Ерөнхий сайд асан С.Баярыг "Саус Гоби Сэндс" ХХК-ийн канад удирдлагууд амласнаа биелүүлж, лицензийнх нь наймааг хуулийнхнаас нууж өгч чадаагүйн шийтгэл нь болгож хэмх зодсон гэдэг. С.Баярын тухайд үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ нэг талаас Роберт Фрийдландын хуруу гар монголын улстөрчдөд ойрхон байдгийг харуулсан явдал болсон хэмээн хэлэх эх сурвалжууд бий.

Ерөөс угшил нь Роберт Фрийдландад хаяглагддаг компаниуд монголд олон. “Саус Гоби Сэндс” компани бол тэдгээрийн нэг. Тус компанийн гадаад удирдлагууд өмнийн говь дахь нүүрсний томоохон бассейныг өмнөд хөршийн төрийн өмчит компанийн “охин” болох Чалкод зарах гэж байсан нь илэрсэн биш араас нь зөндөө асуудал дэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд “Саус Гоби Сэндс” компани Монгол Улсын хууль журмыг зөрчсөн, татвараас бултсан гэхчлэн анхаарал татсан олон асуудалд холбогдсон. Тухайлбал, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар нь "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн хэрэг бий. Үүнд, Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла нарыг хамаатуулан шалгаж, Монголоос гарахыг хориглосон юм. Тэгсэн нөгөөх Жастин Капла нь АНУ-ын Миннесотад суух эцэг Уильям Капладаа захидал явуулж, харин эцэг нь Сенатын гишүүн Аль Франкен, Эми Клобухар, Мишель Бахман нарт захидал илгээн, хүүд нь Монголоос гарах эрх олгох талаар туслалцаа үзүүлэхийг хүссэн билээ. Нэр нь дурьдагдсан Сенатын гишүүд манай улсын Гадаад харилцааны яаманд албан захидал ирүүлж, Жастин Каплад тавьсан хоригийг түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан юм. Түүнийг Монголоос гарах хоригийг түдгэлзүүлэх хүсэлт тавихдаа Жастин Каплагийн эцгийн эрүүл мэндийн байдал тааруу байгааг харгалзан үзнэ үү гэснийг эх сурвалж өгүүлж байсан юм. Тэгвэл Жастин Каплагийн гомдол НҮБ-ын хүний эрх хариуцсан дээд комиссарт хүрээд бас л асуудал дагуулж байна. Учир нь НҮБ-аас манай төр засгийн эрхмүүд болоод холбогдох байгууллагуудад энэ талаар тайлбар өгөхийг шаардсан албан бичиг илгээсэн аж.
Манай нөхдүүд түүнийг чухам яагаад хилээр гарахыг хориглосноо тэдний өмнө тоочих хэрэгтэй болоод байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Жастин Капла болоод “Саус Гоби Сэндс” компанийн санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобол Давид болон В.Кажуком нарыг Монгол Улсад төлөх 46.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, нийтдээ 84 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт шалгаж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард эдгээр хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал болж, нотлох баримт хангалтгүй, дутуу шалгасан гэдэг шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж үзсэн юм. Тэгээд хуулийн хугацаандаа дахин шалгаж эхэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тэгэхээр хууль зөрчсөн байж болзошгүй Жастин Капла гэгч хэн бэ гэдгийг тодотгон өгүүлэх нь зөв болов уу. 2010 оны 10 дугаар сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн тэрбээр “Саус Гоби Сэндс” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийн хамтаар Өмнөговийн удирдлагуудыг хаалгадах ажиллагааг хэрхэн явуулж ирсэн талаар мэдээлэгдэж байсан.
Тэрбээр Мичиганы Технологийн их сургуульд металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуульд Олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан гэгддэг. Хойд Америк, Монгол, Баруун Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан тэрбээр 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах төвшний төрөл бүрийн ажил хийж байсан. Мөн Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүний статустай нэгэн гэх албан ёсны мэдээлэл бий.

Мөн тэр бол “Саус Гоби Сэнд” ХХК-ийнх нь мэдэл дэх Овоот Толгой, Цагаан толгой, Сүмбэр-Билүүтийн ордуудын лицензүүдийг Хятадуудад үнэ хүргэж дамлах луйврыг соёлтойгоор хийхийг оролдсон канадуудын нэг. Жастин Капла Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн авлига, албан тушаалын хэргийг шалгах явцад хэрэгт холбогдсон юм. Сануулахад, Д.Батхуягийн хэрэгт Жастин Каплагаас гадна тус компанийн хуулийн зөвлөх Сара Армостранг нарыг холбогдуулан шалгаж байсан билээ. Харин Сара Армострангийг нутаг буцаасан юм.
Чанга дэглэмтэй хорих ангид 6 жил 6 сарын хорих ял эдэлж буй Д.Батхуягийн тухайд Т.Даваацогт нартай бүлэглэн 2009, 2010 онд эрх мэдэл буюу албан тушаалаа ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдсан. Мөн С.Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саус Гоби Сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгагдсан юм. Тиймээс ч "Саус Гоби Сэндс" ХХК-ийн удирдлага байсан Жастин Капла нарыг шалгаад өдийг хүрсэн биз ээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (3)