ЕС ирж, засаг эмхлэгдэх цаг хэзээ вэ гэдэгт ер нь итгэхэд хэцүү болоод байна шүү. Хуулийн хугацаа ёсоор бол сарын дотор асуудал шийдэгдэх учиртай ч, сөрөг хүчний нөхдүүд Ч.Сайханбилэгийг унагачихлаа. Энэ их улстөржилтийн цаана уг нь эгэл олны амьдрал ахуй гэж юм бий л дээ. Үгүй яахав, МАН-ынхан нэр дэвшигчийг чухам яагаад унагах болсноо тайлбарлахдаа өмнөх засгийн муу муухайг хийлцсэн хүнийг биш өөр шинэ салхи сэвэлзүүлж чадах хүнийг гаргаж ирвэл дэмжих гэснийх хэмээн хэлцгээсэн. Тэгэхээр тийм хүн одоо хэн бэ? Тийм цэвэр ариухан амьтад монголын улстөрд ер нь байна уу гэж харах хэрэгтэй болж байна. Ямартай ч Ерөнхийлөгч шинэ засгийн талаар хэлэхдээ улстөр бодох ямар ч шаардлагагүй Засгийн газар гэсэн. Одоо гарч ирэх Ерөнхий сайдад хоёр шаардлага тавина гэдгээ мөн хэлсэн. Тэр нь “2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй. Намын дарга болох шаардлагагүй, улс төр бодох шаардлагагүй. Үлдсэн 1.6 жил улс орноо л бод. Өнөөдөр гарч ирэх Засгийн газар золиосны Засгийн газар болно. Жишээ нь, Засгийн газар Оюутолгойн асуудлыг шийдээд явахад 5 жил хараалгана. Харин 10 жилийн дараа зөв болж болно… Одоо гарч ирэх Ерөнхий сайд нуух гэж оролддог биш зүрхтэй нь ноцолддог Ерөнхий сайд байх ёстой гэсэн билээ.

Тэгэхээр тийм нэг зүрхтэй ноцолддог хүний эрэлд л МАН бас гараад байгаа юм уу даа. Тэгээд л Удирдах зөвлөл нь Чимидийн хүүг унагасан юм уу даа. Тэгвэл одоо Ч.Сайханбилэгийг эсэргүүцсэн санал олонх нь өгсөн МАН-ын Удирдах зөвлөлийн хэн нь хэн бэ гэдэгт анхаарал хандуулъя. Ер нь бол МАН-ын Удирдах зөвлөл нь намынхаа бараантсан нэр сүрийг өнгөлөн сэргээх учиртайгаар шинээр эмхлэгдсэн ч, тийм хэмжээний чадамжтай хүмүүсээс бүрэлдэж чадаагүй нь бас үнэн билээ. Түүнчлэн стандарт бус гишүүд олонтой Удирдах зөвлөл рүү нэг өнгийе.

Ж.Эрдэнэбат
Сэлэнгээс УИХ-д сонгогдсон тэрбээр намын шинэчлэлийн асуудлаарх байр сууриа тодоор илэрхийлж байгаад энд орж ирсэн. Улстөрийн карьераа илүү өндрөөр ч харж байгаа байж болох.

Б.Бат-Эрдэнэ
Цагтаа бөх явсан өдгөө төрөө түшиж яваа түүнийг улстөрийн хорыг ч гайгүй сайн найруулалцаж чадаад байгаа нэгэн гэхэд болно. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өндөр хувийн санал авч чадсан тэр зангарагаа хаана харуулахаа ч мэддэг л дээ.

Н.Энхболд
Энэ хүний талаар энэ удаадаа илүү олныг нуршаад юу хийх вэ. Гадаад харилцааны сайд байсан тэрбээр Удирдах зөвлөлийн тулхтай хүмүүсийн нэг л дээ.

О.Содбилэг
УИХ-ын гишүүн, “Петровис” компанийн хувь эзэмшигч О.Содбилэгийн тухайд ирэх сонгуулиар ч барахгүй болов уу гэсэн прогноз хийхэд дөхөхөөр. Учир нь аав Ш.Отгонбилэг агсныхаа нэр сүрээр улстөрд хөл тавьсан түүнд залуу хүн гэхэд гялалзтал хийдэг байтугай гялалзтал бодлого ярих хэмжээний ч чадвар бага шүү дээ.

Ч.Хүрэлбаатар
Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ тэр шууд хэлсэн. Увсад мөнгө тарааж санал худалдаж авсан асуудлаа ч нэг тийш болгочихож чадахгүй хэрнээ чуулганы танхимд гүрийгээд л сууж тэр улстөрийг ямар нэг хэмжээгээр бохир харагдуулдаг гэдгээ санахад илүүдэхгүй.

Ж.Мөнхбат
Намын гал тогооны нарийн ширийн бүх асуудалтай тулж харьцах Генсекийн суудалд суусан түүнийг цочир хүлээж авсан талууд бий. Хэдийгээр түүний нэр энэ суудалд яригдаж байсан ч, тэр тэнцэх хэмжээний улстөрчийн төлөвшилтэй, зангарагтай нэгэн биш гэдгийг нь тодотгосон мэдээллүүд дагаж байв.

Х.Булгантуяа
Удирдах зөвлөлийн гишүүний суудалд дэндүү түүхий үзэгдэх нөхдүүдийн нэг бол Хүрэлбаатарын Булгантуяа. “Петровис” компанийн хэлтсийн дарга тэрээр компанийнхаа ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн түлхээсээр орж ирсэн нь тодорхой байгаа.

Т.Гантулга
Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад баахан хэл аманд орооцолдсон нэгэн. "Онц их хурлын төлөө" хөдөлгөөн байгуулж тэмцэж явсан тэрбээр намын Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа, пи-ар хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг.

Д. Сумьяабазар
За даа. УИХ-ын гишүүн гэдэг нь л үнэн. Тэрнээс өөрөөр түүнд улстөрчийн олигтой замнал, туршлага, зангараг сэлтийг хайгаад эрээд хэрэггүй дээ. За тэгээд бөх хүн жагсаалтад орох ёстой л гэсэн хууль үгүй бол заавал түүнийг Удирдах зөвлөлд оруулж ирэх хэрэг байсан ч юм уу.

Ц.Нямдорж
Хамгийн туршлагатай парламентчидын нэг тэрбээр хэнийг хэн бэ гэдэг шинжиж мэднэ. Гэхдээ өөрөө бас цэвэр нэгэн биш. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Н.Энхбаярт чичлүүлсэн.

Я.Содбаатар
Нас болоод туршлагын хувьд УЗ-д суух хэмжээний хүн. Түүний байр суурь өнгөрсөн сонгуулиар МАН-д чамгүй чухал байсан даа.

Л.Энх-Амгалан
За харин “М-Си-Эс” группын улстөр дэхь эрхэм төлөөлөгч энэ хүний хувьд Удирдах зөвлөлийн гишүүний суудал хол л байх байсан ч, суусан. Суухаар барахгүй томорсон.

Д.Сарангэрэл
Телевизийн эзэн, УИХ-ын гишүүн энэ хатагтай намын шинэ бодлогыг хөрсөнд сайтар суулгаж, үр шимийг нь хүртээх үйлсэд гар нэгтгэхээр орж ирсэн.

А.Тлейхан
2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байгаа гэсэн улстөрчийн намтартай. Туршлага, орон зай сэлтээрээ том биш ч, үндэстний цөөнхийн төлөөлөл талаасаа УЗ-д суугаа нэгэн.

Д. Цогтбаатар
Намын Генсекийн суудалд Сү-гийнхээ түлхээсээр сууж болзошгүй гэгдэж байсан тэрбээр УЗ-д орж ирсэн. Ж.Мөнхбат энэ тэрийгээ бодвол харьцангуй тавьтиртай нэгэн гэж болох тэрээр намын бодлогыг зурагчдын нэгэн.
П.Анужин
“Эрүүл хооллолт”-ын гэх тодотголоо “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн хөтлөгч гэдгээр сольж танигдсан энэ бүсгүй намын УЗ-ийн гишүүн болох хэмжээнд бэлтгэгдсэн нэгэн биш гэдгийг хэлэх нь зөв болов уу.

С.Оюунбилэг
“Black Morgan” ХХК-д нягтлан бодогчоор 2001-2003, “Хаан Хүнс” ХХК-д нягтлан бодогчоор 2003-2005 он, “Хаан Бууз” сүлжээ рестораны ерөнхий менежерээр 2005-2007 он, “Хаан Бууз” сүлжээ рестораны ерөнхий захирлаар 2007-2009 он, “Май Грийт” ХХК-ийн ерөнхий захирлаар 2009-2012 оноос тус тус ажилласан. “Май Грийт” ХХК-ийн зөвлөхөөр 2012 оноос эхлэн ажиллаж байгаа тэрээр МАН-ын Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны дарга. Ингээд харахаар УЗ уг нь түүнээс их л хол байж дээ.

Ц.Сандуй
Нийслэлийн Газрын албанд төлбөрийн байцаагч, Ахлах мэргэжилтэн, Хэлтсийн дарга, Дэд даргын албан тушаалуудыг хашиж байсан тэрбээр Нийслэлийн Засаг даргын орлогч хийж байсан. МАН-ын Бага хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэх сонгуульт ажилтай тэрбээр МАН-ын УЗ-д орж ирсэн юм.

Д.Оюунхорол
Намаа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай яригдаж явсан Дуламсүрэнгийн Оюунхорол хууль тогтоогчийн хувиар хийж гавьсан юм үгүй ч, цөөнгүй жилийн туршлага ярин энэ хүртэл яваа. Гэхдээ түүн дээр авч ярьвал цаг хугацаа хэр зарцуулсандаа биш чадвар болоод бодит туршлага юу билээ гэдгийг нь харах ёстой болов уу.

Н.Төмөрхүү
МАН-ыг санхүүжүүлэгчдийн нэг. “Өндөр буянт” компанийн захирал тэрбээр аймгийнхаа сумдын сургуулийн засварын тендерт ялснаар барилгын бизнесээ эхлүүлж байсан нэгэн. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд “Тендер” Төмөрхүү гэгдэх болтлоо тендерээр мөнгө хийж баяжсан нэгэн гэдгийг нь ч баримтууд илтгэдэг.

Б.Амарсанаа
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд НАМОХ-ны Ерөнхийлөгчийн албатай тэрбээр алдарт Т.Аятунгаагийн нөхөртэй холбоотой гэх шуугианд нэр холбогдоод байсан. Тодруулбал, Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард нь УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй найз, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаад их хэмжээний мөнгө бэлнээр гарган өгч байсан, Чарльз Эдвард нь НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаад дор хаяж гурван удаагийн шилжүүлгээр, зөвхөн нэг удаад 10.000-560.000 ам.долларыг бэлнээр өгсөн тухай мэдээлэл гарч байв. Харин Б.Амарсанаа үгүйсгэж мэдээлэл хийж байсан удаатай.
Тэгэхээр ийм л хүмүүсээс бүрэлдсэн МАН-ын Удирдах Зөвлөл Ч.Сайханбилэгийг түлхэн унагаж, зүрхтэй ноцолддог хүний эрэлд гарчээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)