Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилох асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж өчигдөр А.Бакей хэлсэн байгаа юм. Ер нь бол 18-ны өдөр Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар оруулж батлах болов уу гэх зүйлийг намын шинэ дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт хэлж байсан л даа. Р.Амаржаргалтай хамт шигшигдэн үлдээд, илүү санал авсан Ч.Сайханбилэгийн тухайд Ерөнхий сайдаар томилогдсоны дараа ард түмэн болон УИХ-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна гэдгээ хэлсэн. Түүний хэлснээр одоо бид эдийн засгийн хямралтай нүүр тулаад байна. Энэхүү хямралаас хэрхэн гарах вэ гэдэг нь шинээр байгуулагдах Засгийн газрын гол чиглэл болно. Тиймээс парламентад суудалтай улс төрийн бүхий л намууд намын болон бүлгийн явцуу эрх ашгаа түр орхиж улс үндэсний нийтлэг эрх ашгийг барьж ажиллах гол зарчим дээр тулж ажиллана гэж хэлээд буй.

За харин өөрийнх нь гар нийлэн ажиллаж ирсэн Шинэчлэлийн засгийн газрын ажлыг цааш үргэжлүүлэх үү гэдэг асуултад “Ардчилсан намын 2012 оны мөрийн хөтөлбөрийг 2016 оны сонгууль хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газарт байсан бүхий л сайн ажлууд тухайлбал томоохон бүтээн байгуулалт, сайд нарын амралтгүй зүтгэдэг ажилсаг чанар шинэ Засгийн газарт үргэлжлэн хадгалагдах болно.” гэсэн байгаа.
Тэгэхээр өр зээл тавьж олж ирсэн бондын мөнгөнийхөө тодорхой хувийг үр шимээ бага хугацааны дотор өгөх боломж бүхий зүйлүүдэд зарцуулсангүй гэх шүүмжийг сонсч ирсэн Засгийн гишүүн тэрбээр тэр чиг шугамаа харин ч нэг алдахгүй, дагаж таарах бололтой юм. За мөн ЕС болонгуутаа халаа сэлгээ хир явагдах бол гэсэн асуултад аль болох тогтвортой бөгөөд төрийн албаны хуулинд нийцүүлэн ажиллана гэсэн хариуг өгөөд буй юм.
Ерөнхийлөгчийн тухайд Засгийн тэргүүн л УИХ-ын гишүүн байна. Харин сайд нар цэвэр салбарын мэргэжлийн хүмүүс байх учиртай гэж хэлээд байгаа. Ерөөс давхар дээл гэдэг ойлголтыг таягдан хаях ёстой гэж сануулаад байгаа.

Тэгвэл З.Энхболд Ерөнхийлөгчийн энэ байр суурьтай холбоотойгоор “Тэрбээр энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа. Гэхдээ хуулиар энэ бүгд нээлттэй шүү дээ. Өмнөх хоёр ерөнхий сайдыг бид “Ингэж тэгж ажилла, дан, давхар дээлтэй бай” гээд үндсэндээ ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй. Аль болох олон сайдыг гаднаас авч мэргэжлийн Засгийн газрыг бүдүүлбэл сайн байна. Энэ бүх эрх шинээр томилогдох Ерөнхий сайдын эрх бөгөөд үүрэг юм.” хэмээн хэлнэ лээ.
Тэгэхээр өнөөдөр томилогдох шинэ ЕС танхимынхаа зураглалыг хэрхэн хийхээ шийдэж таарах нь гэсэн үг юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна