэн газар дамлан, хэтэвчээ түнтийлгэсэн хууль бус олон хэргээ хуулийн гадуур үлдээхийн тулд Прокурорын байгууллагад авлига өгсөн гэх зүйлийг өөрөө ах дүүдээ хэлж ярьж, сүрийг үзүүлж явдагийг хэлэх эх сурвалжууд бий.
Ямартай ч "Лайв энержи групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Соёмбын хэлдэгээр "Лайв энержи групп" ХХК нь "Нуклер энержн монголиа" ХХК-ийн хувьцааны 100 хувийг эзэмшдэг аж. Харин "Лайв энержи групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч АЭрдэнэбат нь өөрийгөө "Нуклер энержи монголиа" ХХК-ийн гуйцэтгэх захирал хэмээн хууль зөрчинэ өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулаад өдийг хүрсэн байгаа юм.Өнгөрсөн хугацаанд Хувь нийлүүлэгчдийн хурлыг хийгээгүй байхад өөрөө өөртөө гүйцэтгэх захирлын эрх хэмжээг олгосон нь хууль бус үйл ажиллагаа аж. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор "Нуклер энержи монголиа" ХХК-ийг хууль бусаар төлөөлөн, өөрөө өөртөө захирлын эрхийг олгосон үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлагатай байсан ч, хуулийнхан түүний талд ажиллаж ирсэн харагдаад байдаг.
Түүнчлэн А.Эрдэнэбат нь өөрийн хууль бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсныг хүргэж байна.
1. Улсын прокурорын орлогч Ц. Мөнхбатад ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц өгсөн.
2. ЦЕГ-ын УМБГ-ын дарга асан, хурандаа Ө.Энхтөрд ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц өгсөн.
3. ЦЕГ-ын УМБГ-ын Үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Ц. Цогтбаяр нь “Жапантаун”-д худалдан авсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг А.Эрдэнэбатаар төлүүлсэн, гэр бүлээрээ Хайнан аралд амрах, зугаалах зардлаа мөн А.Эрдэнэбатаар даалгуулсан.
4. Дээр дурьдсан Амалхааны Эрдэнэбатаас нэр бүхий албан тушаалтнуудад өгсөн авилга хээл хахуулийг түүнд үйлчилдэг өмгөөллийн компанийн захирал өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа санаачлан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан болно.Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн юм.
5. Мөн 2006-2007 онуудад “Ананд энд адвокатс” компанийн захирал Б.Батзаяа нь 15 ширхэг ашигт малтмалын лиценз гаргаж өгөх нэрийдлээр нэг японы компаниас 300 000 амдоллар / хахуульд өгөх зориулалттай гэж тайлбарлан / биеэр гардаж авсан бөгөөд амлалтаа биелүүлээгүй болно.
Иймд хууль бусаар өөрөө өөртөө эрх үүсгэсэн хууль бус үйл ажиллагаа явуулж буй А.Эрдэнэбатын үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн байгаа юм. Гэсэн ч А.Эрдэнэбат нь залилсан, луйвардсан мөнгөнийхөө тодорхой хэсгээр өөрийнхөө хууль бус үйлдлийг хаацайлахад, хуулийн байгууллагынхантай тохиролцоход зориулдаг жишгээ давтсаар байгаа талаар эх сурвалжууд хэлж ирсэн байдаг. Түүний ар хамгаалалт бүр их томроод байгаа янзтай байж ирсэн. Өөрийнх нь зүгээс ойр тойрны нөхдүүддээ хэлж ярьсныг эх сурвалж өгүүлэхдээ УЕПГ-ыг А.Эрдэнэбат аргандаа оруулсан гэх. Ингэхдээ тэрбээр 500 мянган ам.доллар зарцуулсан гэж хэлж яриад яваад байгаа гэнэ. Цаашлаад өөртэйгөө холбоотой бүхий л хэрэг төвгийн асуудлыг цэгцлэхийн тулд Монголын шүүх, тагнуул, прокурорын удирдлагуудыг нэг, нэг сая ам.доллараар худалдаж авна хэмээн хэлж ярьж явсан байдаг. Түүнчлэн эхэнд өгүүлсэн “Damo” resources Limited компанийн Хятадуудаас 3 сая ам.доллар нэхсний учиг нь ч, үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй хэмээн хэлэх эх сурвалж байсан юм.
Тэгэхээр монголын хууль хүчний байгууллагын нөхдүүд нууц баримт дэлгэн тоглоод байгаагийн цаана хэний эрх ашиг эхэнд вэ гэдэг нь чухал байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл (4)