Хоёрдугаар хоолон дээр дуулах ер нь дэмий байдаг юм ш дээ
Би нөхрөөсөө сална гэдэг хатуу тоглоомыг 2001 оноос эхэлж амжилттай тоглож эхэлсэн. Тэгээд тэр тоглоомоо аягүй сайн үргэлжлүүлж байгаа. Б.Сарантуяа
Эрхэм уншигч та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэе. Өнөөдрөөс сайхан маргааш, өчигдрөөс сайхан өнөөдөр байдаг болохоор бид үргэлж эрч хүчтэйгээр урагш тэмүүлэн амьдралын саад бартааг туучин урагшилсаар байна. Өвөл байтлаа намар юм шиг, тогтуун атлаа улстөрийн уур амьсгал усны мандал доорх чимээгүй дайн шиг эрчимжиж буй энэ өдрүүдэд Гранд педиа дараагийн зочныхоо амьдралыг хүүрнэх гэж байна.
Поп хатагтай Батмөнхийн Сарантуяа манай Гранд педиагийн хойморт заларлаа. Тэр бол цалгисан их авьяас, эмэгтэй хүний хатан тэвчээр, амьдралын ухаан, эр зоригийн илэрхийлэл болсон бүсгүй юм. Хамгийн гол нь эр хүнгүй ч байсан бүсгүй хүн хэрхэн бартаа саадыг даван туулж толгой дээгүүр бардам амьдардаг болохыг түүний амьдрал замналаас харж болох юм. Ингээд Батмөнхийн Сарантуяагийн ертөнцөд таныг урьж байна.
Батмөнхийн Сарантуяа
Төрсөн өдөр: 1970-04-20. Сонирхуулахад, Энэ өдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан, А.Гитлер нар мэндэлсэн юм.
Мэргэшил: Дуучин
Боловсрол: Дээд
• Орос дунд сургууль
• ХАА-н Их Сургууль
• Соёл урлагийн Их Сургууль
Эзэмшсэн хэл: Герман, Орос, Англи
Аав: Барилгын инженер
Ээж: Хэлний мэргэжилтэй
Эгч: Б.Сарангуа
Эрэгтэй дүү: Б.Төмөр
Хүү: Б.Эрхэмбилэг
Охин: О.Хулан
Нөхөр:
• Дуучин Н.Ганхуяг, салсан.
• Бизнесмэн Л.Болдхуяг, салсан. Тэд нэг хүүтэй.
Хуучин байсан хамтлаг:
• Мөнгөн харандаа
• Хөх тэнгэр
Дуртай хамтлаг: Queen, Whitney Housten
Анхны цомог: Зүүдний говь, 1992
Шаргал үстийн шавь Монташка
Ирээдүйн нэрт дуучны аав Монгол, харин ээж нь Якут гэдгийг олон хүн мэдэх билээ. Хөдөө эмээгийндээ очихдоо нэг баярлана, Якутын буухал ээж дээрээ очихдоо дахин нэг баярладаг түүний догодлол одоо ч хэвээр. Сараагийн хүүхэд насных нь хамгийн нандин үе нь дунд сургуульд сурч байх үе гэдэг. Тэрээр нэг зүйлийг илүү ихээр санадаг. Тэр нь анх 23 дугаар сургуулийн 1 дүгээр ангид Любовь Антоновна хэмээх шаргал үстэй багшийн сурагч болсон мөч. Мөн дуучин болох, дуунд дуртай болоход нь хамгийн их нөлөөлсөн хүн нь тэр билээ.
Зөвлөлтийн “школ” салхилсан үед Зөвлөлтийн 9 дүгээр сургууль төгссөн болоод ч тэр үү орос хэлээр тун дажгүй ярьчихдаг. Мөн англи, герман хэлээр ч хүнтэй ойлголцчихдог. Нэг нууц хэлэхэд Сарааг монхор хамартай болохоор “Монташка” хэмээн хочилдог байсан гэдэг .
Б.Сарантуяа дунд сургуульд байхдаа ангийн найз охин Р.Лхамжав /одоогийн дуучин Лхамаа/-тайгаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байсан бөгөөд тэд “Модерн Токинг”, “Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байжээ. Поп хатагтай маань тухайн үед хит болж байсан “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг үнэхээр гоё дуулдаг байсан гэдэг.
Сараагийн хамгийн дургүй хичээл нь биеийн тамир. Поп хатагтай энэ талаар “Дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дүн авна. Ганц дургүй хичээл минь байсан. Долдугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын хичээлд орохоо больсон” хэмээн өгүүлсэн нь бий.
“Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул нэр хүндтэй од охин болж эхэлсэн тул цаг ямагт үеийнхээ хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байж. Түүнд хайр дурлалын захиа цөөнгүй ирдэг байсан ч онцгой хөвгүүд байгаагүй учир тоогоогүй.
Түүний өөрөөсөө ч нуух нь холгүй байдаг анхны хайр 15-16 настай байхад ирсэн ч бүтээгүй. Түүний төлөө одоо ч зүрхээ сугалахад бэлэн эрчүүд байдаг. Хэдэн жилийн өмнө хоёр давхрын тагтан дээр нь нэгэн хүн цэцэг уясан удаатай. Энэ талаар Б.Сарантуяа “Одоо хүртэл түүнийг олоогүй. Тэр эрэлхэг, даруу хүн нэр усаа хэлээч ээ! Намайг хүнд хэцүү цагт урам хайрлаж байсан учраас талархал илэрхийлэхийг би чин сэтгэлээсээ хүсдэг. Ямар ч дуучинд ингэж байгаагүй байх. Бас намайг хүндэлдэг, хайрладаг фен клубт баярлаж байдаг” гэжээ.
Сараа багадаа тэшүүрийн спортоор хичээллэдэг байсан ба 1996 оноос одоог хүртэл бялдаржуулах урлагаар хичээллэж байгаа юм. Магадгүй түүний хэмжээлшгүй эрч хүч, дайчин чанараа хадгалж чадсаны нууц энэ ч байж мэдэх юм шүү. Товчхондоо, тэр дотоод сэтгэлийн асар их хүчтэй энергитэй хүн юм шигээ.
Бусад шиг алтан дундаж бариад магтуулах ч үгүй муулуулах ч үгүй яваад байх надад зохидоггүй. Б.Сарантуяа
Шагнал: 1988 онд нийслэлийн хамтлагуудын шилдэг дуучны шагнал хvртэж байсан "Зууны манлай эстрадын дуучин” маань "Ая дууны жигvvр” наадмын улирлын болон жилийн тэргvvн байрын шагналыг гурван удаа гардсан тeдийгvй "Пентатоник” наадмын шилдэг дуучнаар мeн гурвантаа шалгарч байв.
"Алтан микрофон” наадмын "Шилдэг менежмент”, "Аялан тоглолт”, "Медиа стар” шагналын эзэн тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод 1991 онд болсон Азийн дуу дуулаачдын наадмаас мeнгeн медаль, Казахстанд 1993 онд зохиогдсон "Азийн дуу хоолой” наадмаас “Гран-при” шагнал, 1994 онд "Супер стиль” наадмаас цомын шагнал авч байжээ.
2005 онд хөдөлмөр, авъяасыг нь үнэлэн түүнд Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртээв. “Зүүдний говь”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Миний дуу”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Тэгвэл хоёулаа”, “Saraa De Mооn”, “Би жаргалтай”, “Шинэ жилийн аялгуу”, “Өнөөдөр ирсэн дурлал”, “Төрсөн өдрийн аялгуу” зэрэг цомгууд гаргаж байсан.
Олон хүмүүс түүнийг дуучин Т.Ариунаатай жишиж, харьцуулж, өрсөлдүүлэн ярьдаг. Гэхдээ уран бүтээийн тал дээр үй зайгүй андууд.
Би дургүй ...
Тэрээр нэгэн ярилцлагандаа ийн ярьсан байдаг. Магадгүй түүний хамгийн дургүй зүйл бололтой. Найран дээр “Сэхүүн салхи”-ийг дуулах сэхүүн ааш аягтай хүн магадгүй түүнээс өөр байхгүй болов уу.
-Аягүй том хүлээн авалтад, урилгыг нь хүндэтгээд очихоор урдаас нэг тийм үл тоомсорлосон, үл анхаарсан байдалтай байхад би ер нь жоохон дургүй л дээ. Гэвч үнэхээрийн дуулах ёстой, хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн арга хэмжээнд очихоос өөр арга байхгүй. Гэхдээ хоёрдугаар хоолон дээр дуулах онцгүй байдаг юм ш дээ. (инээв) Манайх ч ганцаараа ийм биш Оросод ч гэсэн ялгаагүй. Том тайзнаасаа илүү жижиг арга хэмжээний үед, янз бүрийн үдэшлэгүүд дээрээ оросын дуучид их хөлждөг.Амьжиргааных нь бас л нэг гол эх үүсвэр байдаг юм билээ л дээ. Тэрэнтэй адилхан манайхан хүлээн авалтад их оролцдог. Хурим, найр, бусад арга хэмжээнүүдэд. Энэ байдлаас ангид амьдрана гэж байхгүй шүү дээ.
Манайхан цөөхүүлээ. Явж байгаа жим маань нарийхан. Тэр орой миний дуулсан дуу танд их таалагдсан юм шиг байна. Надад ч гэсэн тэр агшинд тэр дуу их хэрэгтэй байсан юм шиг санагдсан. Би болж байгаа арга хэмжээн дээр тайзнаас үзэгчдийн дунд ямар байгааг, юу болж байгааг сайн мэдэрч дуулдаг л даа.
Яагаад гэвэл нөгөө л салсан нөхрөөсөө тэтгэмжийн мөнгө салгаад, эсвэл баян боссуудын өврийг хэсээд л явдаг эмэгтэй гэж боддог байсан хэсэгт нь бодит байдал нь шал өөр юм байна. Бор зүрхээрээ амьдардаг юм байна гэдгийг маань ил тод гаргаж өгсөн байж болох юм л даа.Би нөхрөөсөө сална гэдэг хатуу тоглоомыг 2001 оноос эхэлж амжилттай тоглож эхэлсэн. Тэгээд тэр тоглоомоо аягүй сайн үргэлжлүүлж байгаа. Эхэлсэн л юм чинь тоглоомын дүрмийн дагуу л явж байгаа. Нэг ч удаа би салсан нөхөртөө хэцүү байна гэж уйлагнаж үзээгүй. Гүрийгээд л энэ амьдралыг өөрийнхөөрөө туулж яваа.
Салсан нөхрөө ирэхэд хуушуур хайрч өгдөг
Б.Сарантуяа нэгэнтээ “Би Болдхуягийг ирэхэд нь сайхан хуушуур хайрч өгөөд л явуулдаг. Гэхдээ иймээ тиймээ харилцаа байхгүй” гэж хэлж байсан удаатай. Хүүхдүүдээ тойруулан нас өндөр болсон ээжийгээ тойлж амьдардаг бүсгүй “Шинэ төгөл” хотхонд төвхнөсөн. Хэдий тэр эрчүүдтэй нэр холбогдож хэрхэн салж нийлсэн нь олны нүдэнд илхэн байдаг боловч энэ бол түүний хөдөлмөрийн үр шимээр боссон амьдрал юм. Өнгөрснөө сөхөх, бэлтэй эрчүүдийн түрийвчинд наалдсан хачиг шиг амьдрах мэтийн зан түүнээс цухуйх ч үгүй. Тиймдээ ч хүлээн авалтан дээр дуулахдаа тэгтлээ жийрхдэггүй, одоо болтол оддын өвчин тусаагүй яваа болов уу.
Жинхэнэ од, SUPER STAR мөртлөө энгийн даруу байдлаараа олны хайр хүндлэлийг хүлээсэн Сараагийн төрсөн өдөр жил бүрийн 4-р сарын 20-нд нижгэр болдог. Монголын урлагийн ертөнцөд түүн шиг нэр хүндтэй, бахархал дүүрэн төрсөн өдөр хийдэг хүн үгүй болов уу. Сараагийн төрсөн өдрийн тоглолт фэнүүдийнх нь хамгийн сэтгэл догдлон хүлээдэг мөч байдаг юм. Нас 40 гараад намба суусан уу тэр даруухан тэмдэглэх болсон. Гэвч фэнүүд нь тоглолт зарлагдах л юм бол үргэлж шуугин очиход бэлэн байдаг билээ.
Ийм нэгэн бүсгүйн амьдралын хуудсыг зах зухаас нь сөхлөө. Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг. Нас болгон өөр өөрийн уянгатай, уянга болгон амьдралд гэрэл гялбуулан аз жаргалыг эгшиглүүлэх нь бий. Энэ насанд хэрхэн гуниггүй, инээж, бусдаар хүрээлүүлж, сайн ээж, сайн дуучин байж болох вэ гэвэл Сараагийн амьдралыг харахад болно.
Өдөр болгон шинэ од төрж, 24 цаг нь дуусаагүй шахуу байхад бүдгэрэх болсон энэ нийгэмд жинхэнэ од шиг амьдарч байгаа, урлагтаа үнэнч эрхмүүд хуруу дарам цөөн үлджээ. Олны танил од байх гэдэг зүгээр нэг тансаг амьдралд хүрэх шат, хэн нэгний түрийвчтэй “гэрлэх” тасалбар биш л юмсан. Энэнээс өөр арга алга байна шүү дээ гэж бодож байгаа хүн байвал эхнээс нь дуустал дахин нэг уншаарай.
Тийм ээ, жинхэнэ поп хатагтай юмаа, Батмөнхийн Сарантуяа та! Таныг харж үлгэр дуурайлал авах мянга мянган өрх толгойлсон зорилгодоо үнэнч ээжүүдийн өмнөөс мэхийн ёсолмоор байна. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан таныг ивээсээр ирсэн, цаашдаа ч мэлмийдээ тольдон соёрхох бизээ.
Б.Ундрал
Сэтгэгдэл (44)