Р.Амаржаргалд хэлэх “хундага”-ны үг!
2014/11/12

Ринчиннямын Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ  спикер З.Энхболдод өгөхөөсөө өмнө  “Энэ төр засагт хариуцлага хүлээх хүн байхгүй бол, би өмнөөс нь улс төрийн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгалзъя” хэмээн хэлж суусан тэр ийнхүү хоёр дахь удаагаа Засгийн газрын тэргүүн болох нь. 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. 2000 оны сонгуулиар АН ялагдсан. Тэгвэл  тэр өдгөө дахиад л  хоёр жилийн хугацаанд засаг залуурдах эрх авч мэдэх нь. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хаших өгөгдөл хугацаа 4 жил байдаг бол Р.Амаржаргалын тухайд дутуугаа дүүргэхээр ирж байх шиг байна.

Хэрэв тэр томилогдвол нэг талаас тун их хариуцлага хүлээнэ. Нөгөө талаас тэр төдийлөн хариуцлага хүлээхгүй ч байж мэднэ. Учир нь Н.Алтанхуягийн ахалсан Засгийн газрын алдаа оноог засах гэсээр байгаад юу ч хийж амжсангүй гэж сүүлд өөрийгөө өмөөрөх нэг хувилбар түүнд бий. Хэрэвзээ овоохон шиг юм хийгээд 2016 онд АН олонхи болвол тэр цээжээ дэлдээд бас сууж болно.

Тэгэхээр тэр нэгэнтээ ЕС болох магадлал өндөр байгаа ийм үед түүнийг угтан хундаганы үг хэлэх хэрэгтэй санагдана.  Гэхдээ түүний өөрийнх нь хэлсэн үгсийг өөрт нь хаяглан илгээж байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээс татгалзах болсон үндэслэлүүдээ өглөө бүр сэрэхдээ санаж байвал зохистой. Тэгж гэмээнэ Засгийн ажлыг зөв залуурдах болов уу. Ингээд түүний өөрийнх нь хэлснээс ишлэн хүргэж байна.

Тэрбээр  “Субьектив талаас нь үзвэл, ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавараас ичээд өргөлдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүйн байдлын төлөө, түүний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх. Обьектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ.  Бидний даган дуурайх дуртай хөгжингүй орнууд өнөөдөр глобаль улс төр, эдийн засгийн хямралыг даван туулахуйц сайн засаглалын эрэл хайгуул хийж байна. Харин хүнд сорил, бэрхшээлтэй тулгарч явсаар өдийг хүргэсэн Монголын парламентын засаглал өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна.

•    -Улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу,  эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлж хийх үү,

•    -Мэргэжлийн, мэргэшлийн ур чадвартай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу

•    -Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү

•    -Цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоо харгалзах уу

•    -Алсын хараатай үндэсний стратеги уу, эсвэл түр зуурын ашиг хонжоо хөөх үү,

•    -Дэлхийн эдийн засгийн мөчлөгийг харгалзах уу эсхүл сонгуулийн мөчлөгийн дөрвөн жилдээ хөтлөгдөх уу,

•    -Шинэчлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент уу, эсвэл шинэчлэлийн хэлбэр хөөсөн парламент байх уу,

•    -Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биендээ барьцаалагдан аалзны тороо сүлжээд явах уу

Энэ мэт улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрхзүйн маш олон асуудлыг хойшлуулашгүй шийдэх чадвартай парламент Монголд хэрэгтэй байна. Гэтэл тийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлага би хүлээх ёстой гэж үзэж байна.

    Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход манай парламентын ардчиллын өнөөгийн шатанд ёс суртахуун, ёс зүй хамгаас илүүтэй үгүйлэгдэж байна. УИХ цаашдаа үйл ажиллагаандаа зөв буруугийн ёс зүй, шударга ёсны ойлголт ухагдахуун, категориудыг шалгуур болгож ашигладаггүй юм аа гэхэд, ядаж ийм ойлголтууд байдаг гэдгийг санаж байгаасай гэж хүсч байна.

Ардчилсан үнэлэмж, үнэ цэнэт зүйл түгээмэл гэж ойлгогддог ч Монгол хөрсөнд буух учиртай. Тэр бууж буй хэлбэр, Монголын ардчиллын онцлог, амин сүнс бол – нийгмийн зөвшилцөл, улс төрийн зохицол толерантность, ёс зүйн харилцан ойлголцол, эдийн засгийн тэнцвэр байх ёстой. Үүнийг би өргөн утгаар нь - улс төрийн бусад хүчин, иргэний нийгмийг багтаан ойлгож байгаа юм шүү.

Энэ утгаар үзвэл бидний 24 жилийн ардчиллын чанар чансаа он цаг улирах тусам булингартаж байна. "Бидэнд амьралын хүнд бэрхийг нийгмийн хэсэг бүлгүүдэд эн тэнцүү үүрүүлж, нам хүчний харьцааг тэнцүүлж хянадаг, нийгмийн зөвшилцөлд хүргэдэг ёс суртахууны үнэлэмж, сахилга хариуцлагаас эхлээд өмчийн болон улс төрийн соёлыг хүртэл агуулсан хариуцлага дэг журамтай тогтолцоо үгүйлэгдэж байна.  Бидэнд дутагдаад байгаа зүйл бол нийгмийн зөвшилцөл. Бид үүнийг бүрдүүлж чадахгүй бол улс төрийн тогтвортой байдалд, ардчилалд хохирол учирна" гэж би 1999 онд УИХ индэрээс хэлж байсан билээ.

Дахин давтахад, хүчирхэгжсэн хоёр том гүрний дунд буй Монголын улс төрд зөвшилцлийг үгүйсгэн хүч түрэх, олонхиороо хүч түрэх нь Монголын ардчиллыг гутаан сулруулах, улмаар сөнөөж буй, Монгол төрийн эсрэг гэмт хэрэг гэж хатуухан хэлье.

II. Засаглалын харьцаа, тэнцвэрийн асуудлаар бид баримжаа зүг чигээ алдаад удлаа. Үүнийг засаж, Үндсэн хуулийн утга санаа, үг үсгийн дагуу сэргээж хамгаалах цаг болжээ. Жишээ нь, УИХ бүхний дээр гарч Засгийн газарт ажиллах боломж олгохгүй байна гэх хэсэг байхад, өөр нэг нь Засгийн газар даварлаа гэж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч 20 жилийн дотор ямар их өөрчлөгдсөнийг хүн бүр мэдэж байгаа. Улсын төсвөөс илүү шахам мөнгө төсвийн гадуур эргэлдэж байгаа нь төр засгийн байгууллага олон түмний хараа хяналтаас гарсаны тод жишээ. УИХ олон нийтийн санаа бодлын тусгал болдоггүй, нээлттэй, тунгалаг байж чадахгүй байгааг бэлээхэн жишээ. Байдал ийм маягаар өрнөж буй хариуцлагыг УИХ хүлээх ёстой.

   

Засаглалын тэнцвэрийг нэг тийш болгоочээ гэж миний бие 2004 онд УИХ-д хандан уриалга гаргаж байсныг зарим хүн мэдэж байгаа л байх. Тухайн үед "Хаан сонголт" гэж  хөөрсөөр байгаад өнгөрснийг ч санаж л байгаа байх.

    Монгол улс одоо парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг эргэлт буцалтгүй сонгомоор байна. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болбол эдгээр асуудал нэг мөр шийдэгдэж, популизмаас ангид ажил хийх боломж цаг хугацаа гүйцэтгэх засаглалд ядаж нэг жилээр нэмэгдэнэ шүү дээ.

Ялалт байгуулсан улс төрийн намын дарга нь Ерөнхий сайд болдог парламентын засаглалыг би зүйтэй гэж үздэг. Энэ тухай би 1998 нийтлэл бичиж байсан. Өнгөн талаас нь харахад өнөөдөр энэ зарчим үйлчилж байгаа мэт. Өнгийгөөд харвал Ерөнхий сайдад хоёр гол хэрэгсэл алга. Нэгд, Парламентыг тараах эрх, Хоёрт, өөрийн бодож төлөвлөснөөр Засгийн газрын танхимаа бүрдүүлэх эрх. Нэгэнт л УИХ итгээд Ерөнхий сайдыг томилсон л юм бол Засгийн газраа хүссэнээрээ байгуулах бололцоог түүнд олгох нь логик юм. Эс бөгөөс бие биеэ барьцаалсан бүлэглэлүүд өнөөдрийнх шиг төрийн ажлыг дампууруулсан хэвээр л цааш явах болно. Ер нь гүйцэтгэх засаглалын гүйцэтгэл, хариуцлага манайд тун суларч доройтсон доо.

Хэн нь Засгийн газрын гишүүн байх асуудал байнга яригддаг. Би хувьдаа ард түмнээсээ мандат аваагүй Засгийн газрын гишүүн гэдэг бол нонсенс гэж үздэг. Эрүүл саруул ухаанаар бодсон ч тийм л байх ёстой. Зарчим бол маш тодорхой байх ёстой. Ард түмнээсээ мандат авч чадаагүй Засгийн газрын гишүүн гэж байх ёсгүй. Энэ зөрчлийг шийдэхийн тулд дутуу алсан могой шиг өнөөгийн байдлаас сонгуулийн системээ гаргах хэрэгтэй. Улс төрийн намууд ч гэсэн төрийг бохирдуулж байгааг дурьдах ёстой юм.

УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд тодорхойлсон. Миний ойлголтоор  УИХ гагцхүү хууль тогтоох дээд байгууллага юм. Үүнийг цэгцлэхгүй бол спикер нь Ерөнхий сайд шиг аашлаад байна. Олон толгойтой байх юм бол төр дампуурдаг түүх бэлнээ бий. 

III.    Эдийн засгийн асуудал. Энэ сэдвээр хэдэн өдөр ч  ярихад бэлэн байна. Байдал тун ярвигтай эвгүй өрнөж байгаа шүү:

•    -Төсвийн алдагдал бараг 7-8 хувьд хүрлээ. Өрийн дарамт урьд өмнө үзэгдээгүй түвшинд хүрсэн. Үнэндээ өрөө ч тооцож чадахгүй, энэ талаар үнэнийг хэлэх чадваргүй болжээ.

•    -10 сарын өмнөхөөс бараг 30 гаруй хувиар хөрөнгө оруулалт хорогдсон, Гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарт 70 хувь, уул уурхайн салбарт 30 хувь буурсан. Хөрөнгө оруулагчдын хүлээлт сэтгэгдэл тун таагүй байгаа.

•    -Оюутолгойн хоёрдугаар ээлж үндсэндээ зогссон, хамгийн өөдрөгөөр одоо гэрээ хэлцэл байгуулж чадна гэж үзвэл бодит ажил эхэлтэл дахиад хоёр жил хэрэгтэй боллоо.

•    -Тавантолгойн дэд бүтцийн асуудал яаж шийдэх ёстой нь тун ч бүрхэг. Хүрэн нүүрсний үнэ ашиг өгөхгүй, коксжих нүүрсний үнэ хэтэрхий доогуур байна

•    -Банкны салбар тун сул дорой, эмзэг байна. Саяхан 5 дахь том банк дампуурсан. Одоо байгаа 4 томын 2 нь асуудалтай. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна.

•    -Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна.

•    -Төгрөгийн сулрал зогсох янз алга. 1740 төг. Гэтэл нийт зээлийн 1\3 нь ханшинд шууд өртөхөөр байгаа.

•    -Инфляци нэмэгдээд хоёр оронтой болсон. Нуух аргагүй боллоо.

    Байдал ингэтлээ доройтоход, эдийн засгийг тэгтлээ боймлоход хүргэсэн этгээдүүд энэ танхимд сууж л байгаа. Тэд хариуцлага хүлээх ёсгүй хэрэг үү? Өнгөрсөн 4-р сард эвгүй дохио сонсогдож эхэлсэн тухай ярьж бичиж л байсан. Тун удахгүй том компаниуд нэг нэгнээ татаад унагаад эхлэх бий дээ.

    Хөндөхгүй байх аргагүй нэг асуудал байнаа. Эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг хөндье. Өнөөдөр Монголын эдийн засгийн аюулгүй байдлын амин сүнс нь түлш, эрчим хүч.

Өөрсдөө ядаж ганц литр бензин шатахуун үйлдвэрлэж, технологийг нь эзэмшээд авмаар байна. Цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангамаар байна.  Энэ хоёрыг л өөрсдөө хангаж чадвал, хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд Монгол Улс хүрч чадна. Тийм боломжтой. Энэ тухай 2000 онд УИХ-ын  индрээс Ерөнхий Сайдын хувьд хэлж байсан. 13 жилийн дараа ч энэ асуудал шийдэгдээгүй,  ач холбогдлоо алдаагүй байна. Ирээдүйд өөр асуудал чухал болно биз, өнөөдөр ойрийн ирээдүйн хувьд бол эрчим хүч, шатахуун. 

Стратегийн энэ зорилтыг ойлгодоггүй сайд нар явах ёстой, өчиггүй явуулах ёстой. Сайд нарын зарим нь улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн, гэр бүлийнхээ, эсвэл бизнес бүлгийнхээ сонирхолыг хангахын төлөө сайд болсон мэт авирлаж байгааг саяхан Ерөнхийлөгч маань шүүмжлэж байсныг бүгд сонссон биз. Өөрөө баяжиж буйгаа улс орон хөгжиж буйтай хутгаад байна.

Авилга хэвийн үзэгдэл боллоо. Бид нарын “идэх цаг ирсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “тиймээ” гээд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Ийм эдийн засагт хөрөнгө оруулалт хийх бизнесмэн олох хэцүү, санаачлан эхлүүлсэн болгоныг төрийн нэрээр дээрэмдээд байхаар зугтахаас өөр яах билээ. "Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд" гэж Д.Бямбасүрэн гуайн ишлээд байдаг энэ шүү дээ. 

Ардчилсан намын гишүүн байж намаа шүүмжлэв, дөнгөж засаг аваад босох гэж байхад нь өөрийн байгуулсан засгаа шүүмжлээд гээд над руу дайр ч байна. Тэдний шүүмжлэлийг хүндэтгэж байна. Гэхдээ би:

-Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг учраас,

-Зөв шудрага яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас

-Хамгийн гол нь  нь надад совесть байгаа учраас УИХ гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Улс төрийн хариуцлагын үлгэрлэл үзүүлэх алхам хийж, УИХ, Засгийн газрын хариуцлагагүй шийдвэр, үйлдлийн өмнөөс хариуцлагыг би хүлээе гэж байгаа юм. Улс төрийн соёлын стандарт гэж байх учиртай. Би улс төрийн соёл, хариуцлага, энгийн ёс зүй, жудаг талаасаа зөв алхам хийсэн гэдэгтээ огт эргэлзэхгүй байна хэмээж байсан. Ер нь бол түүний эл үгс зангарагтай байсан. Харин үйлдэл нь хэрхэхийг цаашдын өдрүүд харуулна. Тэр ирвэл ирэг. Түүнд амжилт хүсье.

Б.Билэгт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • жаргал
    хэдхэн гишүүн намдаа урвуулаад засгаа дангаараа байгуулах нь зүйтэй биш үү
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
Сонин хачин