Хүн гэмтэй байж болно. Гэхдээ амьд явах, агаар амьсгалах эрх заяагдмал. Монгол Улсын иргэн хүний хувьд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхтэй. Харамсалтай нь энэ өгөгдөл эрхийг тас цохьсон үйлдлүүд олон. Тэдгээрийн нэг бол Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан өнгөрсөн 5 дугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид амьсгал хураасантай холбоотой асуудал юм. Хорих ангийн хүлээлгийн танхимд өмгөөлөгчтэйгээ уулзахаар хүлээж байсан түүний бие нь муудаж гэнэт нас барсан эл хэрэг араасаа олон асуултын тэмдэг дагуулсан юм. Юу гэхээр хорих ангийн эмнэлгийн дарга н.Дарханбат, эмчлэгч эмч н.Отгонбаатар нарын ар гэрийнхэнд нь болон өмгөөлөгч нарт нь хандаж “Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэж дээрээс чиг үүрэг өгсөн” хэмээн хэлсэн байдаг.
Чухам тэгээд дээрээс гэдэг нь хэн хэнийг хэлээд байгаа нь мэдэгдэхгүй өнгөрсөн. Гол нь Д.Амарсайхан гэдэг хүн нас барсан нь, түүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага бүрэн утгаараа байсан гэдгийн зуун хувь баталгаа болж хоцорсон юм. Түүнчлэн Д.Амарсайхан нарын хэрэг дээр ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Бямбадорж, хяналт тавьж байсан прокурор Сарангэрэл, шүүгч Ё.Цогтзандан нар хүний амь насаар барьцаалсан шийдвэр гаргаж байсан асуудалдаа өдийг хүртэл ямар нэг хэмжээгээр тайлбар хийсэнгүй.

Талийгаач Д.Амарсайхан гэм буруутай байсан байж болно. Үүнийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ түүнд муудсан эрүүл мэнддээ анхаарах, эмнэлэг бараадах эрх байсан байж таараа. Өмгөөлөгч Т.Нямдоржоос Д.Амарсайханыг гадуур байлгаж шалгаж яагаад болоогүй юм бол? хэмээн асуухад
-Үүнийг хуулийнхнаас л асуух хэрэгтэй. Талийгаачийн гадаад паспортыг хураагаад авчихсан. Улсын хилээр гарахыг нь хориглосон. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтынх нь үйл ажиллагаа дууссан. Гэрийнхээ хаягийг өөрчилж, солиогүй байхад хэргийг нь прокурорт шилжүүлэхдээ түүнийг хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанаас оргон зайлж болзошгүй хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэх мэт хэд хэдэн зүйлийг хардаг. Гэхдээ энэ арга хэмжээг авахдаа үндэслэлтэй байх ёстой. Харин Д.Амарсайханыг хорих ямар ч үндэслэл байгаагүй. Дахиж түүнийг хорихдоо таслан сэргийлэх арга хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа гэсэн байдаг. Мөн тэрбээр талийгаачийг амьсгал хураасан явдлын талаар:
-Уулзалтын өрөөнд сэжигтнийг авчраад дараа нь өмгөөлөгчийг нь дууддаг. Тэгээд уулзаж харилцуур авах гэтэл талийгаач газар унасан. Шилэн хананы цаанаас ийм л зүйл харсан. Маш их өвдөлт тархинд нь өгсөн байх. Орилоод л унасан. Юу болсныг мэдээгүй. Намайг очиход ухаан алдаад уначихсан байсан. Үйлчлүүлэгчийг маань ухаангүй болсны дараа намайг оруулсан. Эмч нар нь 30 орчим минут хиймэл амьсгаа хийсэн боловч ухаан оролгүй нас барсан гэсэн юм.
За харин Д.Амарсайхан агсныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болохгүй гэсэн чиг үүргийг өгсөн газар нь гурван үсэгтэй байгууллагаас өгсөн гэж тэр ойлгож буйгаа хэлсэн байдаг. Гурван үсэгтэй гэдэг нь АТГ-ыг хэлээд буй юм. Тэгэхээр хүнийг үхтэл нь хорь, шийтгэ гэдэг үүргийг өгдөг гурван үсэгтэй байгууллага Монголд байна. ХЭҮК-ын нөхдүүд энд анхаарал хандуулах шаардлагатай байна!
Харин одоо Д.Амарсайхан нарт холбогдох хэргийг шат шатны шүүх хэрхэн шийдвэрлэснийг хүргэе.

Улсын Дээд шүүх Х.Анхбаяр, Д.Амарсайхан, Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн юм. Талийгаач Д.Амарсайхан нь “Тэнгри Групп” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Анхбаяраас хээл хахууль авсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа амьсгал хураасан юм. Х.Анхбаярыг газрын тосны бүтээгдэхүүн хуваах чиглэлээр зарласан Олон улсын нээлттэй тендерт шалгарсныхаа төлөө Д.Амарсайхан агсанд бараг хагас тэрбум төгрөгийн үнэ бүхий 160 кв.м орон сууц, 2 автомашины зогсоолын хамт хахууль болгон өгсөн хэмээн буруутгаж шалгасан. Ингэхдээ тансаг сууцнуудын нэг болох “Роял Грийн Вилла” хотхон дахь уг байрыг Д.Амарсайхан өөрийн төрсөн ахын хүү Ц.Чандманийн нэр дээр шилжүүлэн авсан гэж буруутгасан. Энэ хэрэгт “Тэнгри Групп”-ын ерөнхий менежер ажилтай Н.Отгонболдыг хахуульд өгсөн орон сууцыг Ц.Чандманийн нэр дээр шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгаж, хамжигчаар оролцсон гэж буруутгасан ч анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэм буруугүй гэж үзэж цагаатгасан юм. Мөн Д.Амарсайханы ахын хүү Ц.Чандманийг ч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан.Харин Д.Амарсайханыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч холбогдсон этгээд нас барсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр энэ хэрэгт холбогдсон нэг хүн ял эдлэхээр болсон нь Х.Анхбаяр. Түүнийг албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 3 жил хорих ял шийтгэсэн билээ. Түүний холбогдсон онц их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэх үйлдлийг шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Харин Дээд шүүхийн шүүгчид энэ хэргийг 2 цаг гаруй хэлэлцэж, 40 орчим минут зөвлөлдөөд өмнөх шатны шүүхийн шийдвэртээ өөрчлөлт оруулсан юм. Юу гэхээр Дээд шүүх нас барсан хүнийг буюу Д.Амарсайханыг гэм буруутайд тооцсоныг буруу гэж үзэж, хүчингүй болгоод байна.
Харин “Тэнгри групп”-ын захирал Х.Анхбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэхээр шийдвэрлэжээ. Сануулахад, Х.Анхбаярын ар гэрийнхэн түүнийг хилсээр хорьж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж ХЭҮК болон Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байсан билээ. Түүнийг олон сар хорихдоо тамлан зовоосон, таван удаа байцаалт авсан хэрнээ хэргийг шийдвэрлэж чадахгүй байна хэмээн гомдол гаргаад байсан юм.
Яахав, хэрэг дээрээ бол Х.Анхбаяр, Д.Амарсайхан нар хууль зөрчсөн асуудалтай нь шүүхийн шийдвэрүүдээс харагдаж байна. Гэхдээ хүнд хүн ёсны үүднээс хандах тал дээр хуулийнхан дэндүү хуудуутай хандаж байгаа нь энэ хэргээс харагдаж байна!
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)