28-ын төлөөх марафон
2014/11/12

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар тодрох хүн хэн бэ гэдгийг прогнозлон харахад хялбар болоод байна. Н.Алтанхуяг огцорсны араас бараг арван хүний нэр ЕС-д яригдаж байсан өнөөдрийн тухайд гурав болон шигшигдлээ. Гэхдээ “Женко”-гийн хүн гэх тодотголтой Д.Ганбатын нэр  битүү морь шиг орж ирсэн. Яахав, түүгээр санал хуваалгах гэсэн бодлого байж болох ч, тэр ямарч байсан нэр нь яригдаж байгаа нь улстөрийн түүхэнд үлдэж таарна. За тэгээд эдгээр гурван нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдэг дээр хэвлэлүүд онилон бичиж байна.  Тэгэхээр тэр талаас нь товчхон шиг өгүүлээд гурван нэр дэвшигчийн намтар танилцуулгыг  хүргэе гэж бодлоо.

Өмнө нь ЕС-ын суудалд сууж байсан Р.Амаржаргалын тухайд үнэн хэрэгтээ бол зангараг дутах хүн гэдгээ харуулсан гэх байр сууриуд жилийн өмнөөс л яригдаж байсан. Тухайлбал,  Социалдемократ намын генсек асан, Ардчилсан намын гишүүн Л.Бямбажаргал “ За би ний нуугүй нэг зүйл хэлье. Би Р.Амаржаргалыг 1990 оноос хойш мэднэ. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн Монголын ардчилалд яг юу хийсэн юм гэдгийг нь хэлэхэд хэцүү. Нэг удаа Ерөнхий сайд хийсэн. Ерөнхий сайд хийхдээ “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэдэг л болсон. Тиймээс би Р.Амаржаргалыг сайн багш хүн л гэж боддог. Улстөрч, тэмцэгч гэдэг зүйл бол  байхгүй байх. Тойрог авах гэж бөөн юм болж байж авсан. н.Нямхүүг Увс руу хөөж байж УИХ-ын гишүүн болчихоод одоо ингэж ярина гэдгийг нь хувь хүнийхээ хувьд ойлгохгүй байгаа. Харин түүний хажууд С.Баяр бол аймаар том улстөрч. С.Баяр бид хоёр сайн найз.” хэмээн ярьж байсан удаатай. 

Ямартай ч Р.Амаржаргал намаасаа гарна гэж нэлээд асуудал үүсгэсэн. Түүнийг ЕС болох гэлээ гэхэд тэр үгүй гэж хариулсан. Гэхдээ аль нэг яамыг тэргүүлэх хэмжээний жижиг улстөрч биш гэж томорсон. Ер нь бол Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялалт дагуулахаар эрүүл харагдахаар бодлого барьж буй бол Р.Амаржаргал шиг массд эгэл энгийнээр хүрсэн хүн байхад гэмгүй. Харин одоо түүний танилцуулга намтрыг хүргэж байна.

Ринчиннямын Амаржаргал

Р.Амаржаргал  1978 онд нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Магистрын  зэрэгтэй.

Тэрбээр 1982-1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч,1983-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд,  1990-1991  онд Техникийн  Их Сургуульд багш, 1991-1996 онд Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2000-2004 онд *Амаржаргал* сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Улмаар 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр дараалан 3 дах удаагаа сонгогдоод байна.

 Р.Амаржаргал 1994 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнагдсан. Орос, англи хэлтэй.

