“Бодь” группын уналт доройтолтой холбоотой эхний мессеж нь өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлчээр “Голомт” банкинд үүссэн хямаргаант нөхцөл байдалтай холбоотойгоор гадагшилсан юм. “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүд түнжин хагараад байна гэх мэдээллийг бататгах нэгэн баримт хэвлэлийн хуудаснаа гарсан нь, “Голомт” банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Л.Болдын өмгөөлөгч З.Сүхбаатар гэгчийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хандан илгээсэн захидал байв.

Тэрхүү захидалд “Голомт” банкинд үүсээд байгаа нөхцөл байдлыг тодорхой дурьдсан байдаг. Тухайлбал, “Банкны хувьцаа эзэмшигчдийн 2013 оны ээлжит хурлаа хийж чадсангүй. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ёстой бөгөөд хэрэв энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болно” гэсэн хууль зүйн нэн хортой үр дагаварт хүрч байна” гэдгийг өгүүлсэн байдаг. Түүнчлэн банкны одоогийн удирдлагууд үүрэгт ажлаа муу гүйцэтгэж, ажлаа орхин зугтааж байгааг онцлоод Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн зааснаар “Банкны гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх” зэрэг холбогдох албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүссэн байдаг.

Мөн, “Голомт банк нь хэдийгээр хадгаламж, харилцагчдынхаа төлбөр, тооцоог хийх бүрэн чадвартай гэдэгт эргэлзэхгүй байгаа боловч түүний гүйцэтгэх удирдлагын зүгээс хийж байгаа иймэрхүү хууль бус үйл ажиллагааг цаг алдалгүй таслан зогсоохгүй бол цаашид байдал өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй юм” гэсэн нь ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалантай шууд холбогдсон асуудал гэдгийг хэвлэлийнхэн тодотгож байв. Д.Баясгаланг Японы Иточу корпорацитай хамтарч гэрээ байгуулж зарим компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байсан нь олон улсын “FCICapital” аудитын байгууллагын шалгалтаар тогтоосон байгаа гэсэн байдаг юм.
Тэгэхээр энэ мэт мэдээллүүдээс харахад энэ банкны хувьцааны 84,66 хувийг босгосон Л.Болд, Д.Болдхуяг, М.Зоригт, Д.Баясгалан нар нэгэн дээвэр дор багтаж шингэхгүй болсон нь ойлгогдож буй.
. Гэхдээ “Бодь” группыг үүсгэн байгуулагчид группынхаа үүдийг юу юугүй шууд хаачихалгүй “Бодь сан” гэгчийг байгуулсан гэнэ. Энэ нь төдийгөөс өдийг хүртэл замнаж ирсэн том группын зангарагийг завагтай хутгачихалгүй нийтэд харагдуулж буй өнгөлөн далдлалт байж болох. Түүнчлэн өмч хөрөнгийн хуваарилалтаа ч хэдийнэ хийгээд эхэлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Бодь цамхаг” Л.Болдын мэдэлд бүрэн шилжиж байгаа аж. Уг нь хэдэн сарын өмнө Л.Болдын албан төлөөлөгч Л.Сарангэрэлийн “Бодь” цамхаг дахь албан өрөөг Д.Баясгалангийнх нь хүмүүс хүч түрэмгийлэн нурааж, эд зүйлийг нь эвдсэн гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл өдгөө Л.Болд цамхагт эзэн сууж буй бололтой юм.

Эргэн харахад, Л.Болд, Л.Болдхуяг, Д.Баясгалан, М.Зоригт нарын нөхдүүдийн хорин жилийн өмнө хүч хавсран байгуулсан “Бодь интернэшнл” групп олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 шахам охин компанийн эцэг болж, чамгүй өндөр насыг элээсний эцэст нүд аньж байгаа бололтой. Тодорхой хэлбэл дампуурлаа зарлахад бэлэн болоод байгаа тухай ойрын эх сурвалж нь хэлж байгаа юм. Энэ группын өнгө зассан он жилүүдийг буюу охин компаниуд олноор мэндэлсэн он цагийг харахад нийт хувьцааных нь 7896027 ширхэг буюу 33,34 хувьд эзэн суух Л.Болдыг улстөрд хөл тавьснаас хойшхи жилүүдтэй яах аргагүй холбогддог. “Бодь”-ийн гарал үүслийг ярьвал Л.Болд, Л.Болдхуяг нарын аав буюу Соёлын яамны сайдаар ажиллаж байсан нэрт эрдэмтэн С.Лувсанвандан агсан зах зээлийн шинэ нийгэм монголд бүрэлдэн эхэлсэн 1990 онд “Бодь” хоршоог байгуулж байж. Харин тэгж тавигдсан суурийг эхэнд нэр нь дурдагдсан дөрвөн эрхэм өргөжүүлэн “Бодь интернэшнл” компани болгохдоо Германаас санхүүгийн дэмжлэг авсан байдаг юм билээ.
Ийм замаар өдийг хүрсэн энэ группын бусад охин компаниудынх нь ирээдүй хэрхэх нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч 1996 оноос хойш байгуулагдсан охин компаниудынх нь мэдээллийг товч хүргэвэл:
1996 онд Даатгалын салбарт хувийн секторын анхдагч Бодь Даатгал компани байгуулагджээ.
1997 онд Бодь Групп мэдээлэл харилцаа, технологийн зах зээл рүү орж мэдээллийн технологи, компьютерийн худалдаа үйлчилгээний Бодь Компьютер ХХК байгуулагдсан байна.
Мөн онд Автомашины худалдаа, vйлчилгээний Бодь Автомотив ХХК байгуулагдаж, Монгол дахь Toyota, Isuzu, Skoda брэндийн албан ёсны дистрибьютер болжээ.
Бас барилгын гүйцэтгэл хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бодь Пропертийз ХХК байгуулагдсан байдаг.
2000-2003 онуудад: Олон улсын ачаа тээврийн Эс-Би Логистикс ХХК үйл ажиллагаагаа эхлэжээ. Бодь компьютер ХХК-ийн Компьютер худалдаа үйлчилгээний хэлтэс бие даасан MPC ХХК болсон байна.
Электрон кард технологи болон пластик кард хэвлэлийн Бодь компьютер ХХК–ийн хэлтэс бие даасан Smartcard ХХК болжээ.
2002 онд Барилгын салбарт Монгол Хятадын хамтарсан Мон-Чи-Кон компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Барилгын салбарт ихээхэн туршлагатай, нэр хүнд бүхий Монгол-Оросын хамтарсан Инкон ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран эзэмших болсон байна.
Мөн онд Сар Шинэ ХХК банк бус санхүүгийн байгууллага байгуулагдсан байдаг. Монгол Лизинг ХХК байгуулагдав.
2003-2005 онуудад: “Бодь цамхаг” хамгийн орчин үеийн дизайн шийдэл бүхий оффис барилга ашиглалтанд оржээ. Бодь цамхаг” ХХК үл хөдлөх хөрөнгийн компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч анхны компани болох Мэйжикнэт ХХК-д хөрөнгө оруулж хамтран эзэмших болжээ.
2005 онд Мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байсан Бодь Группын 3 охин компани менежментийн бодлогын дагуу нэгдэж Бодь Электроникс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэжээ.
"2006-2008 онуудад Бодь Электроникс ХХК нь Fujitsu Siemens-ийн хамгийн анхны үзүүлэх танхимыг Улаанбаатар хотод нээсэн.
“Бодь Пропертийз” Голомт хотхон орон сууц болон үйчилгээний цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулсан. Бодь Автомотив ХХК нь Монгол дахь SIXT группын албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
2007 онд Бодь электроникс ХХК нь Miele брэндийн албан ёсны дистербьютер болж үзүүлэх танхимийг Улаанбаатар хотноо нээв. Бодь электроникс ХХК нь Бодь компьютер маркет нэртэй компьютер болон аюулгүйн системийн төвийг нээв. Дэлхийн тэргүүлэх дүнзэн байшингийн үйлдвэрлэгч Финляндын Хонкатай хамтран Хонка Лог Хоум ХХК нь үйл ажиллагаагаа нээв.
2008-2010 онд Сайфлинк ХХК нь TBE ХХК-тай 51% -ийн хөрөнгө оруулалттайгаар хамтран уул уурхай, барилга угсралтын машин худалдаа, гүүр зам барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
2009 онд Сүхбаатар хөгжил” компани байгуулагдав.
"2010" онд Бодь автомотив компанийн автомашин худалдаа, засвар үйлчилгээний иж бүрэн төв нээгдэв. Мөн Үл хөдлөх хөрөнгийн удирдлагын чиглэлээр “Proset real estate” компани тус тус байгуулагджээ. Мөн Монгол Масс Медиа Групп буюу хэвлэл мэдээллийн салбар дахь хөрөнгө оруулалт нь ихээхэн идэвхжсэн байдаг.
Тэгэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд ихээр өсч өндийсөн энэ том групп Монголын бизнесийн талбар дахь орон зайгаа бүдгэрүүлэн нүд аних гэж буй тухай мэдээлэл таатай бус байна. Үүсгэн байгуулагчдынх нь нэг нь улстөрд хөл тавьсны үр шимийг энэ групп үзсэн гэдэгтэй маргах нь зохисгүй болов уу. Харин үүд хаалгаа барих дээрээ тулаад байгаа нь гар гараасаа барилцан гараанаас хамтдаа гарч, төдийгөөс өдийг хүртэл хийж босгосон үүсгэн байгуулагчдын түнжин муудсан дотоод асуудалтай давамгай холбогдож таарах болов уу...
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна