Хоёр “экс”-ийн төөрөг нийлсэн луйвар!
2014/11/29

Хоёр экс гэхийн учир нэг нь  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, нөгөө нь Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг хэлээд байгаа юм л даа. Хэн хэн нь өдгөө албан тушаалаасаа буусан ч, цаагуураа бол хүч агуулсан хэвээрээ яваа хүмүүс л дээ. Тухайлбал, Ч.Ганзориг гэхэд хэрэгт холбогддог хэрнээ хэрэг дээрээ хариуцлагаас хол яваад байдаг нөхдүүдийн нэг.  2012 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт МАН-аас нэр дэвшинэ гэгдэж байсан түүнийг 2011-2012 он солигдох гэж байхад буюу шинэ жилээр “Ганц худаг”-т 72 цаг саатуулаад гаргаж байсан билээ. Хорих болсон шалтгаан нь Эрдэнэтийн ган бөмбөлөгийн луйврын хэрэгтэй холбоотой, бүр тодруулбал Н.Энхбаяр нарын хэд хэдэн нөхдүүд  “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх зорилгоор их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж байсан. Бас нөгөө талд нь түүнтэй нэг тойрогт намаасаа өрсөлдөх Т.Бадамжунайгийн хатгаасын дагуу хорьсон гэх ч бор шувуу нисээд байсан. Гол нь түүнийг хорьсон нь Ч.Ганзориг гэгч нь цагаан цаас шиг цэвэрхэн намтартай нэгэн биш гэдгийг  “илчилсэн” явдал болсон гэдгийг тодотгох хэрэгтэй.

Өнгөрсөн жил түүнийг баривчлах болсон шалтгаан нь нэг талаас нөгөөх ган  бөмбөлөгийн хэрэгтэй холбоотой талаар яригдаж байсан ч, эл асуудлаас илүүтэйгээр   “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан гэх мэдээллийг үйл явдлууд баталгаажуулж байсан. Тэр талаар өгүүлэхээсээ өмнө ган бөмбөлөгийн луйврын торыг Н.Энхбаяртай хамт сүлжсэн гэх асуудлынх нь талаар хүргэж байна.

Н.Энхбаяр, Ч.Ганзориг хоёрын эрх ашиг

Ган бөмбөлөгийн шахааны наймаа гээд байгаа нь зэсийн хүдэр бутлах зориулалттай ган бөмбөлгийг ихэнхи нь урд хөршөөс нэг тонныг нь 400-500 ам.доллараар оруулж ирээд “Эрдэнэт” үйлдвэрт тонныг нь 1300-1400 ам.доллараар шахаад дундаас нь их хэмжээний мөнгө унагаж байсан бизнес бол зарим нь бөмбөлөг нийлүүлнэ гэж мөнгө авчихаад мартчихдаг завхарсан явдлыг хэлээд байгаа аж. Эл шахааны наймаатай холбоотойгоор улстөрчид Эрдэнэт Үйлдвэрт 90 сая гаруй ам.долларын хохирол учруулсан бөгөөд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ил яригдаж байгаа нэг нь л юм. Уг нь ган бөмбөлөгийн шахааны наймааны гэрээнүүд Эрдэнэтийн захирал Х.Наранхүүгийн үед хэд хэдээрээ хийгдсэн байдаг. Харин тэдгээрийг нь төлөгдөх боломжгүй өр гэсэн жагсаалтад багтаан, залруулах ажлыг дараагийн захирал Ч.Ганзориг гардан гүйцэтгэсэн байдаг аж.

 Тухайлбал, Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг  "Henlon", "Great Global international" компаниудын өрийг цайруулсан хүн бол Ч.Ганзориг гэнэ. Эдгээр компаниуд нь  Н.Энхбаярын Ж.Мягмаржаргалтай хамтран  хийдэг бизнес юм байна. Н.Энхбаяр нарын хавтаст хэрэгт бичигдсэнээр Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх хоёр компанийн нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон гэж байсан юм. "Henlon" компанийн хувьд 2005 оны 3 сарын 24-ний H-L-240305 тоот гэрээгээр 1.337.240, сая ам.доллар, 2006 оны 6 сарын 23-ны H-L-240606/05-327   тоот гэрээгээр 439130.07 ам.доллар, “Great Global international" компани нь  2007 оны 10 сарын 24-ний 2007\05-581 тоот гэрээгээр 1.580.000 сая ам.доллар гаргуулсан гэх. Гэсэн ч ган бөмбөлөг нийлүүлэх үүргээ умартан Эрдэнэт үйлдвэрт гурван сая гаруй ам.долларын хохирол учруулжээ. Эдгээр  гэрээнүүд Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал байх үед хийгдсэн. Харин энэ өрийг нь  "Эрдэнэт үйлдвэр" компанийн хуулийн хэлтэс "Төлөгдөх боломжгүй" өр гэдэгт оруулаад хаях үед Ч.Ганзориг Эрдэнэтийн захирал байсан байгаа юм.

За харин эхэнд өгүүлсэн асуудлын тухайд өгүүлэхэд: Төрийн банктай хүчээр нэгтгэгдсэн Хадгаламжийн уналт "Жаст" группийн захирал Ш.Батхүүгийн  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан тухай асуудал байсан юм.  Монголын бизнесийн талбараас арчигдсан харагдах “Жаст” групп 2009-2010 оны хооронд “Английн “Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ “Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа  “Манай групп “Эрдэнэт”  үйлдвэрт шатахуун нийлүүлэх  гэх мэт маш олон төрлийн  үйлчилгээ үзүүлдэг. 1997  оноос хойш найдвартай  хамтарч ажилласан учраас  баталгаа гаргаж өгсөн. Би 2008  оны үйл явдлыг ярьж байна.  Төрийн өмчийн хорооны дарга  Д.Сугар баталгаа гаргаж өгөх  боломжтой гэсэн цохолт хийж  өгсөн. Олон жил хамтарч  ажилласнаа бодоод “Эрдэнэт”  үйлдвэр баталгаа гаргасан.  Үүнээс хойш “Стандарт”  банк наас хэд хэдэн удаа зээл  авсан. Бид сүүлд авсан зээлээ  зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн.

Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ “Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, "Улаанбаатар төмөр зам" ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч  энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт”  үйлдвэрийн ерөнхий  захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм.  Тэрхүү хүсэлтэд “Аж  ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн  борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. “ гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм. Ер нь бол эндээс харахад Ч.Ганзориг захирал “Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагдаад байна. Хэрэв Д.Сугар л Ч.Ганзоригийгоо “жийж”, зориуд ийм зүйл яриагүй бол, яах аргагүй л “Жаст”-д том тус хүргэсэн хүн нь Ч.Ганзориг гэдгийг ойлгож болохоор байгаа юм.

Тэрчлэн Д.Сугар дарга “...Энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.” хэмээн ярьснаас үзэхэд “Жаст”-ын балгаас болж хэдүүлээ дээлээ нөмрөхгүй шүү гэсэн сануулгыг ч дайж бас болох билээ.

Мөн Ч.Ганзоригтой холбоотой нэг асуудал бол ТӨХ болон холбогдох албанаас  “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд  агуулахын үлдэгдэл, худалдан авалтад шахааны бизнес орсон нь илэрсэн гэж байгаа. Тодруулбал, 10 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий эргэлтгүй бараа, материалын хуримтлал үүссэн байсан нь илэрснийг Ч.Ганзоригт мөн хамаатуулж байгаа аж. 

Уг нь С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л  “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, энэ оны нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Харин түүний өөрийн хүсэлт гэдгийнх нь ард АН-д элсэж, Англид элчин сайдаар суух тохироо хийгдсэн гэх мэдээлэл дагаж байсан билээ.

Ер нь бол тэрбээр төрийн өмчийн компанийн толгой дээр суучихаад хэрхэн луйвар хийдгийг бодитоор нь харуулсан хүн. Тиймдээ ч МАН-ыг угжиж байсан гол хандивлагчдын нэг тэрээр АН-ын үед ч энэ барилаараа явах гэж үзэж байгаа бололтой. Ямартай ч Эрдэнэтийн захирал байхдаа  экспортод гаргаж байгаа  зэс, молибдений баяжмалын хэмжээ болон үнийн мэдээлэл, тендерийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллүүдийг нуун дарагдуулдаг байжээ. Жишээ дурдахад, 2010 онд “Жаст” компани  100 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн шахсаны ард мөнөөх л Ч.Ганзориг байсан байна.

Эдгээрээс харахад Ч.Ганзориг бол улстөр, бизнесийн луйврын торыг өнгөрсөн жилүүдэд сүлжиж ирсэн сүрхий нөхдүүдийн нэг л байгаа юм даа.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Тэр ойлгомжтой.Цолмонгын хамаатан улсын заан ганболд туунии дуу жолооч мягмаржаргал нар дампуу шуналтай тэнэгууд, тэд л энхбаярын далд бизнесииг гулруулж ялтны ширээнд авчирсан
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • altan
    za daa dahiad neg tarhi ugaalt.medej baisan yum bol ter ued ni urgeljluulj horiod yallahgui yasan yum bol doo
    2014 оны 11 сарын 30 | Хариулах
Сонин хачин