Үүл баатар ухаарах л байсан даа!
2014/11/21

Нийслэлийн төрсөн өдрийг бараг 2.5 тэрбум төгрөгөөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тиймээс ч хамгийн өндөр өртөг зардалтай төрсөн өдрөөр шалгарч таарсан. Гэхдээ тэглээ гээд нийслэл хотод ажиллаж, амьдарч буй ард иргэдийн сэтгэлд  хүрээгүй. Нийслэлээр овоглож яваа хэн бүхэн их бага хэмжээгээр татвараа төлж их хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, иргэн хүнийхээ үүргийг чадах чинээгээрээ биелүүлэх гэж хичээж байгаа. Тиймээс ч хямралтай зэрэгцсэн төрсөн өдөрт тийм их мөнгө зарна гэж хэний ч санаанд буугаагүй биз. Тэгээд болоогүй. Төрсөн өдрийн маргааш өглөө хог хөглөрсөн хот биднийг угтсан. Худлаа гэвэл төв талбайгаасаа эхлээд хаа сайгүй хогоор хучигдсан зургуудыг харж болно л доо. Нийслэлийн төрсөн өдрийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүд  бараг 12 цагийн турш үргэлжилсэн. Энэ хугацаанд дэндүү их мөнгө цацсан Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийн дунд оноогоо алдсан билээ.

 Их хот гэх гоёдсон нэртэй, дээрээс нь мэндлээд 375 жилийг ардаа үдсэн гэхээр манай нийслэл Улаанбаатар тийм ч залуу хот биш ээ. Гэвч үнэн чанартаа дөнгөж хотын өнгө төрхөө олж байгаа хотуудын тоонд орж байгаа. Учир нь эс олдох чанартай, чанаргүй өндөр барилгууд нь өдрөөс өдөрт сүндэрлэж байгаагаа л хөгжиж гэж харах нь том учир дутагдал. Ер нь их хотын дүр төрх жижигхэн зүйлээс эхэлдэгийг мартсан бололтой. Тиймээс Улаанбаатар хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудыг цухас дурдаж байна. Энэ жижигхэн мэт  асуудлуудаа шийдэж чадаагүй байж, их хотын бүтээн байгуулалт гэж дэмий хөөрөх шаардлага байна уу.

Төрсөн өдрийн бодит зардал юу юунд орсныг эхлээд авч үзье.

Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 50,000 төгрөгөөр 52 хүн,

- “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг 40,000 төгрөгөөр 32 хүн

- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” 30,000 төгрөгөөр 78 хүн шагнажээ. Нийтдээ 6,220,000 /зургаан сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргасан байна.

- Мөн Нийслэлийн 375 жилийн ойн медаль, үнэмлэх 10 мянган ширхэгийг хийхэд 265 сая төгрөг зарцуулжээ.

Том зардлуудаас нэрлэвэл: Хотын өнгө төрх, архитектур дизайныг нэмэгдүүлэх “Улаанбаатар Уран баримал-2014” наадмыг уран бүтээлчдийн дунд зохион байгуулж, шагнахад 134 сая төгрөг

“Хүүхдийн найрал дуу”-ны наадам зохион байгуулах - 58 сая
-“Улаанбаатар-375” ном бэлтгэн гаргах, хэвлүүлэх - 70 сая



- Богдхан уулын тэнгэрийг тахих, төрийн тахилгын ёслолыг зохион байгуулах - 45 сая
- Нийслэлийн шав тавьсан  газруудаар тойрон аялал хийх - 50 сая
-“Их хотын хямдрал-375” - 28.5 сая

- Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа - 40 сая

- Ширээт цагаан нуурын хөвөөн дэх Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх - 20 сая төгрөг гэх мэтчилэн зардлууд гаргасан гэж байгаа.

Энэ мэтээр зарцуулсаар хоёр тэрбум  хол давсан мөнгийг төрсөн өдөрт уулгасан байгаа юм. Гэтэл цаана зөндөө асуудал шийдлээ хүлээсээр...

 “Дээшээ  тэнгэр хол, доошоо газар хатуу”:  Энэ зүйр цэцэн үг шиг дээшээ харж явахаар траншейны нүх рүү унах гээд доошоо харж явахаар дээрээс юм унах гээд алхаж явахад хэцүү болсон. Машин унахаар бөглөрч, түгжрээд сүүлдээ траншейны нүхнээс болж осол гарч хүний аминд хүрэх дөхсөн нь саяхан. Хэрвээ том хүн, хүүхэд гэлтгүй хэн хүнгүй унаж бэртэх,  цаашлаад амь насанд нь хүрлээ гэхэд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй.

Тухайн хүний хохь нь болоод үлдэх их хотод амьдарч байна. Нийслэлийн хэмжээнд нийт зуун тавь гаруй траншейны нүх байдаг бөгөөд нэг траншейны нүхийг засварлах, цэвэрлэх таг хийх ажилд нийтдээ 110-200 гаруй мянган төгрөгний төсөв хэрэгтэй байдаг аж. Гэтэл бүр гурван жил засварлагдаагүй траншейны нүхнүүд байгааг оршин суугаа иргэд баримттайгаар нь хэлж буй. Нийслэлийн засаг дарга маань траншейны нүхтэй таардаггүй,  явган алхдаггүй учир энэ зовлонг мэдэхгүй байх нь зөв л дөө.

Замын гэрэлтүүлэг ба осол: Их хотынхоо гэрэлтүүлгийн талаар ямар санал гомдолтой байгааг захын иргэдээс асуухад түгдрэлгүй гайхалтай тайлбарлаж чадна. Замын гэрэлтүүлгээ олигтойхон шийдээгүй байж осол аваараас болгоомжил гэж сануулахыг яараад байдаг. Гэрэлтүүлгийн асуудлаас болж жолооч болон явган зорчигчид нүдээ хамгийн ихээр хүчлэх шаардлагатай нүүр тулдаг. Захын хороолол нь дүүрч гэхэд төв замын гэрэлтүүлэг нь хүртэл чанарын шаардлага хангадаггүй.

Ялангуяа утааны улирал буюу өвлийн улирал эхэлсэн энэ үед зам хөндлөн гарч яваа хүн бүү хэл хажуудах хүн нь ч сайн харагддаггүй билээ. Гэр хорооллыг бүхлээр нь гэрэлтүүлэг тавьсан нэртэй болохоос биш хоёр гэрлийн  нэг нь шатсан аль эсвэл хазайж муруйсан шонтой л гэрэлтүүлэг бүрдэж байгаа юм.

Үүнээс гадна замын тэмдэглэгээ гэж нэг асуудал бас бий. Өнгө үзэмжгүй, байрлал нь оновчгүй замын тэмдэглэлүүд хотын захын дүүргүүдээс л харагдана. Одоогийн байдлаар Нисэхээс Био комбинат орох зам огт гэрэлтүүлэггүй, Энхтайваны гүүр, Зайсан, Нисэх орчмын замын гэрэлтүүлэг хангалтгүй байгааг шалтгалтын багийнхан онцолсон бөгөөд хотын даргад уламжлаад, жил тойрсон ч бахь байдгаараа байгаа билээ.

 

 

 

 

 

Ерөөс мэргэжлийн өндөр хэмжээнд сурч төгссөн  жолооч нар л  Улаанбаатарт машин барьж чадна. Түүнээс биш хөдөөнөөс орж ирсэн ялангуяа гадаадад олон жил ажиллаж байсан хүн машин барьж явна гэдэг том шалгалт, шалгуур. Харуй бүрий болоод эхлэхэд л шинэ жолооч нар барьц алдаж зам хөндлөн гарч байгаа хүн бүү хэл хажууханд явж байгаа машин нь хүртэл харагддаггүй.

 

Хэдий хүртэл машин ачих вэ? Манай улсын автомашины тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаатай  холбоотойгоор замын хөдөлгөөний дүрэм зөрчих тохиолдол ихээр гарах болсон. Гэхдээ энэхүү байдлыг зохицуулах олон олон арга хэмжээ авсан нь дугаарын хязгаарлалт,  нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудыг ачиж тээвэрлэдэг болсон.

Түүнчлэн бүх зам камертай болсноор зөрчил гаргасан жолооч нарыг бүртгэн авч торгуулийн хуудас өгч торгож байгаа нь ийн хөдөлгөөний зөрчил болоод ачаалллыг бууруулахад ихээхэн хувь нэмэр болж байгаа гэж албаныхан хэлж буй. Гэвч иргэд машин ачдаг асуудалд тийм ч таатай  хандаж, сайхан хүлээж авахгүй байгаа нь шалтгаантай. Машинаа ачуулсан иргэдийн 80 хувь нь гомдолтой байгаа. Уг нь машиныг нь ачихаар болсон бол холбогдох утас руу нь холбогдож сануулах, мөн 10-15 минут хүлээх зэрэг заалттай. Гэтэл арван минут л болоод гараад ирэхэд машиныг нь хаашаа ч юм ачаад явчихсан байдаг.

Зэрэгцүүлээд тавьсан гурван машиныг сонгож ачаад, дээрээс нь машиныг нь зурсан тохиолдол ч их гарсан. Өдөрт дунджаар 100-150 гаруй машин ачигдаж ирдэг гэж судалгаа гарсан байсан. 150-ийг 80 мянгаар үржүүлэхэд нэлээд урт тооны жагсаалт гарна. Татвараа төлөөд дээрээс энэ мэтчилэн өчнөөн татвар авч байгаа хэрнээ замын засвар, машины зогсоол гэдэг зүйлээ шийдэж өгмөөр юмсан даа. Замын гайхалтай гэрэлтүүлэг, тэмдэглэгээ байхгүй юмаа гэхэд тэр машин ачсан мөнгөөрөө машины зогсоол барьж болдоггүй юм байх даа. Хэдий хүртэл машин ачиж, хэзээ гоё гэрэлтүүлэг, гайхамшигтай зогсоолтой болохыг хүлээх л үлдээд буй.

Ачигч ба цалин: Өдөрт хэдэн машин ачиж ирснээрээ  цалинждаг машин ачигчид  маш хурдан хугацаанд машин ачих хэрэгтэй. Мэдээж хэрэг олон машин ачиж байж цалин нь түүгээр бодогдох учраас. Тийм болохоор хурдан хугацаанд машин ачиж аль болох их цалин авах хүсэл шуналдаа автагдчихсан яваа ачигч нарын өгөөш захаасаа аваад л байгаа. Бүр ачиж амжаагүй байхад нь жолооч ирэхэд хүртэл “Би мэдэхгүй ажлаа хийж байна” гэх хариултыг өгч үг хэлгүйгээр ачаад явдаг. Ийм тохиолдол хэд хэдэн удаа давтагдаж одоо хэр шийдэгдээгүй билээ. Иймээс холбогдох газрууд энэ асуудлыг анхааралдаа авч дур зоргоороо хүний машин ачдаг, мөнгөө бэлнээр авна гэж томордог тэгсэн атлаа баримт бичиж өгөхдөө хойрго ханддаг ачилтын компаниудыг цэгцлэх шаардлагатай байна.

Тэр байтугай машин дотор нь хүүхэд байгааг ч анзааралгүй таван төгрөгийн төлөө улайрсан нөхөд маргааш хүний амь, эд хөрөнгөөр тоглож мэдэх нь энүүхэнд биз. Хүүхэд машин дотор байгааг харах ч сөхөөгүй ачиж байгаа эдгээр нөхдүүд болон хувийн ачигч компаниудад зохих арга хэмжээ авах цаг нь болсон гэдгийг машинаа ачуулсан ард иргэд  дуу нэгтэйгээр хэлж буй.

Нийтийн нойл:  Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу 33 нийтийн бие засах газрыг байгуулах "Сити тойлет" төслийг н.Хадбаатар захиралтай Нийслэлийн өмчит "Улаанбаатар сан" ХХК хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд хотын есөн дүүрэгт арван бие засах газар барихаас өнөөдрийн байдлаар найм нь үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Энэхүү бие засах газар нь 08-00 цагийн хооронд ажилладаг бөгөөд хүн ам төвлөрсөн газруудад байрлаж иргэд үйлчлүүлдэг. Хэдийгээр энэ нь сайн талтай боловч нэг байгууламж дотор олон төрлийн үйлчилгээ явагдсаар байна. 

Тухайлбал: Баруун дөрвөн замын автобусны буудлын хажууд байрлах "City toilet", 100 айлын "Жоби" төвийн эсрэг талд байрлах газруудад үсчин, ломбард, зурагчин гэх мэт үйлчилгээ нэг дор бөөгнөрөн үйл ажиллагаагаа явуулж байна. Түүгээр ч зогсохгүй интернэт болон зарын сонинд ''"City toilet''-д талбай түрээсэлнэ, түрээслүүлнэ" гэсэн зар байршуулсан байх юм. Энэ нь чанарын шаардлага хангахгүй гэдгийг мэдсээр байж өөрсдийн эрх ашгийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаагийн илрэл гэлтэй. 

Хотод амьдардаг хүмүүс нь учраа олоод биеэ засаад байгаа юм. Гэтэл хөдөөнөөс ирсэн хүмүүс мөн гадаадын жуулчдад нийтийн нойл хамгийн том асуудал билээ. Нийтийн бие засах газрынхаа асуудлыг хэдийнэ шийдчихсэн орнуудад дэлгүүр, оффис, метро, олон нийтийн газар, албан байгууллагуудын “00” бүгд олон нийтэд үнэгүй үйлчилдэг. Хэн ч нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ төлбөр төлдөггүй. Дээрээс нь өнөөх бие засах газар нь цэвэрхэн, тухтай гэж жигтэйхэн. Ер нь аль ч оронд бие засах газар зөвхөн бие хөнгөлж, гараа хагас дутуу угаадаг нэр төдий газар биш. Иргэд амралтын өрөө гэсэн сэтгэлгээгээр хандаж, тухайн байгууллага, дэлгүүр, оффис ч үйлчилгээндээ ихэд анхаардаг. Хэрэв та нийтийн бие зacax газрынхаа асуудлыг шийдсэн улс орнуудын “00”-оор үйлчлүүлбэл ариун цэврийн цаас, саван, гарын алчуур, суултуурын суурь, цаасыг хангалттай хэрэглэж болно. Мөн тэнд бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хэрэгцээг давхар шийдсэн байх жишээтэй байдаг. Их хотын өнгө төрх нийтийн нойлоос эхлэнэ гэж хэлэхэд илүүц болохгүй биз.

500 сая төгрөг ба хог: 500 сая төгрөгийн үнэ бүхий цэцэгжүүлэлт өрнөсөн. Нийслэлийн гудамж талбайг өнгө алагласан цэцгээр гоёх ажил сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа. Зөвхөн хотын төвийн зарим хэсгүүдэд цэцэгжүүлэхийн тулд ийн 500 сая төгрөг зарцуулсан.  500 сая төгрөгөөр бүтсэн хотын цэцэгжүүлэлт нь долдугаар сараас аравдугаар сар хүртэл өнгө алаглан байдаг. Ийн гурван сар өнгө алаглан цэцэглэсэн нөгөө гоёмсог цэцгүүд нь хүйтрэнгүүт л хатаж хотын хог дээр хог болж нэмэгдэж 500 сая төгрөг гуравхан сарын дотор хог болон хийсч байгаа юм.  

Утааны улирал ирж нүүдлийн хүмүүс нутаг сэлгэлээ: Аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зургаан сар утаанд “дарлуулсан”  амьдрал угтаж байна. Жил жилийн өвөл  утаа буурах болов уу, төр засаг юу хийх  бол гэсэн хүлээлт, урин цаг ирэхээр аяндаа мартагдах утааны хямрал. Хүн бүр битүүхэндээ  утаагүй хотод амьдрах туйлын хүсэлтэй.  Утааг арилгаад өгөөч гэж хүсэх биш, утаанаас  уушиг зүрхээ хамгаалах  аргад суралцах нь чухал  болоод байгаа юм. Зарим хүмүүс нь утаанаас дайжиж, нүүдлийн шувуу шиг амьдардаг дадал болчихсон.  Утаагүй Улаанбаатар хотыг хэзээ харах бол бүү мэд.

Ер нь тэгээд эцэст нь  хэлэхэд эрхэм хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээсээ өмнө хотынхоо захаар ч биш, хотын төвөөрөө нэг л өдөр алхаад үзсэн бол бүх зүйл ойлгомжтой, тодорхой харагдах байсан даа. Бүр болж өгвөл гэр хорооллын харанхуй гудамж, утаатай хорооллоор алхаад үзвэл хоолой нь хорсож,  нүд нь аргах байсан даа. Тэр цагт нүд сэтгэл нь онгойж, их хот ийм гундуу байх учиргүйг биеэрээ мэдрэх л байх.

М.Сонор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Za. Yah ve huurhii naad muu Tsagaan tolgoit chin bas ch gej ym hiijgaa shuu
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Za. Yah ve huurhii naad muu Tsagaan tolgoit chin bas ch gej ym hiijgaa shuu
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
Сонин хачин