За харин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн тухайд 27 дахь ЕС-тэй ойрын хүн харагддаг ч, цаагуураа бол Н.Алтанхуягаа унагах операци явуулсан гэгдээд буй. Эксийгээ суудлаасаа буусны маргааш гарт нь хөтлүүлээд парламентад суудалтай намын удирдлагуудтай уулзсан тэрбээр цаагуур хийгдсэн тохирооны хүн байх магадлал хамгийн өндөр. Түүнийг бусдаасаа харьцангуй нэр цэвэр гээд байгаа ч ярьвал чамгүй асуудал бий гэдгийг өмнө нь өгүүлсэн билээ. Ямартаа л  СГЗ Г.Жамьян гуай “Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг тэргүүтэй хэсэг бүлэг хүн, ард түмнийхээ итгэлийг хэзээ ч хүлээж чадахгүйгээ мэдээд ийнхүү луйвар хийсэн юм. Үндсэн хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа цагт, ямар ч хууль дүрэм үүнтэй зөрчилдөх ёсгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэц манаад сууж байх учиртай. Тэр “манаа”-нуудын байгаа царайг! Үндсэн хууль зөрчсөн энэ мэт өчнөөн луйврыг хараад, юу ч болоогүй юм шиг өндөр цалин хангамж хүртэж суугаа. Намын нэрсийн жагсаалт гэгчээр гарч ирэгсэд, тэдний дундаас Ч.Сайханбилэгийн загнаж байгааг бид өдөр бүр телевизийн дэлгэцнээс харж байгаа. Дэндүү даврах юм даа.”  гэж байсан юм. Харин одоо түүний танилцуулгыг хүргэе.

 

Чимэдийн Сайханбилэг

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил:

1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль

1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр

1995 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр

2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал:

1991 онд Монголын залуучуудын холбоонд ажилтан

1992-1997 онд Монголын залуучуудын холбоонд Нарийн бичгийн дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1997-2002 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч

1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд

2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал

2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга

2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Шагнал:

2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл

2006 онд Алтангадас одон

2011 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл:

англи, орос

Нөгөө нэр дэвшигч Д.Ганбатын тухайд  Х.Баттулгыг дагаж АН-д шургалсан Техник импортын гэх тодотголоо “Орвон” гэх хочоор сольсон нэгэн. Тэр өмнө нь 2008 оны сонгуулиар нэр дэвшээд унасан. Тэгэхдээ мөчөөгөө өгөлгүй 2012 онд даагаа нэхэн сонгогдсон юм. Түүнийг МоАХ фракциас урван  Шонхор руу орсон гээд байсан ч, хэрэг дээрээ үгүй гэж байгаа. Ер нь бол туйлбаргүй талдаа нөхөр гэх хандлага түүнийг дагадаг. Сонгуулиар гарч ирэхдээ аймгийн бүх л сумыг танигдахгүй болтол нь өөрчилнө гэж сүржигнэсэн ч, өдгөө нөхцөл байдал нь бүр дордсон учир тэр Орвон гэх хочтой болоод байгаа юм билээ. Ингээд нэр дэвшигчийн танилцуулгыг хүргэж байна.

 

 

 

 

Дашдондогийн Ганбат

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил:

1969 - 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль

1984 - 1989 онд ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн дээд сургууль Инженер, механикч мэргэжлээр

1984 - 1989 онд ЗХУ-ын Киев хотын ВГЧУ Орчуулагч мэргэжлээр

1996 - 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1982 онд Ардын армид салаа салбарын захирагч

1989 - 1992 онд Ардын армид салбарын техникийн орлогч, инженер

1992 - 1996 онд Монгол, Оросын хамтарсан *Баянбулаг* компанид дэд захирал

1996 - 1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга

1999 - 2004 онд "Техник Импорт" ХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2004 - 2012 онд "Техник Импорт" ХК-ий ерөнхий захирал

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал: 2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи, орос

Гурван нэр дэвшигчийн талаар хүргэхэд ийм байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдын асуудлаар хэлэлцэх гэж хэдэнтээ завсарлага аваад буй. Өчигдөр Бээжингээс ирсэн Ерөнхийлөгчтэй намын дарга Н.Алтанхуяг уулзаж, зөвшилцсөн. Тэгээд чухам хэн дээр тогтсон нь яг одоогоор тодорхой бус. Гэхдээ нэг их удахгүй тодорхой болох биз ээ.

Б.Билэгт

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин