Аз жаргалтайгаар орон зайгаа тунхаглахыг мөрөөддөг
Бид Дебют буландаа олон сонирхолтой зочдыг урин уншигч та бүхэнтэй уулзуулдаг билээ. Бидний өнөөдрийн таны өмнө нууцыг нь дэлгэх хүн бол сэтгүүлч, хөтлөгч Х.Болорбат. Хатуу дектатур дэг, жаягаараа алдартай үе үеийн лидерүүд төрөн гарсан ОУХ-ийн “Найрамдал” төвд тэр зургаан жил ажилласан. Харин сэтгүүлч-хөтлөгч болох хүртэл багаасаа ажилласаар телевизийн урлагтай амьдралаа холбоод 10 гаруй жилийг үджээ.
Хаана томоохон арга хэмжээ болно, тэнд хөтлөлт хийн стиль имиж хэв маягаараа гайхуулах болсон тэрбээр чөлөөт уран бүтээлч. Түүний өөр нэг тодотгол бол элэглэгч Чапигийн төрсөн дүү. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа тэрбээр сэтгэлийнхээ хаалгыг уншигч та бүхний өмнө цэлийтэл нээлээ.
Таныг алмайруулах үнэн, ил цагаан шулуухан ярианд саатан тухална уу. Тэгтлээ их цочирдолгүй ертөнцийн олон олон өнгөний нэг болон оршиж буй шинэ үеийн төлөөллийн ертөнцөд түр саатацгаая. Энэ бол Бокигийн ертөнц.

- Хамгийн үнэ цэнэтэй, хамгийн кругозор сайтай шинэ үеийн төлөөлөл болсон хөтлөгчтэй уулзсандаа таатай байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье.
-Наадах чинь айхтар тодотгол байна шүү. /инээв/ Би чөлөөт уран бүтээлч. 2010-оноос хойш сүүлийн 4 жил чөлөөт уран бүтээлч, тайзны хөтлөгчөөр ажиллаж байна. Харин үндсэн мэргэжил маань сэтгүүлч. Радио телевизийн дээд сургуулийг 2006 онд сэтгүүлч, хөтлөгч мэргэжлээр төгссөн. Сургуульдаа хоёр жил сэтгүүлзүйн багш мэргэжлээр ажилласан.
-Сүүлд Азийн томоохон тэмцээнд оролцсон юм байна. Загварлаг хөтлөгч гэдэг номинаци манайд бол шинэ тутам зүйл байх. Урд нь энэ тэмцээнд монголоос хөтлөгч оролцож байсан уу?
-Хамгийн анхны шагналыг нь Золзаяа гээд “Movie line” киноны тухай нэвтрүүлэг хөтөлдөг байсан хөтлөгч 2010 онд авсан байдаг. Азийн загварын наадам гэдэг утгаараа загварыг бүтээхэд оролцдог бүх мэргэжлийн хүмүүсийг оролцуулдаг. Ноднин Монголоос явсан оролцогчдоос стилист оны шилдэг зохион бүтээгчийн шагнал гардсан. Энэ жил манай гэрэл зурагчин шагнал авлаа. Шалгаруулалтыг нь Золоо Asian fashion assocation багууллагын Монгол дахь үндэсний захирал статустай тул өөрөө хийж тус тэмцээнд явуулдаг.
-Монголд мэдээж чадварлаг хөтлөгчид цөөнгүй. Өөрөө хэн хэнийг ялж энэ наадамд оролцох эрх авсан бол?
-Монголд сонгон шалгаруулалт хийдэггүй. Анхнаасаа тийм зохион байгуулалт хийгээгүй. Магадгүй олон хөтлөгч, миний төрөл дээр гэхэд 30, 40 хүн байдаг бол сонгон шалгаруулалт хийх бололцоотой. Дизайнерууд гэхэд шинээр гарч ирж байгаа нь үсрээд л дөрөв таван хүн болоод нэг жилийнх нь тодорчихоод дараа жилийнх нь байхгүй болчихдог гэдэг ч юм уу. Сонгон шалгаруулалт хийхэд хэцүү. Цаад байгууллага нь хүн ам ихтэй улс орнуудыг голдуу оролцуулдаг учраас тэндээ сонгон шалгаруулалт хийгээд байдаг. Манайд тэр нөхцөлийг хангах боломжгүй учраас үндэсний захирал өөрөө шийддэг тогтолцоотой.

-Тэгвэл өөрийг чинь гэнэт явах болоход барьцах ч юмуу тийм асуудал гарсан уу?
-Үгүй. Тэмцээнд материалаа явуулсаны дараа хэвлэлээр мэдээ гарсан. Ерөнхийдөө хүмүүс мэдсэн байх. Тэгээд яаж сонгон шалгаруулалдаг юм гэж асуусан байсан. Түүнээс яг шууд би явах байсан гэх барьцах асуудал гараагүй.
-Өөрөө юу гэж бодож байв. Би яаж явах юм, миний оронд тэрнийг явуулбал гэсэн бодол байсан уу. Эсвэл зүгээр явах ёстой гэж бодсон уу?
-Би бараг 14, 15 жил хөтлөгч хийсэн. Тэгээд ... яагаад болохгүй гэж гэж л бодсон. Түүнээс биш би явах ёстой гэж бардамнаагүй, тэр явчаасай ч гээгүй. Угаасаа миний ажил, мэргэжил энэ. Би өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй байна.
-Загварлаг хөтлөгч гэхээр өөрийн чинь ойлголтоор ямар хөтлөгчийг хэлэх вэ. Стиль имижээ бүрдүүлэх нь мэдээж хэрэг ч зөвхөн хувцаслалт, гадна төрхөөр хэмжигдэх үзүүлэлт биш байх. Шулуухан асуучихад өөрөө загварлаг хөтлөгч мөн үү?
-Наадах чинь ер нь асуудалтай тэ? Загварлаг гэхээр лав үнэтэй хувцас өмссөнөөр илэрхийлэгдэхгүй байх. Би өөртөө байгаа хэдийгээ л аятайхан эвлүүлээд зохицуулаад өмсчих хэрэгтэй гэж боддог. Эвлүүлээд гэдэг нь юу хамаагүй хооронд нь хольж өмсөнө гэсэн үг биш. Ядаж өнгөө бодмоор байна, ямар өнгө харагдац нь зүгээр байдаг гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Миний өмсөж байгаа костьюм, пиджакууд ихэнх нь захиалгаар биедээ тааруулж хийлгэсэн hand made хувцаснууд. Миний хувьд энэ нь илүү дээр. Дэлгүүрээс авахаар нэг бол томддог эсвэл багаддаг. Тэгээд үнэ нь юу билээ, сэтгэл ханамжийн баталгаа ч тиймхэн. Минийхтэй адилхан хослол 100 хүн өмсөөд явж байгаа ш дээ.

Жишээлбэл, 2010 оны UBS Video Awards дээр гарахад гутлаа захиж авчруулаад костьюмаа хийлгэсэн. Тэр үед ёслолын ажиллагааны талаар мэдээ бичигдэхэд миний хувцаслалтыг онцолсон. Хөтлөгч нь хувцаслалтан дээрээ зоримог шийдэл гаргажээ гээд. Барагтаа бол тайзан дээр бие барьсан брьюктай, тэгээд үндэсний хувцасны загварыг орчин үеийн хэв маягт ойртуулж хийлгэсэн хүн байгаагүй болохоор өвөрмөц харагдсан байх.
Энэ жилийн хувьд буцаад дээр үеийнхээ стиль рүү ороод байна. Гуч дөчөөд оны үе рүү хориод оны загвар руу. Би тэр загварын чиг хандлагыг ерөнхийдөө дагаж байгаа. Өнгөний хувьд заавал нэг өнгөөр дагнах биш, дундуур нь гэнэт нэг зохисон ганц нэг оруулга цамц, эсвэл зангианы шийдэл ч юм уу тйимэрхүү талаас нь хараад.
Ажиглаад байхад манай хөтлөгч нар сэтгүүлч гэхээсээ илүү жүжигчин хөтлөгчид байх болж. Яг сэтгүүлч хөтлөгч цөөн. Тийм болохоор би сэтгүүлч-хөтлөгч байхын давуу талыг харуулах гэж хичээдэг. Угаасаа ярих юмныхаа өнцгийг гадарлахгүй байх хэцүү ш дээ. Ялангуяа тайзан дээр гарах тохиолдолд тэр ямар монтажтай нэвтрүүлэг биш, кино биш алдах юм бол өөрийгөө яаж авч гарах, аль болох яаж алдахгүй байх вэ, ямар үед юу гэж хэлэх вэ гээд л. Ерөнхийдөө байгууллагын арга хэмжээний хөтлөгч тэр байгууллагыг тодорхой хэмжээгээр судалдаг. Манай хөтлөгч нарын нийтлэг алдаа нь ерөнхийдөө худалдааны байгууллага гэсэн бол худалдааны гэдгээр нь хараад л ярьчихдаг. Тухайн байгууллагын онцлогийг бусад ижил төстэй байгууллагаас нь ялгаж салгаж хардаггүй. Одоо шинэ жилээр их харагдана даа.

-Нууц биш бол өөрийн чинь хөтлөлтийн ханш хэд байдаг вэ? Одоо шинэ жил болох гэж байна.
-Энэ ханшаараа ер нь их удчихлаа. 1 000 000-1 500 000 -ийн хооронд л байх. Гэхдээ энэ бол үнэтэй биш. Дуучидтай харьцуулаад бодоход бараг дийлэнх нь ам барьдаг. Тэд нарын авч байгаа ханшийг миний хөтөлж байгаа ханштай харьцуулахад зарим нь надаас илүү өндөр, зарим нь надтай адилхан байдаг. Миний ажил тасралтгүй гурваас дөрвөн цагийн хөдөлмөр. Тэнд би зүгээр л гарч ирээд ярчихаад байгаа хэрэг биш. Найруулга хийж байна, өөрийнхөө хэмжээнд яаж яривал зүгээр байна, аль үед нь яаж өргөх үү, яаж зарим үед нь дарах уу, зрителийг зохион байгуулна гэдэг чинь хүссэн хүсээгүй миний хийх ажил. Дор хаяж 200 хүнтэй үйл ажиллагаа болж байгаа.
-Бокид ер нь гараагүй тайз байхгүй байх шүү?
-Гараагүй тайз байхгүй. Төрийн ёслол, төрийн томоохон айлчлалуудаас гэхэд Кирсан Илимжиновын хүндэтгэлийн концерт, Нийслэлийн 375 жилийн ойгоор Хүүхдийн найрал дууны хэсгийг, нэгдсэн томоохон үйл ажиллагаанд гэхээр Эх үрсийн баярын нэгдсэн ажиллагаа, шинэ жилийн ажиллагаа байсан. Өвөл гадаа хөтлөлт хийх хэцүү талдаа. Энэ жил бол гайгүй ихэвчлэн дотор хөтөлнө.
-Өөрийн чинь ах манай нэртэй эгэглэгч. Тэр хүн Бокиг гаргасан, нэг хэсэг өөрийг чинь Чапигийн шавь гэж андуурах ч үе байсан. Энэ дашрамд гэр бүлийнхээ тухай яриач. Хэдэн хүүхэдтэй айлын хоёр хүү нь тодроод гараад ирэв ээ?
-Манай аав ээж их даруухан хүмүүс. Манай аав барилгын цэргийн ангиудад штабын дарга, ангийн орлогч хийж байсан. Бараг бүх томоохон барилга, бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцсон байдаг. Үйлдвэр, Хүүхдийн ордон, Хуримын ордон, Найрамдал зуслан, орон сууцны хорооллуудаар ажиллахаас гадна хөдөө орон нутагт Дорнод, Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд ч оролцсон байдаг. Ээжийн маань үндсэн мэргэжил цэцэрлэгийн багш. Анх 61 дүгээр цэцэрлэгээс ажлынхаа гарааг эхлүүлсэн. Дараа нь Төмөр замын коллежид олон жилийн турш ажилласан. Сүүлд Хүн судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аж ахуйн дарга хийж байгаад тэтгэвэрт гарсан.
Эхээс зургуулаа. Би айлын бага. Манай Чапи миний дээд талын дээд талынх. Хамгийн том ах маань Анхбаяр гээд сантехникийн хүн байдаг. Эгч цэцэрлэгийн багш. Миний дээд талынх болохоор эрэгтэй эмэгтэй ихэр байж байгаад эрэгтэй нь өнгөрсөн юм, өвчнөөр. Эгч маань Германд байгаа.

-Хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Аль арван жилийг төгссөн бэ?
-Хороололд. 47-р сургуулийг төгссөн. Анх 4-р ангидаа алиалагч болж байлаа. /инээв/ Алиалагч хийгээд хоёр, гурван жил явж байгаад дараа нь сургуулийн бараг бүх арга хэмжээний хөтлөгчийг хийдэг байсан. Арван жилдээ Монголын үндэсний телевизийн Хүүхдийн редакцид хэсэг ажилласан. Дараа нь Үдшийн хэмнэл хөтөлбөрт найруулагч Санги ахын туслах маягтай наана цаана нь гүйж байгаад телевиз рүү эргэлт буцалтгүй орсон. /инээв/ Телевизэд Үндэсний телевиз бусад телевиз гээд бодоход арваад жил гүйсэн байна.
-Телевизийн онцлогийг мэдэх хүний хувьд одооны хөтлөгчдийг анзаардаг байх. Ур чадварын хувьд хэр санагдаж байх юм?
-Телевизэд залуу хөтлөгч, сэтгүүлчид их болж. Тогтсон стандарт гэж байхгүй өөрийнхөөрөө дур зоргоороо байх гээд байдаг эрхэмсэг, нялхамсаг, өнгө мөнгөнд дуртай хүүхдүүдийн орон зай болчихоод байна. Тэр дунд ажиллах чинь зовлонтой ш дээ. Бид нарыг сургаж байсан хүмүүс их мундаг хүмүүс байсан. Манай багш гэхэд Монголын анхны диктор Хишигээ, радиогийн Отгон нэвтрүүлэгч гэхчлэн гавьяатууд байна. Тэр хүмүүсээр хичээл заалгаж байсан болохоор хөтлөх тал дээрээ аль болох алдаа бага гаргахыг хичээдэг. Үгийн хийдэл гаргахгүй, буруу үг хэлэхгүй ч гэдэг юм уу.
Сүүлийн үед анзаараад байхад “нэлээдгүй” гэдэг үг моодонд ороод бүр хэвшмэл болчихоод байна. Нэлээд гэдэг чинь их гэсэн үг, үгүй гэдэг чинь үгүйсгэсэн утга. Тэгээд нийлэхээрээ яг юу гэсэн үг юм бүү мэд. Их ч биш, бага ч биш хоёрын хооронд юм болчихоод. Багагүй олон гэж ярих юм бол бас арай өөр. Анзаараад байхад үг хэллэгийн хувьд их алдаатай байдаг болсон. Тэр дунд орж ажиллах ер нь бол их нервьний, төвөгтэй. Тэгж байснаас хувиараа явж байсан нь дээр. Яахав намайг ингээд хэлчихээр янз янзаар хэлэх л байх.
-Сүүлийн үед “Universe Best Songs”-д орсон хүүхдүүд хөтлөгч болдог болж. Ямар мэргэжлийнх нь хамаагүй хөтлөгч болоод телевизэд үлддэг. Тэд нарын хөтлөлтийг мэргэжлийн хүний нүдээр харахад инээд хүрнэ биз?
-Инээд хүрэх биш, би харамсдаг ш дээ. Ганц UBS гэлтгүй бүх телевизүүдэд ийм хандлага ажиглагддаг. Гэтэл дээд боловсролын шатанд бид дөрвөн жил сураад диплом дээрээ бичүүлж байж энэ мэргэжлийг эзэмшсэнээ баталгаажуулдаг. Сэтгүүлч-Хөтлөгч мэргэжлийг эзэмшихийн тулд бид дөрвөн жилийн турш радио телевизийн студи, дадлагын байранд нухлуулж байж нэг юм гарч ирж байгаа ш дээ. Тэгээд ч болоогүй ахиад сурах хэрэгтэй. Тэгэхэд эд болохоор 45 хоногийн курс, 2 долоо хоногийн курс, нэг хоёр гурван сар үргэлжилсэн шоуны дараа хөтлөгч гээд гараад ирэхээр харамсалгүй яахав дээ. Би тэнд зөндөө мөнгө төлөөд сурсан, нэгдүгээрт. Хоёрт, би өөрийгөө зөндөө их зовоосон. Ахиад ч зовооно. Тэгж байж магадгүй үүний дараа хөтлөгч гэж дуудуулах болохоос тэд нартай адилхан шууд эфирт гараад л хөтлөгч гэдэг нэрээр ороод ирвэл гуниг биз дээ. Тэр ч утгаараа чөлөөт уран бүтээлч гэж хэлүүлэх нь надад хавьгүй дээр санагддаг.

-Хөтлөгч болох шийдвэр гаргахад Чапи ах чинь хэрхэн хүлээж авсан бэ. Олны танил байх, энэ амьдралын жаргал зовлонгийн тодорхой хэмжээнд мэддэг хүн шүү дээ?
-Бид хоорондоо энэ талаар яриад байдаггүй. Ах маань тэнд чи ингэж харагдаж байсан шүү гээд би ч гэсэн та ингэсэн бол зүгээр харагдах байсан, тэр үед нь та тэгээд хэлчихгүй гээд уран бүтээлийн зөвлөгөө маягийн юм бие биедээ өгнө. Бид хэн хэнийгээ үгүйсгэдэггүй. Үүнийг чи сонгож хий, ингэж хий гэж тулган шаарддаггүй. Аль аль нь чадалтай уран бүтээлч. Хүмүүс намайг Чапигийн дүү гэж овоглодог нь хэцүү. Би өөрийн гэсэн нэртэй л баймаар байна ш дээ. /инээв/
-Биеэ даасан байдал бол өөрөөс чинь харагдаж байна. Ингэхэд тусдаа гарсан уу?
-Үгүй. Аав ээжтэйгээ хамт амьдардаг.
-Танай гэр бүлийн зургаан хүүхдээс Чапи та хоёр гэрлээгүй үлдсэн үү. Яагаад юм бол?
-Тийм. Бид хоёр байна. Манай ах гэрлээгүй болохоор би гэрлэхгүй байгаа юм байлгүй дээ. /инээв/
-Боки бага байхын нийгмийн идэвхитэй лидер хөвгүүн байж. Анхны үерхэл, анхны хайр хэзээ ирж байв?
-Тэр чинь одоо бүр дээр байх. Үерхэл бол бүр арван жилд байсан байх. Одоо тэр гэж санахад хэцүү байна. Анхны хайр бол санаанд тод байна шүү. Бид хоёр одоо ч сайн найзууд л даа.
- Ямар бүсгүй байна. Нууц биш бол?
-Ану гээд бүсгүй байна аа. Ану ч биш л дээ. Зүгээр би Ану гэж дууддаг. Сургуульд орохоос өмнө цэцэрлэгийн насандаа хамт байсаар байгаад л дасдаг ш дээ хүн чинь нэг. Тэгээд сүүлд нь тэрэнд хайртай болж таардаг ч юм уу. Тийм л юм болсон.
-Тэр бүсгүй одоо амьдрал зохиосон уу?
-Хүнтэй суусан. Америкт арван жил болчихоод ирэхгүй юу. /инээв/ Тэгээд алдчихсан. Яг алдах ч биш юм байна. Арван жил хол байгаад ирсэн юм чинь харилцаа мэдээж өөр болно л доо.
-Хөтлөгчөөс гадна өөрийн чинь бас нэг овог Олон улсын хүүхдийн Найрамдал төв. Зургаан жил тэнд ажиллажээ. Найрамдалтай анх холбогдсон түүх бас сонин байна?
-Анх 2003 онд оюутан байхадаа манай ангийн Нямгэрэл бид хоёр Найрамдалын конкурст багш шалгаруулж авна гэхээр нь очсон. Тэнд бараг муухан сургуульд элсэхээс хэцүүхэн шалгалт авдаг. Бид хоёрт тэнцээд 2003-2006 он хүртэл бүлгийн удирдагч хийж байгаад 2006 оны зун бүлгийн ахлах удирдагч болсон. Тэр үеэс хойш 2006, 2008 онуудад бүлгэмийн ахлах удирдагч, арга зүйчээр ажиллаж байсан. Найрамдалаас миний хөтлөгчийн гараа эхэлсэн. Найрамдалд анхны халтуураа 30 мянган төгрөгөөр хийгээд л. 2003 оны 30 мянган төгрөг гэдэг чинь гайгүй мөнгө, боломжийн цалин. Оюутан байхдаа халтуур хийж мөнгө өдөр тутмынхаа хэрэглээг болгочихдог байлаа.

-Найрамдалаас хүмүүс, хүүхдүүд маш их зүйл сурдаг. Өөрт чинь ямар дадал, хэвшил үлдсэн гэж боддог вэ?
-Хаиуцлагатай хандах, цаг барих, маш богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулалтанд орох, зохион байгуулах, хүмүүсийг манлайлах гэдэг ч юм уу. Би 500 хүүхэдтэй ажиллаж гараагаа эхэлсэн. Бүлгэмийн хэмжээнд 500 хүүхдийг өөртөө татна гэдэг хэцүү ш дээ. Тэгэхээр зрителийн анхаарлыг яаж татах, төвлөрүүлэхийг тэнд сурсан. Хүүхэд бол маш сайн зритель, маш шударга дүн тавьдаг. Үзэгчид бол урмыг нь бодоод алга ташсан болно. Хүүхдүүд алга ташихгүй инээлдээд явчихвал за би энд сая алдчихлаа гэж боддог. Тайз руу гараад үзэгчдийн анхаарлыг хэрхэн өөртөө хандуулахыг Найрамдалын хүүхдүүд надад сургасан. Зарим хөтлөгч бол хүмүүс бужигнаад яриад байхад л давхар яриад байдаг. Нэг сул дуугарчихаад намуухан алхаад. Зарим хөтлөгч олон шүлэг цээжилсэнээ мундаг гэж бодоод байх шиг байгаа юм. Би хөтлөнө гэдэг ярихыг хэлнэ гэж боддог. Өгүүлэхүйн урлаг юм чинь.
-Энэ хугацаанд хамгийн бэрхшээлтэй тал нь юу байв. Монголд хөтлөгч хийх, чөлөөт уран бүтээлч байхад санхүүгийн тал дээр эрх чөлөөнд хүрэхүйц хэмжээнд байж чадаж байна уу?
-Надад цалин гэж байхгүй. Хэн хэзээ над руу ярина тэр үед л би мөнгөтэй болж харагдана уу гэхээс. Монголд мөнгө хуримтлуулна гэдэг асуудалтай. Цалинтай нэг газар харъяалагдахаар би хөтлөгчөө хийж чадахгүй болчихдог. Яг чөлөөт уран бүтээлчээс гадна өөр ажил хийхгүй бол орлого хангалттай биш л дээ. Бид нарыг шинэ жилээр олж байгаа мөнгөөр төсөөлдөг, эд ёстой их мөнгө олдог гээд л . Нэг сарын хугацаанд олж байгаа мөнгөө би нэг жил хүргэж зарцуулна гэсэн үг. Би хоббигоороо ажиллаж байгаа, бас миний мэргэжлийн ажил. Энэ мэргэжлээрээ оргилд гаръя гэж бодоход надад гадаад хэл хэрэгтэй. Тэгээд Азийн зах зээлд үзэхэд болохгүй юм үгүй. Хэл сурахаас гадна би өмсөж зүүх, биеэ авч яваа байдалдаа өөрчлөлт хийх ёстой. Бид их даруухан хувцасладаг. Гоё тод, хурц өнгийн юм өмсдөг гоё шийдэлтэй тийм ээ? Илүү дэлхийн стандартанд ойртсон хөтлөгч болохын тулд цаашдаа хийх, хэвшүүлэх юм олон байна.
-Одоо ганц бие байгаа болохоор дуртай ажлаа хийгээд их кайфтай амьдарч байна. Ирээдүйд гэр бүлтэй болохоор мэдээж өөрчлөлт гарах байх?
-Би ер нь ганц биеэрээ дуусаж магадгүй ээ. Нэг гэр бүлийн амьдралд хутгалдчихвал цаашаа боломж хаагдахаар санагдаад байгаа. Би ар гэрийн амьдралаасаа илүү гарахгүй ээ. Өнөөдөр оройны хоолны мөнгө, маргаашийн тэрний сургалтын төлбөр, ийм хувцас хунар гэхгүйгээр амьдармаар байна. Би хоёр амьдрахгүй ш дээ.
-Тэгээд ганцаараа явсаар байгаад дуусах гэж үү?
-Тодорхой амжилтанд хүрэх хүртлээ өөрийнхөөрөө, хүсэж байгаагаараа баймаар байна. Тэгэхгүй бол хажууд хэн нэгэн дагаж явах юм бол хэцүү, би өөрийгөө гэх үү нөгөөдөхөө гэх үү. Тийм тохиолдолд телевизийн сэтгүүлчээр дуусах гээд байгаа байхгүй юу. Үсрээд л тэр.

-Яахав нөлөөтэй сэтгүүлч, хөтлөгч болох ч юм билүү?
-Харин одоо тэгж чадах уу, үгүй. Тэр чинь бас л хэцүү ш дээ. Тэгээд цалин хүрэхгүй тийм ээ? Одоо сарын 1 сая 500-гаас доош орлоготой бол амьдрахад хэцүү ш дээ. Хаанаа ч хүрэхгүй. Утасны төлбөр, унаа машины мөнгө, өдөртөө хоол иднэ. Би тайзан дээр гарахын тулд үнэтэйвтэр юм өмсмөөр байна ш дээ. Би өөрийнхөө биед таарсан хувцас оёулахын тулд багадаа л 500 мянган төгрөг зарцуулдаг.
-Боки хэр удаан найз бүсгүйгүй байв?
-Удаж байна. Одоо бараг л арван жил болж.
-Уучлаарай, өөрийг чинь анх удаа фэйсбүүкээр бэлгийн чиг хандлагаа нээлттэй зарласан гэж сонссон?
-Би олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ талаар яримааргүй байна. Энэ тийм чухал асуудал биш шүү дээ.
-Яагаад олон нийтээс нууна гэж?
-Би бэлгийн цөөнхийг үгүйсгэдэггүй, би хүлээн зөвшөөрдөг.
-Сүүлийн үед нийгэм бэлгийн чиг хандлагын асуудал дээр их нээлттэй ханддаг болж. Саяхан манай дээр ЛГБТ-гийн нэг уулзалтын сурвалжлага гарч байсан.
-Зохион байгуулсан Анар, Отгонбаатартай би холбоотой байдаг. Бахархалын өдөр гэж жил бүрийн 10 сарын 12-ны өдөр болдог юм. Бэлгийн цөөнхийн өөрсдийгөө илэрхийлэх долоо хоног. Кино үзүүлнэ, хүмүүс хоорондоо ярилцдаг. Тулгарч байгаа бэрхшээлийг яаж даван туулах, ямар эрх зүйн боломж байна, эрхээ яаж хамгаалуулах юм гэхчлэн. Монгол улс хэцүү ш дээ.
-Бэлгийн цөөнхөд эрх зүйн боломж хэр байдаг юм бол?
-Байна аа. Гэхдээ Монголд хуулиар бол хэцүү. Энэ хуулийг батлах даалгаврыг Засгийн газар авсан ш дээ. 2010, 2011 онд авсан. Яагаад гэхээр, НҮБ-ын тусгай чуулга болсон. Түүнд Монголоос амлалт аваад, тэр хуралд Анар, Отгонбаатар хоёр явсан. Тэгээд амлалтаа өгөөд Засгийн газар ийм хууль санаачилна, бид хүний эрхийг хамгаална гээд НҮБ-ын өмнө ярьсан, хэлсэн зүйлс байгаа.
-Монголд бэлгийн цөөнх хүн амийн хэдэн хувийг эзэлж байна?
-Мэдэхгүй, дэлхийн хүн амын 10 хувь гэж ярьдаг ш дээ. Гэхдээ ганц Монголд гэлтгүй асар их хаалттай Хятадад хүртэл энэ нээлттэй байна ш дээ. Яг дотооддоо бол ерөөсөө нууж хаагаад байх юм алга. Зөвхөн тэр хүмүүст зориулсан club хүртэл байна.

-Манайд ч бэлгийн цөөнхөд зориулсан клуб байдаг гэдэг?
-Монголд нэг байна аа. Гэхдээ хүмүүс их очдог, энгийн хүмүүс ч гэсэн байж л байдаг. Тэр бол нээх айхтар хардлага төрүүлээд нууж хаагаад байх газар биш. Угаасаа тэр club-ийн эзэн нь ч гэсэн би үүнийг бэлгийн цөөнхөд зориулсан баар гэж хэлэхгүй. Хүн болгонд л нээлттэй гэж хэлдэг.
-Орчин үеийн залуусыг хараад байхад давуу болон сул тал нь ажиглагдаж байгаа байх. Тэр тусмаа эрчүүд дээр таны олж харснаар?
-Залуус нийтлэг мөнгөнд дуртай дээрээс нь хялбархан байдлаар гоё амьдрах гээд байх шиг байна тийм ээ? Хөдөлмөрлөх гэдэг үг чинь үг биш болчихоод байна ш дээ. Давуу тал нь мэдээж хэрэг муугаасаа их байх. Залуус өөрийн гэсэн зорилготой түүн рүүгээ тэмүүлж байна. Гэхдээ тэмүүлэх аргаа л олохгүй байна, зарим нь. Тэмүүлнэ гэдэг миний бодлоор хийж чадаж байгаа юман дээрээ дөрөөлөөд баялаг бүтээхийг хэлэх байх.
Зөвхөн Монголдоо битгий сэтгээд бай эндээсээ гармаар байна. Тэгэхгүй яг ийм орчинд хэцүү. Заримдаа ядардаг ш дээ. Новш гэж бодож байгаа юм чинь. Миний ойр орчимд байгаа залуучууд бол бас харьцангуй гайгүй, би гайгүй хүмүүсийн хүрээлэлд байгаа бололтой. Заримдаа энэ хүрээллээс гарахаар ямар аймаар унтаа, ямар аймаар бэлэнчлэх сэтгэлгээтэй, ямар аймаар хүний юманд аймшигтайгаар шунхайрч дайрдаг болсон юм бэ гэж бодогддог. Бүр нэг новшийн. Заримтай нь бол би үг дуугарахаас, бүр зөрөхөөс аймаар хүмүүс байна. Тийм хүмүүсийн дунд их удаан байх хэцүү.
-Найрамдлын үе үеийн “бүтээгдэхүүнүүд” улс төр бизнесийн салбарт маш амжилттай карьер хөөж байна. Өөрийн чинь хувьд улс төр, бизнесийн талбарын аль нь ойр санагдаж байна. Залуу хүн юм чинь ирээдүйгээ мэдээж хөтлөгчөөс өөрөөр зурсан байх?
-Би улс төрд ордог байлаа ч гэсэн Нийслэлийн эсвэл яамны соёл урлагтай ойр салбарт орох байх. Гэхдээ тэр чинь хүсээд байх юм биш. Зөв бодлого байгаасай гэж бодож тэрний төлөө л зүтгэвэл зүтгэх байх. Түүнээс биш Нийслэлийн иргэдийн хурал, Улсын их хурал гэж солиорохгүй. Надад тэгэх ч шаардлага байхгүй. Би тэнд очоод чадахгүй юм чинь улсын ажил баллаад яахав. Чаддаг нь хийж байсан нь дээр ш дээ. Би бизнес сэтгэлгээтэй хүн биш. Тэгэхээр соёл урлаг талдаа байсан нь дээр байх. Цаашдаа сурах гээд бодоод л байгаа. Он гаргаад СУИС-д Соёл урлаг судлалаар магистр хамгаалахаар төлөвлөж байгаа. Би энэ салбарыг зөв голидролд оруулахын тулд үгээ хэлдэг хүмүүсийн нэг нь байхыг хүсэж байна. Тэгэхгүй бол их юм эвдэрлээ ш дээ. Засах хэрэгтэй байна. Ганц нэг хадаас хадах хэрэгтэй байна.

-Яг өөрийгөө тодорхойлбол Боки хэн бэ?
-Ямар ч гэмээр юм. Заримдаа өөрийгөө ч ойлгодоггүй ш дээ ... /бодолхийлэв. сэт/ Албаны хүн, албархуу. Гэхдээ албаны гэхээр уйтгартай бол биш. Би хоол хийх дуртай. Янз янзын хоол зохиож хийнэ. Сүүлийн үед цуйванд гаршиж байна. Тэгээд аялах дуртай. Гэхдээ экстрим аялал биш.
-Өөрийн чинь бодлоор найз гэж хэнийг хэлэх вэ? Хэр олон найзтай вэ? Их олон хүмүүстэй харьцдаг юм шиг байна.
-Найз уу? Надад нэг хүн ингэж хэлж байсан. Найз бол тохиролцооны бараа биш гээд. Зүгээр л хоёулаа найз болъё гээд найз болчихгүй. Чи хэрэгцээтэй байгаа үед тэр хүнтэй уулзаж учирч чаддаг л байх юм бол найз. Би их олон найзтай юм шиг харагддаг, өөрөө ч бас өөрийгөө олон найзтай гэж хардаг. Заримдаа алдаж байна. Би ч нөгөө хэд ч алддаг биз. Сүүлийн үед зарим хүмүүст итгэл алдраад л ... Би ямар гэм хийсэн юм бол, юу буруу хийчихсэн юм бол гээд бодох шаардлага гарна. Заримдаа дотроо бүр уйлмаар санагддаг үе байдаг ш дээ. Харилцаанаас гарсан жижигхэн зөрүүнээс болоод хүмүүстэй таарамжгүй, бүр ор тас хоёр биенийхээ хаалгыг саваад гарч байсан үе байгаа. Тэр үед би за даа найз гэдэг ч тийм мөнхийн чанар биш юм байна гэж боддог.
-Тэгвэл хайр дурлал мөнхийн чанар мөн үү?
-Би хайрын тал дээр юм хэлж мэдэхгүй байна. Түрүүний асуугаад байсан анхны хайр гэдэг шиг. Би анх тэгж их дасаж дурласан, тэр хүнд их хайртай байсан л даа. Тэр хүн амьдрал зохиогоогүй байсан бол би тэр хүнтэй суух байсан байх. Өөр тохиолдол гарахгүй ээ.
-Хайраас болж шаналж, араас нь зүүгдэж байсан уу?
-Тэгж доошоо орохгүй ээ. /инээв/ Яахав хэсэгтээ л ... Долоо хоног л тийм байна.
-Өөрөө ер нь хэр их хүн хаяж байсан бэ?
-Хаясан байх аа. Тэгсэн болоод одоо надад юм олдохгүй байгаа юм байлгүй. /инээв/
-Тэгэхээр ер нь их цензур тавьдаг байх нь. Гутлаа чирсэнийг нь би тоохгүй, гунхсан нэг нь намайг тоохгүй гэдэг шиг л?
-Тэгэхгүй бол хэцүү биз дээ? Тааралдсантай нь яваад байвал болохгүй ш дээ, харна. Тэгээд нөгөөдхөндөө гологдчих үе байдаг л байсан байлгүй, бодвол. Гэхдээ гайгүй байх аа.

-Ер нь хосуудын харилцаанд өөрийнхөө давуу болон сул талыг мэддэг байх л даа. Би энэ зангаа засахгүй бол ганцаараа байх юм байна гээд. Яг одоо бол single тийм ээ?
-Тийм. Ерөөсөө тйим юм мэдрээгүй их удчихсан байна аа, нуулгүй хэлэхэд. Энэ талаар сонирхохыг ч хүсэхгүй байна. Одоо бол ганцаараа байгаа дээрээ амжуулах юмаа амжуулсан нь дээр.
- Өөрийн чинь туйлын зорилго, туйлын үнэн юу вэ. Юу өөрийг чинь их аз жаргалтай болгодог бол?
-Мэдэхгүй ээ. Би их мөнгө олохыг аз жаргал гэж бодохгүй байна. Хайртай хүнтэйгээ хамт байна гэдгийг аз жаргал мөн гэж бодохгүй байна. Хамт амьдрах байдлаар бол үүнийг аз жаргал гэж бодохгүй ээ. Зүгээр яг өнөөдөр би яамаар байна түүнийгээ дагаад явж байгаа нь миний аз жаргалтай байдал байх. Одоо хөтлөгчөөрөө аятайхан карьертай байя гэж бодож байгаа бол түүндээ хүрч байвал болж байна.
-Таны мөрөөдөл?
-Би танигдана аа. Одоо би зарим асуултанд бүрэн гүйцэд хариулахгүй байна. Гэхдээ тодорхой намайг хүлээн зөвшөөрсөн түвшинд хүрэхэд хэн ч үгүйсгэж чадахгүй ш дээ. Тэр үед бүх үнэнээ сайхан хэлж тавьчихаад айдгаа авдартаа хийгээд аз жаргалтайгаар өөрийнхөө орон зайг тунхаглахыг мөрөөдөж байна. Ойрын таван жилийн хугацаанд англи хэлээ сайжруулаад олон улсын ямар нэг тэмцээн, наадам шалгаруулалт хөтөлмөөр байна. Дэлхийн миссч юм уу. Яагаад болохгүй гэж? Болно ш дээ. Би заавал зорьсондоо хүрэх болно.
Ярилцсанд баярлалаа.
Б.Ундрал
Сэтгэгдэл (4)