Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн эцэслэгдэн батлагдаад байна. Чуулганаар санал хураахад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” –ынхноос нэг ч хүн байгаагүй. Хэвлэлээр нэг гомдол зарлаад байсан тэд зориуд ирээгүй биз. Шадар сайдыг манайх авах ёстой гэсэн байр суурьтай тэд ингэж зөрүүдлэв.

Гэсэн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан засгийн газрын бүтцийн тухай хууль багагүй шүүмжлэл дагуулсны эцэст дэмжигдлээ. Тэгээд Засгийн гаазр 15 яам, 19 сайдтай байхаар боллоо. Харин МАН-д Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамыг өгөхөөр болжээ. Түүнчлэн МАН-ыхан ч сайдын сэнтийд залрах нөхдийнхөө нэрсийг битүүхэн цохож байгаа аж. Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Х.Оюунхорол, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайдад Н.Төмөрхүүг залахаар болсон тухай шивнээд эхэлчихжээ.
За мөн бусад нам эвслүүд үлдсэн яамдуудаас чадахынхаа хэрээр зулгааж таарна. Н.Алтанхуягийг айхтар данхагар бүтэцтэй засгийг байгуулсан гэлцэж байсан МАН-ын нөхдүүд Ч.Сайханбилэгийн засгийн газарт ийн нэгдэн нийлцгээлээ. Тэд хаа хүрэх гэж нэгдэж байгаа нь мэдээж анхаарал татсан асуудал юм.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна