Г.Сарангэрэл гэх эмэгтэй Х.Тэмүүжингийн “нялх амраг” хэмээх өргөмжлөлийг хүртээд хэвлэлээр багагүй шуугиан дэгдээсэн. Мөн түүнийг найзуудтайгаа хар тамхи татаж мансуурч байх үед газар дээр нь баривчлан саатуулсан байдаг. Чухам тэгж мансуурч яваад Х.Тэмүүжинтэй учиртай гэдэг нууцаа алдчихсан гэгддэг.

Хэргийг нэхэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан байдаг. Ингээд охид хаанаас, хэнээс хар тамхи авч хэрэглэснээ хэлэхгүй болохоор утасны дуудлагыг нь шалгахад Х.Тэмүүжин сайдын гар утасны дугаар байсан гэх мэдээлэл түгж байсан юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Сарангэрэлийг 1.6 жил, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг 1.2 жилийн хугацаагаар хорих ял оноож байсан. Тэгвэл хяналтын шатны шүүх хуралдаанаар Г.Сарангэрэлийн ялыг дөрвөн сараар хөнгөрүүлсэн юм. Учир нь Г.Сарангэрэлтэй хамт ял сонссон охид адил гэмт үйлдэлтэй байхад 1.2 жилийн ял оноосон тул ялыг ижилсүүлэн ийнхүү хөнгөрүүлжээ.
Дуулиан шуугианы эзэн Г.Сарангэрэлийн тухайд баригдсан цагаасаа эхлээд дөрвөн сарын турш хоригдож байгаад батлан даалтад гарсан гэхээр одоо түүнд зургаан сарын ял үүрэх хугацаа үлдээд байгаа юм. Ямартаа ч эдгээр охидод бүх шатны шүүх хурлаар хорих ял оноосныг бодоход хар тамхи “хэрэглэсэн” гэдэг нь тогтоогдсон гэсэн үг.
Харин Г.Сарангэрэл батлан даалтад гарахдаа “бид нар хар тамхи гэж юу байдгийг ч мэдэхгүй, харж байгаагүй” хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Мөн тухайн үед өөрийгөө Х.Тэмүүжин сайдтай бэлгийн харьцаатай, мөнгө төгрөг авдаг, ажил дээр нь хүртэл очдог байсан хэмээн ярьж байсан юм. Гэтэл нэвтрүүлэг гарсны маргааш тэрбээр 360 градус эргэж “Би тэр ярилцлагыг өгч байхдаа ихээхэн сандарсан болохоор сэтгүүлчийн асуусан асуултанд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “тийм” гэж хариулсан. Х.Тэмүүжин сайд бид хоёрын дунд бэлгийн харилцаа байхгүй” хэмээн ярьж явсан.
Ингээд огт өөр хоёр зүйл ярьж байгаа нь олныг гайхшруулж орхисон билээ. Яагаад энэ охин газар дээрээ хоёр эргэж өчигдөр ярьснаа маргааш нь үгүйсгэсэн бэ. Ямар шалтгаан ард нь нуугдаж үлдэв гэдэг нь сонин. Хөшигний ард чухам юу болсныг Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл, О.Баасанхүү бас Х.Баттулга нар мэднэ гэх.
Ер нь Г.Сарангэрэлийн хэргийн нөгөө нэг үзүүр бол О.Баасанхүү гишүүнтэй холбоотой асуудал. Учир гэвэл О.Баасанхүү гишүүнийг өөрийг нь эрүүгийн хэрэгт шалгагдан гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад мэргэжлийн хар тамхичин, биеэ үнэлэгч, янхан мэтээр ярьж сурталчлан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилсон гэж үзэж 10 тэрбум төгрөг нэхэмжилж байсан.
Мөн түүнийг хоригдож байхад О.Баасанхүү гишүүн ирж хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамт учруулж, “Х.Тэмүүжин гишүүнтэй ямар холбоотой болохоо ярь, яг одоо бич” хэмээн сүрдүүлж яриаг нь бичиж авах оролдлого хийсэн байдаг. Бас болоогүй “Танай аавыг өмгөөлөгч Г.Батбаяр зодсон. Өмгөөлөгчөөрөө авах нь буруу. Аавыг чинь зодсон ийм өмгөөлөгч авах хэцүү шүү дээ. Яаж энэ өмгөөлөгчийг олсон юм бэ” гэж хэлсэн гэдэг.
О.Баасанхүү тухайн үед Х.Тэмүүжинтэй шөргөөцөлдөж, түүнийг суудлаас нь түлхэн унагах арга сүвэгчилж явсан гэдэг утгаар нь авч үзвэл нэр холбогдсон бүсгүйн амнаас унах үгс түүнд үнэтэй байсан байх гэж харагдана. Тэгээд ч бүсгүйг дарамтлах шалтгаан болсон гэж олон нийт таамаглаж байсан. Ингээд харахаар Г.Сарангэрэл гэх энэ бүсгүй өөрийн задгай болчимгүй байр байдалдаа хөтлүүлэн явсаар, улстөрчдийн золиос болоод байгаа харагдана. Нэг хэсэг нь түүнийг ингэж харж байхад нөгөө хэсэг нь үнэхээр хар тамхичин, биеэ үнэлэгч, мөнгөтэй эрхмүүдтэй орооцолдсоны балаг. Өөр юу ч биш гэх нь ч байх.
Ямартай ч тэр хар тамхины хэргийг үүрэхээр болсон бол, гурвалжин дөрвөлжин талуудын нэр холбогдсон нөгөөх том асуудлын ээдрээ тайлагдаагүй үлдэх шив.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)