VS:С.Ганбаатарын шоу юу, Т.Батмагнайгийн үнэн үү?

Ашигт малтмалын арвин баялаг, асар их мөнгөөр хэмжигдэх үйлдвэрлэлийн араас явж,  улмаар  компани хоорондын төдийгүй үндэстэн дамнасан хэлэлцээрүүдийг хийцгээдэг ангуучдын нэг Роберт Фридланд Монголын Оюутолгойг мөнгө болгон харснаас  хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монголын эдийн засагт жин дарах Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас буухаа байгаад ч удлаа. Түүнчлэн Рио Тинтогийн СЕО Сэм Уолш Засгийн газар огцорсон явдлыг  эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна гэсэн зүйлийг хэлсэн байна лээ. Тэгэхээр шинэ Засгийн газраас өөр зүйл хүлээж байгаа “Оюутолгой”-той холбоотой анхаарал татсан томоохон асуудал бол тус компанид тавиад байсан 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгон бууруулсан гэх мэдээлэл юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган татварыг тэгж бууруулсан нь далд уурхайн санхүүжилтыг шийдэхэд нэг алхам дөхсөн, хоёр талын өндөр албан тушаалтнууд уулзан төслийн татварын асуудлыг шийдсэнээр далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой болсон гэх мэдээллийг  хийсэн нь араасаа асуудал дагуулаад байгаа юм. Түүнчлэн энэ тал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ТЕГ-ын дарга Т.Батмагнай нар эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. VS булан “Оюутолгой”-н татвартай холбоотой асуудлыг онцлон хүргэж байна.  

С.Ганбаатар: Оюутолгойд улстөрийн бүлэглэлүүдийн бизнес л цэцэглэж байна

“Оюутолгой”-н гэрээ Монголчуудыг амаар нь шороо үмхүүлэхээр хэмжээнд хийгдсэн хэмээн гишүүн болсноосоо хойш байнга  ярьж яваа С.Ганбаатар 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгон бууруулсан гэх асуудлыг мөн л эсэргүүцэн босоод байгаа. Тэрбээр Татварын Ерөнхий газрынхныг цуглуулан яриа тайлбар хийснийхээ дараа “Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр энэ асуудалд гол буруутан Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат хоёр ирсэнгүй би өнөөдөртөө багтаж дээрх хоёр дээр нэмээд Батцэцэг гэсэн нийтдээ гурван хүний материалыг АТГ-т өгнө. Энэ олон улсын байцаагчид Оюутолгойн төлөөгүй татварын тоо хэмжээг хоёр жил орчим судлаад тавьсан актаа өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд өгсөн байтал зургаадугаар сарын 13 хүртэл бүтэн дөрвөн сар дарж байгаад гаргаж ирэхдээ 130 сая ам. долларыг 30 болгож монголчуудыг илт доромжлон басамжилсан. Үүний цаана маш том санхүүгийн луйвар, авлига хээл хахуулийн хэрэг дарагдаж байгааг яаралтай нягтлан тодруулах шаардлагатай. Татварын Ерөнхий газрын удирдлага, Сангийн яамны эрх бүхий этгээдүүд ийм ноцтой баримтыг дөрвөн сар нуун дарагдуулсан нь өөрөө АТГ-т хэрэг үүсгэн шалгах наад захын баримт мөн. Хоёрдугаарт улсын байцаагч нарыг тавьсан актынхаа төлөө гомдол гаргаж, тайлбар өгүүлээгүй гэдэг үндэслэлээр би дээрх гурван этгээдийн материалыг АТГ-т өгөх болно. Монгол Улс хуулиараа уул уурхайгаасаа зүй ёсны татвар, хураамж авах ёстой. Сая би татварын маргаан таслах комиссын гишүүдээс “Энэ Оюутолгойн гэрээ Олон улсын гэрээ мөн үү” гэж асуухад бүгдээрээ нэгэн дуугаар “Энэ бол Олон улсын гэрээ биш” гэсэн хариу тайлбар өгч байна. Ингэхээр Оюутолгойн татвартай холбоотой маргаанд Монгол Улсын Татварын тухай хууль нь нэг номер барих ёстой хүчин төгөлдөр хууль гэсэн үг юм. Энэ бол Олон улсын гэрээгээр зохицуулагдах ямар ч эрх зүйн чадамжгүй асуудал...  Монголын ард түмний эрх ашгаас урван тэрсэлсэн хэдхэн хүний балгаар монголчууд Оюутолгойгоосоо 70 жил татвар авч чадахгүй ч байж болзошгүй нөхцөл бүрдчихлээ. Энэ бол үр дагавар, уршиг нь үнэхээр аюултай зүйл. Энэ аюултай ажил хийсэн хүмүүсийг холбогдох газраар нь шалгуулж үнэн зөвийг эцэслэн тогтоох­ын төлөө тэмцэх нь миний иргэний болоод улстөрчийн үүрэг юм... Одоогоор Оюутолгойн зардал гэдэг нэртэй, хамгийн гол нь манай улстөрийн бүлэглэлүүдийн бараа бүтээгдэхүүнээ хэд дахин өндөр үнээр шахдаг бизнес л цэцэглэж байна. Хэн хэний эзэмшлийн компани Оюутолгойд бензин, хувцас хэрэглэл, хоол хүнс, тэр ч байтугай хэдэн арван жилд хүрэлцэх 00-ын цаас шахаж дэлхий даахгүй болтол баяжицгааж байгааг та бид бүгд л харж, мэдэж байгаа шүү дээ. Харин жинхэнэ баялгийн эзэд нь байх учиртай монголын ард түмэнд цэцэрлэг, сургууль, ажлын байр болж байгаа юм үнэндээ харагдахгүй шахам л байгаа. Энэ байдлыг, Оюутолгойд хэн хэний компани юу юу шахаж хэдэн арван тэрбумаар нь халааслаж суугааг дараа дараагийн удаа ил тод зарлана хэмээн “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байгаа. Харин Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Монгол Улс 2014 онд 130 сая ам.доллар буюу 263.7 тэрбум төгрөгийг татвартаа авах байсан. Энэ мөнгийг татварт авахын тул улсын байцаагч нар хоёр жил Оюутолгойд шалгалт хийж ажилласан. Гэтэл энэ мөнгийг Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат гэх хүмүүс нуун дарагдуулж 30 сая болгосон байна. Ингэснээр 184 тэрбум төгрөгөөр монголын ард түмнийг хохироолоо. Энэ асуудалтай холбоотой мэдээллийг би авъя гэж татварынханд хандсан.  Гэтэл татварын газраас “Нууцлалын зэрэгтэй, Оюутолгойд л мэдээлэл өгнө” гэсэн. Би УИХ-ын гишүүн. Хуулиараа ямар ч мэдээллийг авах ёстой. Ард иргэдээ төлөөлөөд энэ асуудлыг ярих ёстой, мэдээлэл авах эрхтэй.” гэсэн юм.

Тэгвэл 100 сая ам.долларын татварыг нуун дарагдуулсан гэх асуудалд ороод байгаа ТЕГ-ын дарга Т.Батмагнай юу өгүүлснийг хүргэе.

Т.Батмагнай: С.Ганбаатар улстөрийн шоу хийлээ

Тэр хамгийн сүүлийн байдлаар бол Оюутолгойн асуудлыг шалгах ёстой хүмүүс нь шалгаж байгаа учраас өөрөө  тайлбар өгөх шаардлагагүй гэжээ. Тэгвэл  өмнө нь Татварынхан ямар байр суурьтай байсныг харъя. Татварын ерөнхий газраас  “Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад шалгалт хийхэд албан татвар дутуу төлсөн болон санхүүгийн бусад зөрчил илэрсэн байдаг. Тиймээс төлөөгүй байгаа татвар, түүний торгууль гээд нийт 130 сая ам.долларыг төлөх тухай албан ёсны мэдэгдлийг “Оюутолгой”-гоос хувьцаа эзэмшдэг “Туркоиз Хилл ресурс” компанид хүргүүлжээ. Харин “Рио Тинто” компанийн зүгээс “Хэрвээ Монгол Улсын Засгийн газар татвар болон торгуулийн мөнгө нэхэмжилж байгаагаа зогсоохгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзээд олон улсын Арбитрын шүүхэд хандана” хэмээн мэдэгдсэн юм. Түүний дараа татварын маргааныг шийдвэрлэхгүй бол ТЭЗҮ-ийг ч хойшлуулж магадгүй нөхцөл үүсээд байгаа талаар яригдсан нь, том төсөл гацаж эдийн засагт илүү их хүндрэл үүсэх нь гэдэг асуудал яригдахад хүрсэн. Түүнчлэн манай талаас 130 сая ам.доллар нэхэмжлэхээ болихгүй бол олон улсын Арбитрын шүүхэд хандана гэхчлэн дарамталсны учраас манайхан буулт хийсэн үү гэдэг асуудал бас гараад буй.

Харин ТЕГ-ын дарга Т.Батмагнай хэвлэлд ярихдаа  “-УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулиа мэдэхгүй, компанийн нууцад хамаарах хуулиас давсан материалыг төрийн байгууллагаас шаардаж байна. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хууль хяналт, прокурорын байгууллагаас хүссэн тохиолдолд тухайн асуудалд шаардлагатай мэдээллийг өгөх үүрэгтэй. Татвартай холбоотой Оюутолгой компаниас гаргасан гомдлын дагуу Маргаан таслах зөвлөл хуралдаж, есдүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гарсныг бид цаг тухайд нь олон нийтэд мэдээлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар намрын чуулган эхлэнгүүт энэ асуудлыг гэнэт гаргаж ирснийг улс төрийн шоу хийлээ гэж харж байна. Оюутолгойн татвартай холбоотой материал манай байгууллагад байгаа гаргаад өгвөл бид дөрвөн хууль зөрчинө. Нөгөө талдаа 130 сая ам.долларыг 30 сая ам.доллар болгон бууруулсан нь Оюутолгойг татвараас чөлөөлсөн хэрэг биш. Оюутолгой компанид татварын улсын байцаагчийн хяналт шалгалт орсон. Анхан шатны бичиг баримт сахилга бат алга байсан. Бичиг баримт нь Улаанбаатарт, Ханбогд суманд, Хятадын Бээжин, Шанхай хот гэсэн дөрвөн газарт байсан. Үүнтэй холбоотойгор Шанхайгаас 5 тоннын чингэлэг англи, хятад хэл дээр материал ирснийг орчуулах зэрэг хүндрэл учирсан. Үүн дээр бид татвар төлөгчийг буруутгасан. Шалгалт оруулах явцад шаардлагатай материалыг хангаж өгөөгүй учир татварын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд байгаа баримтад үндэслэн акт бичих эрхтэй. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд байцаагч 130 сая ам.долларын акт бичсэн. Энэ асуудлыг маргаан таслах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх үед Оюутолгой компани шаардлагатай материалыг гаргаж ирсэн. Уг бичиг баримтад үндэслэн дүгнэлт гаргаад, 30 сая ам.долларын татвар төлөх шийдвэр гаргалаа. Маргаан таслах зөвлөл Оюутолгойг татвараас чөлөөлөөгүй, тийм эрх зөвлөлд ч байхгүй гэж ярьсан байгаа юм.

Тэгэхээр С.Ганбаатар гишүүний тухайд ТЕГ-ыг улстөрчдийн гар хөл болж ажиллалаа гэсэн зүйлийг хэлээд байдаг. Харин Т.Батмагнайгийн хувьд С.Ганбаатарыг худлаа шоу хийлээ гээд байдаг. Шоу юу, Шоу биш үү гэдгийг өнөөдрийн тухайд энэ хоёр хүн дэнсэлж байгаа хэрэг биш. Гэхдээ эрх бүхий албан тушаалтнуудын байр суурь учраас VS онцоллоо.

Б.Билэгт

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025