ЕС болохыг санаархагчид ба Гэрээ
2014/11/10

АН болоод МАХН-ын хоёр даргын үзэглэсэн 2024 он хүртэлх гэрээ өнгөрсөн амралтын өдөр хүчингүй болсон уу гэдэг дээр МАХН-ынхан ямар байр суурьтай байгаа нь анхаарал татаж буй. Ямартай ч  Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаас тус гэрээг хүчингүй болгох тогтоол гарсан  юм. Тэгэхээр гэрээний нөгөө тал МАХН-ын нөхдүүд ямар байр суурьтай байгаа нь анхаарал татсан асуудал.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Цолмон  гэрээ хүчингүй болсон асуудлын талаар “Нэг нам дангаараа Парламентад 60-70 хувийн санал авдаг үе өнгөрсөн. Ер нь бол өнөөдрийн улс төрийн тогтолцоо намуудыг сонгуулийн өмнө буюу хойно хамтран ажиллах, эвсэхээс өөр сонголтгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн хоёр нам ээлжлэн засгийн эрх барьдаг АНУ маягийн хэвшил өөрчлөгдөөд, Герман шиг гурав, дөрвөн улс төрийн нам нэгдэж, засгийн эрх барих загвар манайд орж ирсэн. Ийм цаг үед энэ гэрээ байж болох хувилбар. АН-ын удирдах дээд байгууллага энэ нөхцлийг харгалзан үзэх ёстой байсан” хэмээн ярив. Түүнчлэн “АН УИХ-д хамгийн олон суудал авсан болохоос олонх болоогүй. АН Парламентад 51 хувийн санал авсан байсан ч засгийн эрхийг удаан, тогтвортой барих боломж хязгаарлагдмал. Улс төрийн нөхцөл байдал ийм хэмжээнд явж буй учраас манай намын дарга Н.Энхбаяр гэрээ байгуулсан. Яахав, өнөөдөр гэрээ хүчингүй болж байгаа ч сонгууль дөхөхөөр дахиад гэрээ байгуулах асуудал хөндөгдөх байх.

-Би энэ гэрээг өрсөлдөгчдөө буланд шахсан гэрээ гэж үзэхгүй. Улс төрийн намууд Парламентэд олонх болох хэмжээний суудал авч чадахгүй болсон ийм цаг үед аль ч улс төрийн намууд тодорхой гэрээтэй ажиллах ёстой. Жишээ нь, МАН, МАХН хоёр хоёулаа социал демократ үзэлтэй. Тэд энэ үзэлдээ нэгдэж гэрээ байгуулахыг хэн ч үгүйсгэхгүй. Одоо бид асуудлыг жаахан эрүүлээр харах цаг болсон байх. Энэ улс төрийн намууд нэг нэгнээ нүхэнд унагах биш эсрэгээр нэгдэж, хамтраад улс орноо хөгжүүлэх, хоёр хөрш болон бусад улс оронтой хамтран ажиллаж, нөгөө талаар өрсөлдөх бодлогоо тодорхойлж баймаар юм. Хамтын ажиллагааны гэрээний үр дүнд ийм чадварлаг улс төрийн баг бүрдэх ёстой.” гэсэн байна.

Ер нь бол  гэрээ өнөөдөр хүчинтэй хэвээр байгаа. Гэрээг хүчингүй болгох тухай заалт гэрээн дотор бий. Тэр заалтаа үндэслэн хүчингүй болгох бол өөр хэрэг хэмээн О.Баасанхүү гишүүн хэлсэн байна. Түүний ярьж буйгаар  тэрхүү гэрээг  байгуулах  асуудал аль хоёр жилийн өмнөөс яригдаж, МАХН-аас   Л.Цог, Д.Тэрбишдагва  хоёр  гэрээний заалт дээр суугаад боловсруулж байсан гэнэ. Тэгээд АН-аас З.Энхболд   гэрээ байгуулах санааг гаргаж, анхны төслийг нь гаргасан ажээ. Мөн  Ч.Сайханбилэг ч гэрээний талаар сайн мэдэж байгаа, ганц  Н.Алтанхуяг  гэдэг хүн Н.Энхбаяртай яриад шийдчихээгүй гэсэн байна. Бүр Э.Бат-Үүл дарга ч хоёр жилийн өмнөөс гэрээний талаар үзэж дуулсан байх учиртайг тэр хэлжээ.

Тэгэхээр О.Баасанхүүгийн хэлээд байгаа нь үнэн бол тэрхүү гэрээг үзэн ядаад байсан Э.Бат-Үүл дарга ч өөрөө асуудалд ороогдох нь. Нэг ёсондоо гэрээг өлгөн авч шоу хийсэн үү гэдэг асуудал Үүл баатар тийш цохогдон яригдахад хүрэхээр болж байна. Ерөөс ЕС-д нэр дэвшигчид бүгдээрээ тэр гэрээг мэдэж байсан уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Б.Билэгт

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин