Хагас их наядын алдагдалтай төсөв!
2014/11/14

Засаг эзгүй байгаа ч, УИХ хуулийн хугацаанд ирэх оны улсын төсвийг баталлаа. 2015 онд Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн зардал 7.1 их наяд, тэнцвэржүүлсэн орлого 7.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 439.2 тэрбум төгрөг байхаар батлав.

Уг нь Төв банкны зүгээс төсөвтэй холбоотой найман заалт бүхий санал гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн билээ. Тэр нь 2015 оны Улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар батлах ба төсвийн нийт зардлыг хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр бууруулах, 2017 онд Засгийн газрын төлөх 500 сая ам.доллар, Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларын гадаад өр зэргийг төлөх санхүүгийн эх үүсвэрийг 2015-2016 оны төсвөөс бүрдүүлэх хэмээж байсан. Тухайлбал 30 хувийг 2015 оны улсын төсвийн хуримтлалаас, 40 хувийг нь 2016 оны улсын төсвөөс тус тус бүрдүүлэх харин үлдсэн 30 хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх гэсэн саналуудыг тусгасан байсан.

Тэгвэл эдгээр саналуудад гишүүд тулхтай хандсангүй. Өнөөдөр Төсвийн байнгын хороогоор төсвийн төслийг хэлэлцэхэд Ц.Даваасүрэн дарга, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгээр гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан, дээрх саналуудтай холбогдуулан энэ хэлэлцүүлгээр санал л гаргах боломжтой тухай хэлж байсан. Ингээд хоёр дахь хэлэлцүүлгээс гарсан саналуудтай холбогдуулан саналтай гишүүд байгаа эсэхийг асуухад хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс санал гаргаагүй. Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд зарим сайд болон төсвийн зарим байгууллагын төсвийн багц дахь өөрийн орлогыг 387.7 сая төгрөгөөр, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Ирэх оны төсвийн жилд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 29.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал зарлагын хэмжээ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан дээд хязгаараас 100 орчим тэрбум төгрөгөөр буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7 хувь болж байгаа аж. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал 489.9 тэрбум төгрөг байхаас 439.2 тэрбум төгрөг болж сайжирснаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8 хувьтай тэнцэхээр байгаа гэж улстөрчид хэлээд байна.

 Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

 Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 708 тэрбум 510.1 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн/ хэмжээг 5 их наяд 603 тэрбум 277.4 сая төгрөгөөр тус тус батлав. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655 тэрбум 417.5 сая төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 195 тэрбум 556.8 сая төгрөгөөр баталлаа. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34 тэрбум 385.8 сая төгрөгөөр батлав.

 Энэ хуулиар ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1 их наяд 815 тэрбум 740.1 сая төгрөг хүртэл, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 277 тэрбум 460.6 сая төгрөг байхаар тогтоов. Харин ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 160 тэрбум 322.1 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 15 тэрбум 410.5 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 201 тэрбум 962.2 сая төгрөг байхаар баталлаа.

 Мөн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, “Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-уудыг хавсралтаар батлав. Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 52 нь буюу 91.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

 Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслөөр Нийгмийн даатгалын санд 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1 их наяд 772 тэрбум 816 сая, зарлагын хэмжээг 1 их наяд 484 тэрбум 960.9 сая, Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 400 тэрбум төгрөг байхаар тус тус батлав. Уг хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь нь дэмжсэн юм.

 Харин Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслөөр Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 526 тэрбум 294.5 сая, зарлагын хэмжээг 342 тэрбум 325.4 сая төгрөг байхаар батлав. Уг хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжлээ.

 Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тус байнгын хороо чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны дараа хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ.

 Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул дээрх саналуудыг хангахад эрх зүйн талаас нь зохицуулалт хийх шаардлагын дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөл нь ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд, хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл болох юм байна. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт асууж хариулт авсны дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжив. Улмаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь нь дэмжлээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин