З.Энхболд ч шөрмөстэй эр юм. Хэчнээн жилийн өмнөөс зорьж, тэмүүлээд байсан намын даргынхаа суудалд сууж дийлэв. Ер нь тэр намын эрх мэдлийг гартаа авахын төлөө их зүтгэсэн дээ. Яагаав, хэлж байсан даа. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2010 оны өвлийн нэгэн үдэш хотын төвийн нэгэн зоогийн газарт З.Энхболд бусад нөхдийн хамт болзсон гэдгийг. Тэгээд тэд нь Н.Алтанхуягийг “Алтангадас”-тай нь хамт унагах.Намын даргын суудлыг нь өөрсдөө авах талаар ярьсан байдаг. Яг өнөөдрийн тухайд “Алтангадас” унаагүй ч, Н.Алтанхуяг яваад өгсөн. З.Энхболд ирсэн байна.

Тэр эрх мэдлийг төвлөрүүлэхийн төлөө Ардчилсан хүчний холбоог байгуулж МоАХ, соцдекүүд, “Зүүн хойд Ази”-ийнхан, МҮДН-ынхан, мөн Элбэгээгийн фракцийнхныг багтаагаад байсны хэрэг мэдээж гаралгүй л яахав. Тэр намын дарга болох чин хүсэл нь зүгээр суулгахгүй байсан яг тэр үед юу гэж ярьж байсныг эргэн саная л даа. Тэр юуны түрүүнд “АН ямар даргатай байхаа ардчилсан журмаар шийддэг. Хэн нэгэн хүний хүслээр болохгүй. Би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ кампанит ажлаа хараахан эхлээгүй байна. Ажлаа эхлүүлчихвэл хүмүүс ойлгоод эхлэх байх. Би АН-ын дарга байсан бол өнөөдөр АН ийм байхгүй байх байсан. З.Энхболд юугаараа Н.Алтанхуягаас илүү юм гэдгийг намынхаа 100 мянган гишүүнд ойлгуулахын төлөө ажиллана.” хэмээн дуугарч байсан даа.

Түүний нэрийг намын даргын өрсөлдөөний эхэнд явааг өөрт тодотгон хэлэхэд “-АН-ын дарга нь МАХН-ын даргын үгээр “гүйгээд” байна гээд удирдлагаа чөлөөлөх асуудал тавьбал би даргын төлөө өрсөлдөнө. Надад итгэл үзүүлбэл хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Намын дарга болоод дараагийн сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлага хүлээж ажлаа өгнө. Амжилттай оролцвол улс орны удирдлагыг АН дөрвөн жил атгана. Ардчиллын энгийн жишээ ийм л байдаг... Ц.Элбэгдорж намын даргын ажлаа өгөхдөө өргөдлөө өгсөн. Н.Алтанхуягийг сонгохдоо Их хурлаар баталгаажуулах байсан юм. Тэр нь хийгдээгүй. МАХН-ын даргатай адилхан шүү дээ. С.Батболдыг Бага хурлаас намын даргаар сонгосноо Их хурлаараа баталгаажуулах гэж байна. Манайх ч ийм л дүрэмтэй. Ингэж байж дархлаа тогтоно” гэж байв. Тэгэхэд нь түүнээс “АН ажиллаж байгаа юм биш үү?” хэмээн асуухад “-МАХН-аас ялгагдахгүй болсон. Хоёр, тэс өөр үзэл баримтлалтай нам шүү дээ. Дэлгүүрийн лангуун дээр улаан, цэнхэр, ногоон өөр өнгийн олон нам байна. Сонгууль гэдэг олон өнгөнөөс сонгохын л нэр. Дандаа улаан өнгөнөөс сонголт хийх ямар ч боломжгүй. Ялсан, ялагдсан хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулсан нь ардчиллын үнэт зүйлийг үгүй хийх аюул үүсгээд байгаа юм.” гэж байсан.
Тэгэхээр түүнээс хүлээх олон зүйл байж таарах нь. Тэр юугаараа Н.Алтанхуягаас илүү гэдгээ харуулах ёстой. АН МАХН-аас ялгагдах юмтай гэдгийг харуулах ёстой. Хэдийгээр тэр хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн таамгуудыг бататган ЕС рүү хүч түрээгүй ч, намын аппаратаа атгана гэдэг хоёр жил хүрэхгүй хугацаанд засаг барихаас хамаагүй илүү хэтийг харсан алхам гэдгийг хэнбугай ч гадарлаж буй. 2016 оноос их зүйл хүлээж байгаа тэр дараа дараачийн эрх мэдэл тийш л хараагаа бэлчээж байгаа биз ээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна