Эргэн ирээд амьд тоглолтоо хийгээд байсан У.Хүрэлсүх прогноз ёсоор Шадар сайд боллоо. Улсын Их Хурлын гишүүд урд шөнө 23 цаг 15 минутаас эхлэн хуралдаж, ямарч байсан түүнийг дэмжчихлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах асуудлыг танилцуулав. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогт нарыг томилохыг дэмжсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилохтой холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул нэр дэвшигчийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98,3 хувь нь дэмжлээ.
Харин Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогтыг томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Даваасүрэн нар үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг 12 дугаар сарын 09-ний өдрийн Мягмар гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэнээр чуулганы хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл (3)