”Ах” руу мөнгө шилжүүлсэн дараагийн компани нь “Моннис” гэв үү?
2014/12/05

Х.Тэмүүжин сайдын дэлгэсэн баримт олон асуултыг араасаа дагуулж байгаа. Б.Алтантуяа гэх хүний нэртэй, “NRI LLC” компанийн нэр, тамгатай  дөрвөн сая ам долларын баримтын цаана хууль хүчнийхний авлигын сүлжээ байгаа гэх таамаг дэвшүүлэгдээд буй. Тэгвэл хуулийн байгууллагын "ах" руу мөнгө шилжүүлсэн дараагийн компани нь “Моннис” гэнэ гэсэн мэдээлэл бас анхаарал татаад байна. Ер нь бол “Моннис”-ын Б.Чулуунбаатар нэлээд их асуудалд ордог хүн. Асуудал дагуулсан, анхаарал татсан мэдээллүүдтэй байнга нэр холбогддог. 

Тухайлбал,  “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн цанхийн уурхайд   70 тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар авсан “Моннис Интернэшнл” ХХК-ийн эзэн түүнийг ЭЦГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрч буй. Төрийн өмчит томоохон  аж ахуйн нэгжүүдэд сүүлийн жилүүдэд олон тооны тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх тендерийг угсруулан авч чадсан “Моннис Интернэшнл” ХХК  “Эрдэнэс Тавантолгой”-д “Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ”-г  удаа дараа хийсэн байдаг.  Түүнчлэн  тендерийн бичиг баримтын дагуу АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбумын үнэтэй  5 ширхэг автосомасвол нийлүүлэхээр 33.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч, гэрээнд заасан хугацаанаас хожимдуулан БНХАУ-аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлснээс болж байнга эвдрэл гарч, 2 ширхэг автомашин нь ажиллахгүй асуудал дагуулан өдийг хүрсэн байгаа юм.

Мөн “Моннис Интернэшнл” ХХК –ийн 6.6 тэрбум төгрөгөөр нийлүүлээд байгаа техникийн гадаад зах зээлийн үнийг судлахад 1 бүр нь 2.3-2.5 сая ам.доллар буюу ойролцоогоор 3.4 тэрбум төгрөгийн өртөгтэй нь тодорхой болсон аж. Түүнчлэн  ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  “Моннис Интернэшнл” ХХК улсад онц их хэмжээний хохирол учруулж байсныг илрүүлэн шалгасан байгаа.

Ер нь бол Монголын тэргүүн баячуудын нэг Б.Чулуунбаатарын компанийн хууль зөрчсөн үйл ажиллагаануудын талаар мэдээллүүд байдаг ч, хуулийнхан эцэслэн шалгах тал дээр асуудал үүсээд байдаг гэдгийг бас хэлэх нь зөв болов уу. Засгийн ивээл дор хууль бусаар  тендер авсан, төрд чанаргүй машинууд шахсан, татвараас чөлөөлөгдсөн гэхчлэн олон асуудалтай нэр энэ компанийн эзэн Б.Чулуунбаатар “Саусгоби сэндс” компанитай холбоотой  хэрэгт ч нэр холбогдсон. Гадны нөхдүүдийн зүгээс манайд 4.3 тэрбум ам.доллар угаасан гэгдэж байсан энэ хэрэгт холбогдогчдын нэг нь  “Моннис”-ын Б.Чулуунбаатар гэдгийг эх сурвалжууд хэлж л байсан.  Түүнийг АТГ-аас мөнгө угаасан болон их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа гэдгийг ч АТГ-ын Мөрдөн шалгах тасгийн дарга Э.Амарбат хэвлэлд өгүүлсэн байдаг. Гэвч энэ асуудал бүдгэрсэн.

Мөн тус компанитай холбоотой луйврыг сануулахад,  2007 онд  Засгийн Газрын Хэрэг ЭрхлэхГазар, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендер зарлагдсан байдаг. Харин тендерийг Моннис ногоон гэрлээр авч, улмаар Засгийн газарт Toyata,  Nissan Teana, Nissan Maxima, Nissan Patrol зэрэг 20 автомашин шахсан түүх бий. Тэгээд зогсоогүй  “Моннис интернэшнл” ХХК гаалийн татвар, НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн талаар эх сурвалжууд тухайн үед өгүүлж байв. Асуудалтай нь  2012 оны байдлаар “Моннис”-ын шахааны 20 машины дөрөв нь л Засгийн газрын үйлчилгээнд амь голтой явж байгаа талаар мэдээлэл байсан юм. “Моннис”-ынхон нэгэнтээ улстөрийн дэмжлэгтэйгээр тендер авч, машинаа борлуулсан тул нөгөөдүүл нь хэмхрээд сэлбэг, хэрэгсэл нь олдохгүй бөөн асуудал үүсээд ирэх үед, засгийн зүгээс арга буюу тэдэнд хандаж  дүр эсгэсэн гомдол мэдүүлсэн байдаг. Гэсэн ч  Моннис пээдийгээд тоогоогүй бололтой байдаг. Хөөрхий нөгөө муу засгийн нөхдүүд нь Моннис гэдэг улстөрийн хамгаалалттай даварсан компанийн өөдөөс юу ч хэлэхэв. 100 км тутамд, 40 - 70 литр түлш иддэг машинуудыг арга буюу актлаад л өнгөрсөн байдаг юм.

 “Моннис”-ын эзэн Б.Чулуунбаатартай холбоотой энэ мэт асуудлуудыг хуулийн байгууллага хэрхэн шийдэх нь тодорхойгүй байж ирсэн. Тэгвэл тэр одоо дахиад том асуудалд орж мэдэх нь.

Б.Билэгт

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Ilerhii shuu dee. Huuli huchniihend hahuuli uguu l garch baigaashtee.
    2014 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Gazar delhii yaj daaj yvdiin bol geh setgegdel turtul avhiimaa neerEe yasan ih shunal husel ve uhehdee daanch ene ih hurunguu avch yvahguin saihan ym daa
    2014 оны 12 сарын 06 | Хариулах
Сонин хачин