Спортын салбарт доороос дээш хүртлээ цойлж чадсан хүн гэвэл чухамхүү түүнийг л нэрлэнэ. Олон олон тамирчныг улс, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилттай дасгалжуулсан гавъяат багш дасгалжуулагч Г.Пүрэв-Очирыг “Ганд педиа” онцолж байна. Тэрбээр Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, З.Дэлгэрдалай тэргүүтэй улс, дэлхий дахинд нэр алдраа дуурсгасан тамирчдыг бэлтгэн гавьяат тамирчин цолонд хүргэж, Ц.Дамдин, О.Балжинням нарын Ардын багш цолтон төрүүлсэн их спортын түүхэнд нэрээ алтан утсаар сийлүүлэх үйлс бүтээсэн нэгэн билээ. Түүнийг багшийн багш гэж дуудах шавь нар олон.

Ирээдүйн дасгалжуулагчийн малчин балчир нас
Г.Пүрэв-Очир Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гурван-Энх” гэдэг газар 1949 оны намрын дунд сарын эхээр малчин ард Гонгорын Галсанжамцын хүү болон мэндэлсэн. 8 нас хүртлээ эцэг, эхийн гар дээр хурга, ишиг хариулан, үеийн багачуудтай тоглож, барилдаж өссөн нэгэн.
Тэрээр 1961-1964 онд Чойбалсан хотын төвийн арван жилийн дунд сургуулийг бүрэн бус боловсрол эзэмшээд,1964 оноос Улаанбаатар хотод Санхүү Эдийн Засгийн техникумд суралцаж, статистикч мэргэжил эзэмшин төгсжээ. Мөн 1968-1974 онд цэргийн албанд татагдан Хилийн ба Дотоодын Цэргийн Удирдах Газрын 0134-р ( одоо 0164-р) анги, Батлан Хамгаалах Яамны “Алдар” нийгэмлэгт тамирчнаар алба хаажээ. УБДС-ийн биеийн тамирын факультетийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн байна.
Спортын гараа

Бөхийн спортоор 1967 оноос эхлэн хичээллэж,чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах анхны тэмцээний 70 кг-ийн жинд түрүүлж, алтан медаль авснаар бөхийн гараагаа эхэлжээ.

Манай оронд самбо барилдаан хөгжиж эхэлж байсан 1969 онд тэр үеийн хамгийн том анхны тэмцээн Монгол телевизийн нэрэмжит тэмцээний 70 кг-ийн жинд түрүүлж, улмаар 1971,1972,1973 ,1976 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга, мөн жүдо барилдааны 1978 оны анхны улсын аварга тэмцээний 78 кг-ийн жинд мөнгөн медаль хүртжээ.

Г.Пүрэв-Очир МБАТ-ний спартакиадын алт, мөн хот, улс, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл зэрэг медалиудаар энгэрээ мялааж явсан самбо, жүдо барилдааны анхны тамирчдын нэг билээ. Тэрбээр Самбо бөхийн анхны спортын мастер, мөн Олон улсын хэмжээний мастерын зэрэгт хүртлээ өсөж чадсан чадварлаг залуу тамирчин байв.
Жүдо, самбо бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүн,1971 онд ЗХУ-ын Кишинев хотод болсон анхны тэмцээнд оролцож байсан жүдоч гэдгээр нь түүнийг бөх сонирхогчид андахгүй.
Мөн Үндэсний бөхөөр хичээллэж 1980 оны улсын наадмаар улсын начин цол хүртэж, 1979 оны улсын наадамд дөрөв давж, тавын даваанд улсын заан М.Мөнгөнд ( улсын арслан) өвдөг шороодсон юм.
“Гавъяа”-тай багш
Г.Пүрэв-Очир Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар 1978-1997 онуудад ажиллаж, самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг, тамирчдын бэлтгэл сургалтыг удирдан хангуулж, 15 удаа оролцуулж явсан.
Ингээд нийтдээ 25 дэлхийн аварга цолтон төрүүлсэн гавъяатай багш. Үүнээс онцолвол: Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, З.Дэлгэрдалай нарын гавьяат тамирчин 15, Ц.Дамдин, О.Балжинням нарын Ардын багш цолтон хоёрыг төрүүлжээ.
Мөн 132 дэлхийн аваргын тэмцээний мөнгө, хүрэл медальтан, олон улсын хэмжээний мастер цолтон 55, спортын мастер 60 гаруйг бэлтгэн дасгалжуулсан багш.
АНУ-ын Лос Анжелос хотноо болох зуны олимпийн наадмыг бойкотолсон улс, гүрнүүд “Найрамдал-84”хэмээн нэрлэж спортын тэмцээнийг явуулсны нэг болох жүдо барилдаанаар БНПАУ-ын Варшава хотод болсон олон улсын буюу олимпийн тэмцээнд баг тамирчдаа дасгалжуулан оролцож, Г.Жамсран, Ж.Ганболд, О.Балжинням нар хүрэл медалийн эзэд болцгоосон билээ.
Г.Пүрэв-Очир Их Шавийн Дээд Сургуульд 1997-2000 онд тэнхмийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж, биеийн тамирын онол, заах арга зүй, дасгалжуулалтын онол, самбо, жүдо бөхийн мэх, арга техник эзэмших хичээлүүдийг зааж, олон зуун шавь нарыг төгсгөн, биеийн тамир спортын хүний нөөцийг бэлтгэсэн “алдар”-тай багш
Дэлхийд данстай дасгалжуулагч
Мөн Монголын биеийн тамир спортын төв байгууллагын даргаар 2000-2005 онд ажиллах хугацаандаа биеийн тамир спортын салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн Тамир, Спортын Хороо гэсэн төрийн статустай, үйл ажиллагаагаа салбарын хэмжээнд бие дааж, удирдан зохион явуулах боломжтой байгууллага болгосон.
Зах зээлийн нийгмийн өөрчлөлтөнд салж бутарч тарсан, улсын шигшээ багуудыг дахин нэгтгэн үндэсний шигшээ багуудыг байгуулсан. Энэ их ажлын хажуугаар баг тамирчид, дасгалжуулагчдыг цалин орлоготой, гадаад дотоодын тэмцээнд оролцох зардлыг улсын төсвөөс зарцуулж байх зэрэг олон асуудлыг тусгасан эрх зүйн үндэс-биеийн тамир спортын тухай хуулийг боловсруулах ажлын байгуулан УИХ-ын 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн тогтоолоор батлуулж, мөрдөн хэрэгжүүлж биеийн тамирын салбарынхны талархлыг хүлээсэн юм.
Г.Пүрэв-Очир биеийн тамир, спортын хуулийн зарим заалтыг биечлэн хэрэгжүүлэхээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэргэд “Аврагч” биеийн тамир, спорт хороог 2006 онд үүсгэн байгуулан удирдан ажиллаж байгаад, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дэргэд “Сүлд” биеийн тамир, спортын хороог 2007 онд мөн үүсгэн 8 тамирчны орон тоотой, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын тамирчин болоод Б.Ганзоригийг дасгалжуулагчаар ажиллуулж байв.
Мөн Монголын Бөхийн Холбооны нарийн бичгийн дарга 1980-1982 онд, Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга 1989-2006 онд, мөн Азийн Самбо бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга 1997-1999 онд сонгогдон ажиллаж байсан, одоо МҮБХ-ны тэргүүлэгч, цэцдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1992 оноос, Монголын Регби-ийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр 2011 оноос, Монголын Спортын Ахмадын Холбооны дэд ерөнхийлөгчөөр 2014 оноос ажиллаж байна.
Ийнхүү Монголдоо төдийгүй гадаадад ч түүний оролцоо хүрч байв. Тухайлбал Дэлхийн Самбо Бөхийн Холбоо (ФИАС)-ны техникийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахын зэрэгцээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ба дэлхийн цомын тэмцээнүүдэд 15 удаа шүүгчээр ажилласан олон улсын шилэгдмэл шүүгчийн зэрэгтэй.
Эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 1993, 1997 онд, дэлхийн цомын тэмцээнийг 1989 онд, мөн Сингапур улсад 1998 онд зохион байгуулсан, туршлагатай менежер төдийгүй үндэсний бөх, самбо, жүдо бөхийн хот, улс, олон улсын тэмцээнийг 1980-1998 онд тасралтгүй зохион байгуулж, уйгагүй хөөцөлдөн, шаргуу ажилласан зохион байгуулагч хүн.
Г.Пүрэв-Очир “Аварга “ дээд сургуульд Магистр хамгаалуулах зөвлөлийн гишүүн бөгөөд сургалт хариуцсан зөвлөхөөр 2011 оноос ажиллаж байна.

Төрд үнэлэгдсэн судлаач
Түүний нөр их хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медалиар 1985 онд, Алтан гадас одонгоор 1989 онд, Монгол улсын гавьяат дасгалжуулагчаар 1993 онд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2008 онд, ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнасан юм.
Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгчийн “SPORT & FAIR PLAI 2005” цом, МҮОХ-ны Алтан очир одон, Олимпийн алдар медаль, алтан медаль, 50 жилийн ойн медаль, биеийн тамир спортын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнагджээ.
Г.Пүрэв-Очир эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, Монголын самбочдын сургалт дасгалжуулалтын зарим асуудал сэдвээр 1999 онд боловсрол судлалын доктор (Ph.D)- ын зэрэг хамгаалсан.
Бөхийн спортын чиглэлийн “Бөхийн лавлах”, “Дэлхийн улс үндэстний бөхийн барилдаан”, “Зангиат бөхийн барилдаан”, “Буриад зоны бүхэ барилдаан”, ”Барга барилдаан толиот бөх”, “Монгол үндэсний бөхийн барилдаан”, “Бөхийн дасгалжуулалтын үр дүнг тооцохуй” зэрэг 8 ном, гарын авлага, хэд хэдэн эрдэм шинжилгээний илтгэл, бүтээл туурвисан эрдэмтэн юм.
Бэлтгэсэн П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна